Саймон Ковелл: Би хүүхдийнхээ живхийг нэг ч удаа сольж үзээгүй

Б.Баясгалан
10 сарын 22, 2018

"Авьяаслаг Америкчууд" шоуны хөтлөгч, продьюсер Саймон Ковелл нэгэн ярилцлагын үеэр хүү Эрикийг нярай байхад нь живхийг нь ганц удаа ч сольж үзээгүй хэмээн мэдэгджээ. "X Factor"-ийн санаачлагч тэрээр бяцхан хүүтэйгээ "хөгжилтэй зүйл" хийж, живх солих ажлыг түүний ээж Лорен Силверманд даатгадаг байсан гэнэ.

Хөгжмийн ертөнцөд эрх мэдэл өндөртэй Саймон хүү Эриктэй ялангуяа төрсөн өдрөөр нь хөлдөөсөн тараг худалдан авч, усанд сэлж, дөрвөн дугуйтай мотоцикль унахыг заадаг талаараа хүүрнэсэн байна. “Бид хоорондоо их ярилцдаг, яг найзууд шиг” хэмээн нэмж хэлжээ. 

Мөн тэрээр амьдралын зогсолтгүй шаардлагаас үүдэн шоу бизнесээс бараг татгалзахад хүрсэн тухайгаа ярьсан байна. Тэрээр 11 дүгээр сард Лондон дахь гэрийнхээ шатнаас уруудаж явахдаа унасны дараа амьдралаа дахин үнэлж цэгнэхэд хүрчээ. Тэр Лос Анжелс руу нүүж хүүдээ анхаарлаа хандуулж эхлэхээс өмнө тогмол ядарч, бүх зүйлээс зугтмаар санагдаж байсан үеэ эргэн дурсчээ. 

Одоо тэр гар утсаа унтрааж, твиттерээс татгалзан, 1000 хүртэлх уулзалтыг цуцалсанаар амьдралаас илүү их аз жаргалыг мэдэрч байгаа гэнэ. “Өглөө сэрэхэд утсанд маань 25 уншаагүй зурвас байсан. Үнэхээр уншмааргүй санагдсан. Тэгээд долоо хоног огт уншилгүй орхиход 200 уншаагүй зурвас болсон байсан” гэжээ.

“Би утсаа сар унтраахаар шийдсэн. Цаг нь болохоор асаана гэж бодсон ч тэр өдрөөс хойш би утсаа эргэж асаагаагүй” хэмээжээ.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.