Боловсролын байгууллагад 39 дэх жилтэйгээ золгож байгаа МУБИС-ийн Боловсрол судлалын багш П.Алтанцэцэг ажил мэргэжилдээ өөрийгөө олж, багш болсон хувь заяандаа бахархал, бахдал дүүрэн яваа нэгэн. Энэ л сайхан бодол,  ажил үйлсийн айзам хэмнэлээр сурах үйлсийг  эрхэм болгож яваа нь түүний  ажил хэрэгч, амьдралын үнэ цэнэ, утга учир, ёс жаяг, хувь хүний имиж, хүнлэг байдлаас тодхон харагдаж байлаа. 

Алтанцэцэг багшийн  маань эдүгээ багш, боловсролын салбарт нэн чухлаар тавигдаад байгаа хүүхэд судлалын асуудлаар өөрийн уншиж судалж, эрэлхийлж, сэдэж, сэтгэж бичсэн “Хүүхэд судлалын үндэс” ном  уншигчдын талархлыг ихэд хүлээж буй. 

Эндээс багш хүн гэдэг ийм л гэгээлэг өөртөө итгэх итгэл, эерэг сэтгэлтэй байж холыг хардаг байх даа гэсэн бодол эрхгүй төрөх юун.  Ийнхүү цаг үргэлж эрдэм боловсролын үнэ цэнийг мэдэрч явдаг тэрбээр амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг багшийн мэргэжилтэйгээ холбон тайлбарлах дуртай юм билээ. Арга ч үгүй биз, зах зээлийн хүнд, хатуу үеийг сөрөн зогсч сурагчдаа, шавь нараа гэсэн чин үнэнч сэтгэлээр давж ирсэн, одоо ч орчин үеийн боловсрол, стандарт, хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж яваа олон сайхан багш нарын төлөөлөл болж явна. Тэрбээр БНСУ-д сургуулийнхаа багш нарынхаа хамт туршлага судлаад иржээ.


-Та “Хүүхэд судлалын үндэс” хэмээх нэгэн сайхан бүтээлээ шинэ оны босгон дээр уншигч олондоо хүргээд буй. Тиймээс хоёулаа ярилцлагаа номын утга агуулгын талаар эхэлье?

-Хүүхэд судлал гэдэг боловсрол судлалын  нэгэн салбар юм л даа. Гэвч Монгол Улсад төдийлөн хөгжөөгүй, харин хуучнаар ЗХУ түүний өмнө байсан оросын хаант улс, цаашилбал  өрнөдийн орнуудад одоогоос 100-120 жилийн өмнө хөгжсөн байдаг. Номын хувьд ажлын шаардлагаар бичих санаа төрсөн. Учир нь манай сургууль “Боловсрол судлал” гэсэн мэргэжлийн ангитай болоод эдүгээ найм дахь жилдээ боловсрол судлаачдыг бэлтгэн гаргаж байгаа. Энэ мэргэжлийн ангидаа  “Хүн судлал, Хүүхэд судлал, Зөвлөн туслах онол арга зүй” зэрэг бакалавр түвшний хичээлийг заадаг. Энэ хүрээндээ хөтөлбөр, стандартаа хийж бэлтгэсэн  хэдий ч өөрөө ч  хүүхдүүддээ ч уншиж судлуулж, ашиглуулах зүйл байхгүй байлаа.

Ажлаа урагшлуулж, бодож төлөвлөснөө хэрэгжүүлэхийн тулд орос, англи номноос ашиглах материал эрж хайсан ч ховор байсан бөгөөд ихэнхдээ шаардлага хангахгүй байлаа.  Аль 1930-аад оны оросын ганц хоёр ном, барууны орнуудаас аваад үзвэл ойр зуурхан зүйлээс хэтрэхгүй. Гэсэн ч энэ бүхэнд шантралгүй багш хүний хувьд өөртөө байгаа бүхий л нөөц бололцоогоо ашиглан   материал цуглуулж   хөл хорионы үед сурах бичгээ бичихээр зориг шулуудсан. 

