Канадын нэрт дуучин Шанайя Твейн өнгөрсөн Бямба гарагт Чикаго хотын Тинли парк дахь "Кредит Юнион 1 Амфитеатр"-д болсон "Queen of Me" тоглолтынхоо үеэр тайзан дээр халтирч унажээ.

Өдгөө 57 настай кантри-поп од "Don't Be Stupid" дуугаа дуулахдаа өвдөг давсан түрийтэй, өндөр өсгийтэй гутал өмссөн байсан бөгөөд гутал нь гулгасны улмаас халтирч унасан аж. Тэрбээр унасныхаа дараа "Битгий тэнэглэ, Чикаго!, Чамд хайртайг минь чи мэднэ дээ!" гэж хашгираад, хурдхан гэгч босоод, дуугаа үргэлжлүүлэн дуулжээ.

Твейн өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан "Queen of Me" нэртэй зургаа дахь цомгоо толилуулах үүднээс Хойд Америк, Европ даяар тав дахь тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна.

Дуучин бүсгүй долдугаар сарын 3-нд Нью-Йоркийн "Бетел Вудс" урлагийн төвд, ирэх арваннэгдүгээр сарын 14-нд төрөлх Канаддаа, Ванкуверын "Рожерс Арена"-д тоглох ажээ.

Твейн тоглолтынхоо талаар ярихдаа "Хэзээ ч амьдаар дуулж байгаагүй, эсвэл удтал дуулаагүй, шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлд хоногшсон, үнэхээр гайхалтай сайхан дуунуудаа дуулна" гэжээ.

Дуучин, ая зохиогч Шанайя Твен мөн саяхан Английн уран бүтээлч Анн-Маритай энэ сарын 28-нд гарах, түүний цомгийн хамгийн сүүлийн сингл болох "Unhealthy" дуун дээр хамтран ажилласан байна.