Х-ТҮЦ продакшны жүжигчин,  "Өрийн дэвтэр" влогийн хөтлөгч С.Батзоригтой ярилцлаа. 

-Таны жингээ хассан түүхээр ярилцлагаа эхлүүлье? 

-Би угийн мяраалаг хүүхэд байсан. Хүүхдийн ордны драмын дугуйланд орсон үеэс надад дандаа баавгай, эрх хүүхэд гээд дандаа том биетэй дүр оногдож ирсэн. Очсон газар болгондоо л  хамгийн бүдүүн нь болж таардаг байв. (инээв)

Жилийн өмнөх хөл хорионы өмнөхөн жингээ нэг үзтэл 97 кг болчихсон байлаа . “Нэг сайн идэж аваад л 100 кг хүрэх нь” гэж бодоод жингээ хасъя гэж шийдсэн. 

Гэтэл яг тэр үеэр Бодибилдингийн спортын Олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн “Гавьяатын найр”-ыг хөтлөж таардаг юм. 

Пүү(уулга алдав). Тэнд 400 гаруй зочин ирсэн юм. Хаашаа л харна гоолиг, булчин шөрмөс нь зангирсан хүмүүс. Ерөөсөө тэнд байгаа ганцхан тарган хүн нь би.(инээв)  

Тэгээд л ичээд “Ерөөсөө л туръя” гэж шийдсэн дээ. 

Бичлэг үзэх:

 

-Өмнө нь жингээ хаях гэж оролдож байв уу? 

-Жингээ хаяна гэж байнга л ярьж ирсэн. Ёстой төрөл бүрээр л үзэж, туршиж үзсэн дээ. Фитнесс, спинингээр ч хичээллэж байлаа. Интернэтээр хаа сайгүй шэйрлэгддэг зөвлөгөөнүүдийг ч дагаж байлаа. Жишээ нь арав хоногт 10 кг турах арга, лемонтой усны зөвлөгөө, өндөгний дэглэм гээд туршиж үзэлгүй яахав. Нэмэргүй юм билээ. Ганц хоёр кг хаяад л больчихно.

Тэгээд л өөртөө “Энэ удаа худлаа боллоо. Дараа сараас жингээ хасна, зунаас өмнө жимбийнэ. Зун худлаа боллоо, ерөөсөө шинэ жилээс өмнө л турчихна” гээд л өчнөөн удаа хойшлуулж байсан. 


-Энэ удаад хэрхэн тууштай үргэлжлүүлсэн бэ? 

-Ер нь жингээ хаяхад тохирсон өдөр, цаг улирал гэж байхгүй юм билээ. Гол нь хүн өөртөө сайн  итгэж, өөрийгөө хянах ёстой. 

Хоолны дэглэм барьж, дасгал хийж эхлээд яг жилийн хугацаа өнгөрчээ. Одоо л үүний сайхныг нь мэдрээд хичээл зүтгэлээ талаар өнгөрүүлэхгүй гээд л тэвчээр зааж явна. 

Дэглэмд орохдоо хоёр зүйлийг сайн сайн ойлгосон. 

Нэгдүгээрт, өөртөө цаг заавал гаргана. Би 7 цагт фитнесс төв дээрээ очоод кардио хийдэг. Тахианы цээж мах, ногооноос өөр зүйл идэхгүй учраас эртлэн босож хоолоо бэлтгэдэг. Мэдээж хоол ундаа зэхэж, дасгалаа хийх цагаа гаргахын тулд өглөө 5 цагт босож байж л амжина. Тэгэхээр дасгал хөдөлгөөндөө, өөртөө зориулж цаг гаргаж сурах хэрэгтэй юм билээ. 

Хоёрдугаарт, орчноо бүрдүүлэх ёстой. Анх намайг жингээ хаяна гэхэд хүмүүс итгээгүй “Ай мэдэхгүй” гээд л намайг цаашлуулна. 

Тууштай хэдэн сар хичээлээд эхлэхээр хүмүүс аяндаа ойлгож эхэлнэ. Саяхан гэхэд “Товчхондоо” киноныхоо зураг авалтыг дуусгалаа. Хоол идэх үед манай кино багийнхан бүгд намайг ойлгож дэмжсэн. 

