Тив дамнасан уурхайн компани биет өртгөө үнэгүйдүүлсэн гэв. АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (ҮЦБХ) Рио Тинто болон өмнө нь ажиллаж байсан хоёр захирлыг залилан хийж 3.7 тэрбум доллараар авсан нүүрсний ордоо хэдэн жилийн дараа 50 сая доллараар зарсан аж. ҮЦБХ Манхэттэн дэх холбооны шүүхэд Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал асан Том Олбаниз болон санхүүгийн захирал асан Гая Эллиотт нар санхүүгийн бүртгэлийн стандарт, компанийн бодлогыг зөрчиж нүүрсний нөөцийн үнэлгээг хийсэн байна. 

Тэд энэ талаар хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгч, олон тэрбумын уналтаа нуусан гэх. ҮЦБХ-ны сахиулах албаны дарга Стефани Авакиан “Рио Тинтогийн захирлууд нээлттэй мэдээлэх, том компанийн үүргээ зөрчсөн. Түүнчлэн удирдах зөвлөл, аудитор, хөрөнгө оруулагчдаас их хэмжээний мөнгө зарж орд худалдан авч, алдагдал хүлээснээ нуусан” хэмээлээ. 

Өөрөөр хэлбэл, өөрсдийн карьерийг аврахын тулд хөрөнгө оруулагчдын мөнгийг зольсон явдал болжээ. Рио Тинто Мозамбик дэх нүүрсний уурхайг 2011 онд 3.7 тэрбум доллараар худалдаж авсан. Тэрхүү орд жилд 40 сая тонн нүүрс олборлож, Замбези голоор тээвэрлэн Энэтхэгийн далайн боомтод хүргэнэ гэж тооцоолжээ. Харамсалтай нь удалгүй буруу тооцоолсон нь илэрч, үүгээр ч зогсолгүй байгаль орчныг хамгаална хэмээн тээврийн зөвшөөрөл Засгийн газраас олгоогүй аж. 

Мөн оны сүүлээр хөрөнгө оруулагчдад амалсан хэмжээнээс ердөө тал хувийг нь тээвэрлэж авчрахаас өөр замгүйд хүрснээ мэджээ. Үүнээс гадна нүүрсний чанар маш муу байсан гэв. Энэ мэт хэргээс болж ноён Олбаниз, Эллиотт нар карьер нь бүрэн нурахыг таамагласан нь тодорхой. Ингээд бодит байдлыг нуун дарагдуулж, луйвар хийхээр шийдсэн гэж хорооноос үзэж буй. 

Эл наймааг хийсэн хоёр захиралд торгууль, шийтгэл оноож, олон нийтийн, томоохон компаниудад ажиллах эрхийг нь хязгаарлахаар төлөвлөсөн. Угтаа бол тэдний буруутай үйлдлийг 2012 онд ажилтнууд нь тогтоож дээш мэдэгдсэн. Тухайн үед дотооддоо шалгалт хийж, Олбанизыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Түүний хийсэн наймааг гурван тэрбум долларын алдагдлаар тооцож, тэр жилдээ ашиггүй ажилласан гэсэн тайлан гаргасан байна.

Харин ноён Эллиотт 2013 онд ажлаа өгч Мозамбик дахь нүүрсний ордыг ердөө 50 сая доллараар зарсан юм. Их Британийн Санхүүгийн хяналтын захиргаа тус компанийг санхүүгийн бүртгэлийн журмыг зөрчсөн хэрэгт 27.4 сая долларын торгууль оноожээ.