Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын Айраг сумаас 5.0 км-ийн зайд 747-р км-ын 9-р зуутад  Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 цагийн үед замаас гарчээ.

Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна. Уг галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж байжээ. Уг галт тэрэг саатахаас 20 минутын өмнө Замын Үүд-Улаанбаатарын чиглэлийн олон улсын 33-р галт тэрэг хэвийн явж өнгөрсөн байна. Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна.

Осолд өртсөн зорчигчдыг эмнэлэгт хүргэж эмнэлгийн үзлэгт хамруулж байна. Холбогдох эх сурвалжийн мэдээлж буйгаар хүний амь эрсдээгүй ч нэг хүний биеийн байдал хүнд, 6 том хүн, 3 хүүхэд гэмтсэнийг яаралтай тусламж үзүүлэн, эмнэлэгт хүргэжээ.

Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахаар Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг, яамны ТЗДТБХЗГ, АТБХЗГ, УБТЗ-ын холбогдох алба хэлтэс, төмөр замчид, ОБЕГ-ын шуурхай бүлэг ослын газарт ажиллаж байгаа бол Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар Төмөр замын удирдах газарт ажиллаж байна.

Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ дөнгөж сая жиргээнд "Сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе." хэмээн мэдэгдлээ.