Хүүхэд судлалын хичээл зөвхөн  манай МУБИС-ийн Боловсрол судпалын сургуулийн Боловсрол судлалын ангид л одоогоор орж байгаа. Багш бэлтгэдэг сургуулийн хувьд  багш боловсролын багцын хуучнаар “сурган хүмүүжүүлэх зүй-I” буюу “Суралцахуй ба багшлахуйн онолын үндэс” хөтөлбөрөөр “хүүхэд” гэсэн найман цагийн лекц, семинар ордог юм. Үүгээр хүүхдийн тухай сэдэв агуулга орж байгаа ч  харьцангуй цөөхөн цаг учраас ЕБС-ийн багш нар хүүхдийн тухай ойлголтыг бага авч байна гэсэн үг.


- “Хүүхэд судлалын үндэс” ном маань үнэхээр хүртээмжтэй, хүртээлтэй олон улсын түвшинтэй харьцуулан авч үзсэн сонирхолтой мэдлэг мэдээллээр баяжмал гарын авлага болж чаджээ. Номын зорилго юунд оршиж байна вэ?

-Ном маань манайх болон бусад багш бэлтгэж байгаа их дээд сургуулийн оюутнууд,багш нар, цаашилбал, эцэг эхчүүдэд зориулсан зөвлөн туслах гарын авлага болж байгаагаараа онцлог. Товчхондоо  “Хүүхэд гэж яг хэн юм”, “Хүүхдийн ертөнц ямар байдаг юм” гэдгийг номоороо дамжуулан ойлгуулахыг хүссэн. Манай Болосрол судлал арга зүйн тэнхмийн профессор Ш. Ичинхорлоо, Сэтгэл судлал арга зүйн тэнхмийн  профессор Б.Туяа гэсэн  хоёр  багш  маань редакторлосон. Учир нь хүүхэд судлал нь анагаах ухаан, хүн судлал,  угсаатан зүй , сэтгэл судлал, боловсрол судлал зэрэг  олон шинжлэх ухааны зааг дээр зангидан хөгжсөн интеграци  салбар. Энэ бүгдийг номондоо оруулахыг зорьсон ч зарим  хүнд хэтэрхий мэдэмхийрсэн юм шиг өрөөсгөл ойлголт төрж магадгүй.  Гэвч аливаа зүйл хоёр талтай байдаг гэдэгчлэн миний бие МУИС-ийн байгалийн ухааны факультетийн газар зүйн ангийг  төгссөн. Тиймээс  хүн амын газар зүй, угсаатны газар зүй, ерөнхий биологи, сэтгэл судлалын хичээлүүдийг   оюутан байхаасаа судалсан. Нөгөө талаас хүн судлал, боловсрол судлалаа өөрөө зааж байгаа. Энэ бүгдийгээ нэгтгэн үг бодлоо уралдуулан бичсэн учиртай.


-Номоос харахад хүүхдийн хөгжлийг нас насаар нь ангилж, нэлээд дэлгэрэнгүй бичсэн харагдана. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?

-Хүүхэд судлалын ухаан тэртээ 300,400-гаад жилийн өмнө Европод үр хөврөл нь тавигдсан гэж үздэг юм билээ. Үүний үр дүнд  хүүхэд судлал, хүүхдийн сэтгэл судлал бие даан хөгжиж ирсэн түүхтэй. Энэ ухаан хөгжсөн нь асар их ач холбогдолтой. Нэгдүгээрт хүүхэд бие бялдар, оюун ухааны хувьд насанд хүрсэн хүнээс ялгаатай. Хүүхэд насандаа хүн болох бүх процесс нь явагддаг. Иймээс ирээдүйд улс орондоо тустай сайн сайхан иргэдтэй байхын тулд өнөөдөр хүүхдээ зөв хүн болох бүх нөхцлийг нь бүрдүүлж өгөх ёстой. Иймээс тэдний талаар шинжлэх ухааны мэдлэгтэй байх шаардлага гарч ирж байгаа юм.Хүүхдийн тухай мэдлэг сайтай болох аваас тэдэнтэй хамтран ажиллах  чадвартай болно.
Сурах бичигт  хүүхэд судлалын салбарын үүсэл хөгжил, үүрэг бүтцүүд, үндсэн асуудал, хүүхэдтэй холбоотой  онол, үзэл хандлагуудыг тодорхой хэмжээгээр оруулж өгсөн. Хамгийн гол нь хүүхдийн хөгжил, насны үечлэл гэдэг ойлголтуудыг их дэлгэрүүлж оруулсан. Барууны орнуудад нярай судлал гэж тусдаа шинжлэх ухааны салбар байдаг бол манайд үгүй. Нялх нярай хүүхдийг  асарч тойлохоос гадна энэ үеэс нь хөгжүүлдэг  учиртай. Тийм учраас энэ ном маань залуу аав   ээжүүдэд маш хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нярай үе нь  хүүхдийн амьдралын эхний 45 хоног буюу энэ ертөнцөд дасдаг хугацаа. 