Тогооч маань хүртэл надад зориулж тахианы цээж махаар хоол хийнэ, бусад маань ч надтай ойрхон сууж хурц хоол үнэртүүлэхгүйг хичээцгээнэ. Ингээд ирэхээр хүн чинь наанадаж нэрээ бодно. Хүн хичээгээд тэр хэрээрээ өөрчлөлт гарахаар урам аваад тэсвэр, тэвчээртэй болдог юм билээ. 


-Хүмүүс хэрхэн жингээ хаясан талаар нь хэр их асууж, лавлаж байна вэ?

-Фэйсбүүк хуудастаа тарган байх үеийн болон турсаны дараах зурагтайгаа зэрэгцүүлэн оруулсан юм. Түүнээс хойш “Сайн байна уу, нэг юм асуух гэсэн юм. Яаж турсан бэ, ямар дэглэм барьж байна” гээд л байнга асуудаг болсон. (инээв) Уран бүтээлийн ажил, бэлтгэл гээд ойрд тун завгүй учраас тэр болгонд нь хариулж амжихгүй шүү дээ. Заваараа л хариулдаг. 


-Өөрийн туршлага дээрээ үндэслэн жингээ хаяхаар хичээж байгаа хүмүүст зөвлөгөө өгөхгүй юу? 

-Би мэргэжлийн багш биш тул ийм хоол ид, ингээрэй тэгээрэй гэж хэлж чадахгүй л дээ.(инээв) 

Хүн бүхний бие өөр, тэр хэрээрээ тохирох дасгал, дэглэм ч өөр байдаг. Тиймээс ямар нэгэн зөвлөгөө дагалгүйгээр багштайгаар цэгцтэйгээр эхлүүлэх маш чухал санагдсан. 

Гол нь  жингээ хасна гэдэг зовлонтой хэцүү зүйл биш шүү гэдгийг ойлгоорой. Гол нь зориглоод нэг эхлүүлчих л хэрэгтэй. Ганц хоёр өдөр дэлгэмээ алдах үе гарна шүү дээ. Гэсэн ч хамаагүй,  дахиад л хичээгээд үргэлжлүүлээд л байгаарай. 

Энэ бол түр зуурын л тэвчээр шаардах ажил шүү дээ. Насан туршдаа зовох гэж байгаа зүйл ерөөсөө ч биш. Тав зургаан сар гүрийхэд бие аяндаа дасаж эхэлнэ, жин ч бууж галбиржиж эхэлдэг юм билээ. 


-Танаас асуухгүй өнгөрч болохгүй зүйл бол “Өрийн дэвтэр” влог. Монголын хандалт ихтэй влогуудын нэг шүү дээ. Энэ влогийг эхлүүлсэн түүхээсээ хуваалцахгүй юу? 

-Жилийн өмнө шинэ жилийн баярт зориулж анхны дугаараа гаргаж байсан юм.

Хоёулаа “Дэлгүүр ороод өрийн дэвтрээс нь санамсаргүй тоо хэлж сонгоод таарсан айлынх нь өрийг нь төлье” гэдэг санааг анх гаргасан юм. Эндээс л контент болгохоор шийдсэн. Тоглоом тоглож өрсөлдөөд ялагдсан нь картаа зуруулъя гэж тохиролцоод эхний дугаараа хийсэн нь хандалт авч хүмүүст нэлээд хүрсэн Удалгүй урлагийнхан маань дэмжээд л явчихсан. 


-Нийт хэд орчим айлын өр дараад байна вэ?

Одоо бараг 200 гаруй айлын өр дарсан байна. Өрийн дэвтрийг нь бүтнээр нь худалдаж авсан устгасан удаа ч бий. Влогийнхаа нэг дугаарт оюутны сургалтын төлбөр нь төлж ч үзлээ. 


-Өөрөө "Өрийн дэвтэр"-т нэрээ бичүүлж үзсэн үү?

