Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүй өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг
"Нийгмийн даатгалын сан маш их алдагдалтай, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж сүүлийн үед ихээр ярьж байна. Үүнд тайлбар өгье. Байдал тийм ч муу биш байна. 

Нийгмийн даатгалын сангийн харилцах болон хадгаламжийн үлдэгдэл 1.1 их наяд төгрөг байна. Тэтгэврийн даатгалын сангийн үлдэгдэл сүүлийн хоёр жил ОУВС-тай хамтарч Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд сайжирсан. Хоёр жилийн өмнө арилжааны банкнаас сарын хугацаатай эх үүсвэр авч, тэтгэвэр тавьдаг байсан. Одоо бол өөрийнхөө орлогоор тэтгэвэр тавьдаг, хоёр сарын нөөцтэй болсон. Хэрвээ цаашид энэ хоригийг хүлээж аваад орлого бууруулвал сарын орлогоороо сарынхаа тэтгэврийг тавих байдал руу орно. 

Ер нь бол төрөөс баримталж буй бодлого тогтворгүйгаас шалтгаалж, нийгмийн даатгалын байдал хүндэрч буйг улстөрчид ойлгох хэрэгтэй. 2008 онд АН 4:10-ын бодлого нэвтрүүлнэ гээд НДШ-ийг 5 хувиар бууруулсан. Тэрний гороос болж НДШ-ийн орлого нэлээд хэмжээгээр буурч байна. Энэ хугацаанд бид 1.8 их наядын орлого алдсан гэсэн тооцоо гарсан.

Мөн өмнөх УИХ 4 жилийн өмнө ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль хэрэгжүүлсэн. Тус хуулийн хүрээнд ажил хийгээгүй хүмүүсийг ажилсан жилд, шимтгэл төлөөлөгүй иргэдийг төлсөнд тооцсон. НДШ төлөхдөө 1995 оны 9500 төгрөг төлөхөөс 950 төгрөг төлүүлээд НДШ төлөгч болгосон. Энэ хууль сүүлийн 4 жилийн дотор Нийгмийн даатгалын санд 700 тэрбум төгрөгийн зардлыг нэмэгдүүлсэн. Энэ мэт төрийн тогтворгүй байдлын бодлогоос тус сангийн асуудал хүндэрч байгаа. 

2017 оны 4 дүгээр сард хууль батлагдсаны дараагаар шинэ Засгийн газар байгуулагдаж, 2018 оны нэгдүгээр сард Үлдвэрчний эвлэлийн холбоотой хамтарсан ажлын хэсэг байгуулж, НДШ, тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн нь иргэдийн амьжиргаа болон хөдөлмөрийн нөхцөлд хэрхэн нөлөөлж буй судалсан. 

Судалгааны дүнгээр НДШ-ийг 5 хувиар нэмснийг бууруулах боломж алга. Тэтгэврийн насыг 6 сараар нэмэгдүүлснийг 3 сар болгоё, хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарсан иргэдийн тэгвэрийг нэмэхээ болъё гэсэн ойлголцолд хүрч, хуульд өөрчлөлт оруулсан" хэмээлээ.