Энэ үед хүүхдүүдэд  ямар шинжүүд байдаг, яагаад хөхөөр амлуулж, ангир уургаа хөхүүлэх ёстой байдаг  талаар тайлбарлаж өгсөн. Монголчууд хургандаа цадаагүйгээ төлгөндөө майлдаг гэж хэлдэг шүү дээ. Тэгвэл нярай үедээ хүүхэд ээжийнхээ ангир уургийг хөхнө, эхийн хайрыг мэдэрнэ, дархлаа сууна гээд хүнд байх бүхий л хэрэгцээгээр хангагдах үе.Эдгээр хэрэгцээ нь хангагдаж чадаагүй хүн өөртөө итгэлгүй,  эсвэл дархлаа сул байх зэрэг асуудлууд хожим илэрч байдаг.

Цаашилбал  хүүхдийн нойрсолт, сэтгэцийн хөгжлүүд нь ямар байгааг хэрхэн яаж мэдэх,  хүүхдүүдийн жингийн үзүүлэлтүүд, тухайлбал, зарим нь тураалтай  зарим нь таргалалттай байгаа эсэхийг  хэрхэн тооцоолж  гаргах талаар оруулж өгсөн байгаа.

Насанд хүрсэн хүн, хүүхэд хоёрын хоорондын гүүр бол өсвөр нас юм. 

Гэвч  манай багш эх эцгүүд  өсвөр насны хүүхдийн талаархи ойлголт дутмаг. Уурладаг, уйлдаг том хүн ч биш, хүүхэд ч биш гэж тоомжиргүй хандах нь олонтаа. Гэтэл яагаад уурлаад зан ааш, бие бялдар нь өөрчлөгдөөд байгаа юм гэдгийг юуны түрүүнд ойлгож мэдэх ёстой гэдэг үүднээс өсвөр насныханы тухай нэлээд оруулж өгсөн. Эндээс хүүхэд судлалын салбар нь  хүүхдийг ажиглан шинжилж, тэдний хөгжлийн ерөнхий ба хувийн онцлог шинжийг нээн илрүүлэн зөв чиглүүлэх  үйл ажиллагаа гэж  ойлгож болох юм.


-Тухайлбал, эцэг эхчүүдэд зориулж ямар зөвлөмжүүдийг түлхүү оруулж өгсөн бэ?

-Энэ тухайд гэвэл ээж аавууд хүүхдийнхээ өсөлт хөгжил ямар байгааг мэддэг, анхаардаг, өөрсдөө хэмжиж чаддаг байх ёстой. Маш олон  эцэг эхэд энэ мэдлэг мэдээлэл дутмаг байдаг учраас хүүхдээ  хөгжлийн хоцрогдолд орсныг мэдээгүй байдаг тохиолдол их бий. 

Хүүхдийн хөгжлийн хоцрогдол нь  нас  бага байх тусмаа аюултай. Жишээ  нь 13 настай хүүхдийн сэтгэхүйн хөгжлийг тодорхойлоход 12 настай хүүхдийнх  шиг байвал сурлагын хоцрогдолтой гэж үзэж болно.

Гэтэл хоёр сартай хүүхдэд  нэг сартай хүүхдийн шинж  байж болохгүй. Нас нь бага тусмаа хөгжлийн хоцрогдолтой байвал түгшүүр гэж авч үзэх ёстой. Тийм учраас эцэг эхчүүдэд зориулж хүүхдийнхээ жин, өсөлт өндөр, цээж толгойн тойргийг  хэмждэг арга аргачлалыг болон тэдний гаргадаг хариу үйлдлүүд зэргийг  тусгасаж өгсөн. 

Эх эцгүүд ер нь хүүхдийнхээ өсөлт хөгжлийн талаар ажиглан  тэмдэглэл хөтлөх нь зүйтэй. Энэ нь эргээд хүүхдүүддээ уншуулахад дурсамжтай, нөгөө талаасаа хүүхдийнх нь хөгжил хэвийн байна уу үгүй юу гэдгийг илрүүлж оношлоход чухал ач холбогдолтой.