-Намайг хүүхэд байхад манайх Төвийн аймгийн Угтаал сумаас нүүж ирээд 32-ын тойргийн орчимд амьдарч байсан юм. Хөдөөнөөс орж ирсэн айлуудын адилаар гэр бариад, хашаа хатгаад хотын айл болж байсан үе. 

Гэтэл 1997 оны айхтар үерээр манайх хамаг юм алдаж Дэнжийн мянга, Хайлаастын голд “Ногоон нуур” гээд газар хоёр жил суурьшсан. Тэр үед өрийн дэвтэрт бичүүлж хүнсээ авч л байсан. Ээж аав хоёр цалингаа буухаараа бөөнд нь өрөө дарна. Хэд хоногийн дараагаас дахиад зээлж эхэлнэ.  Энэ бол ичиж, нуугаад байх зүйл биш.

Тэр үед нийгэм нь тийм байж таарсан үе л дээ.


-Өрийг нь дарж өгөх нь хүмүүст бэлэнчлэх сэтгэлгээ суулгалаа гэсэн шүүмжлэл ирдэг үү? 

-Бид тийм яриа, шүүмжлэлийг огт тоодоггүй юм. Амьдралын төлөө зүтгэж байгаа хүмүүст нэг удаа ч гэсэн туслах арга шүү дээ. Түүнээс биш“Дахиад өр тавиарай. Би төлөөд өгнө шүү.” гэж хэлээгүй Дэлгүүрийн худалдагчаас юу юу авсныг нь асуугаад архи дарс зээлсэн байвал арай өөр айл сонгодог.

Үнэндээ Баясаа бид хоёр өөрсдөө ч  байр, машины зээлтэй, өртэй хүмүүс шүү дээ. Яахав өнөөдөртөө нэг ч гэсэн гэр бүлд туслах боломж байгаа учраас л чадахаараа хуваалцаж яваа. Өөрсдийн мөнгөөрөө "Өрийн дэвтэр"-ээ эхлүүлж байсан үеэ бодвол одоо дэмжигч байгууллагуудтай боллоо. Урлагийнхан маань тусалж дэмжээд олны хүчээр болгоод байгаа юм шүү дээ. 

Угаасаа манай монголчууд бид чинь сайхан сэтгэлтэй, тусч хүмүүс. Гадаадад байгаа монголчууд бидэнтэй холбогдоод "Дансаа өгчих. Нэг айлын өр төлөе" гэж гэсэн удаа ч бий.

Саяхан хөдөөнөөс нэг ах холбогдоод "Өвлийн идэш явуулъя, хэрэгтэй айлд нь хаа гуяаар нь хуваагаад өгчих. Миний чадах зүйл энэ." гэсэн.

Хүмүүсийн бие биедээ гаргаж байгаа ийм халуун сэтгэлийг мэдрэх нь бидэнд маш их урам зориг өгдөг.


-Анх влогоо хийхдээ ийм олон хүнд гэж төсөөлсөн үү?
 

-Үнэндээ хүмүүсийн анхаарлыг татаад л, нийгмээ өөрчилсөн давалгаа явуулъя гэж бодож эхлүүлээгүй ээ. Зүгээр чадах зүйлээрээ туслах сэдэл шүү дээ. Тэгээд ч тэр үед хөл хорио гээд уран бүтээлчид ид ажилгүй гэртээ суусан үе. 

Цаашдаа л нэг ч гэсэн өвөө эмээгийн тэтгэврийн зээлийг төлөөд өгөхсөн гэж бодож байна. Чадал нь байгаад ивээн тэтгэгч дэмжвэл амьдралаа эхлүүлж буй залуу гэр бүлийн байрны зээлийг төлөөд өгөх юмсан гэсэн мөрөөдөл бидэнд бий. 

Нэг ч гэсэн гэр бүл "Байрны зээлийн мөнгөө яаж төлөх вэ гэж шаналахгүй, өөр зүйлийг мөрөөдөж, хөдөлмөрлөж, жаргаж амьдраасай" гэж хүсдэг. 

Дэвтэрт бичигдсэн бүх өрийг төлж чадахгүй ч гэсэн нэг нэгдэхгүй, хоёр хоёрдохгүй туслаад явахад үр дүнд хүрнэ гэж итгэдэг.(инээв.)