Гэтэл манайхан хэнэггүй байдлаасаа эсвэл огт мэддэггүйгээсээ болоод хожим хойно аутизмтай эсвэл дауны синдромтой, эсвэл хэл ярианы болон бусад хөгжлийн хоцрогдолтой байгааг нь илрүүлж чадахгүй  цаг алдаж байна. 

Тийм учраас зөвхөн эмчид даатгаад байхгүй хүүхдээ ажигладаг, оношилдог, мэргэжилтнүүдээс  асуудаг байхад илүүдэхгүй. Өнөөдөр   агаарын бохирдол, баталгаагүй хоол хүнс, эм тариа  зэрэг сэтгэл эмзэглүүлсэн олон  асуудал байна шүү дээ.

Иймд эцэг эх хүүхдийнхээ хөгжлийн үзүүлэлтүүдийг сар сараар нь номын стандарт тодорхойлолттой харьцуулж үзэж, улмаар  хэл яриаг нь хэрхэн яаж хөгжүүлэх вэ, ямар тоглоомоор яаж тоглуулах вэ гэдэг талаар санаа аваасай гэж бодож байна. 

Жишээ нь би долоон сартай ач хүүтэй. Энэ талаар бэрээсээ асууж ярилцдаг. Миний хүү тоглож байна уу, юунд дуртай байна ямар тоглоомоор тоглож байна  зэргийг байнга асууж хянаж байдаг.  

Хүний амьдралд хоёр том, хэд хэдэн жижиг хямрал явагддаг. Хоёр том нь өсвөр нас ба  цэвэршилт, бусад хямрал нь 3,7 зэрэг насанд явагдах ба   хүүхдэд  уурлах, уйлах, зөрүүдлэх, үгэнд орохгүй байх  зэргээр илэрдэг. 

Энэ үед хүүхэдтэйгээ хэрхэн яаж харьцах,  ямар  дэмжлэг үзүүлэх вэ гэдэг нь чухал. Тухайлбал, тав  зургаан настай хүүхдэд ямар онцлог байдаг юм, тэдний биеийн  жин, хөдөлгөөн, уян хатан байдал, оюун ухааны хөгжил, анхаарлын багтаамж нь ямар байна вэ?, сургуульд яаж бэлтгэгдэх вэ?, сургуульд ороход бэлэн үү гэсэн асуулт гардаг. Үүнийг эцэг эхчүүд, багш нар мэддэг байх шаардлагатай. Энэ талаар дэлгэрэнгүй оруулсан.

Мөн 7-10 нас гээд хүүхдийг нас насаар нь авч үзсэн.

-Хүүхдийн тоглоом яагаад хөгжилд нь чухал үүрэгтэй вэ?

-Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ нэгдүгээр ангид оронгуут хичээлээ хийхийг шаардаад тоглуулахаа больчихдог. Энэ буруу, хүүхдийн гол үндсэн үйл ажиллагаа бол тоглох. Тоглох, сурахыг хослуулах нь хүүхдэд өөрт нь хэцүү байдаг. Тэгвэл яаж тоглуулах вэ, яаж хичээлийг нь хийлгэх вэ гэдгээс улбаатай тоглоомын арга зүй  гарч ирж байгаа юм. 

Багш нарын хувьд тоглоомын арга зүйг мэддэг, хичээл дээрээ хэрэглэж чаддаг  бол  эцэг эхчүүд энэ талаар мэдэх нь бага. Тийм учраас хүүхдээ яаж хичээлийг нь хийлгэх юм, яаж сонирхолтой болгох вэ гэдэг арга зүйг  оруулсан. Эх эцэг, багш нар, багш болох оюутнуудыг сайн ойлгоосой гэж  хүүхдийн бие бялдар, ёс суртахуун, оюун ухааны хөгжлийн талаар  түлхүү оруулж өгсөн. Тухайлбал IQ.EQ.DQ.SQ.AQ.BQ.MQ гэсэн хүний хөгжлийг хэмждэг коэффициентуудын талаарх  мэдээлэл ойлголтууд номонд маань багтсан байгаа. 

Энэ хөгжлийг хэмждэг коэффициентуудын тухай ойлголт өрнөдийн улс орнуудад нэлээд хөгжсөн, сургалтын практикт хэрэглэгддэг  билээ. Номондоо  эдгээр чадваруудын тухай оруулж  яаж хэмждэг хөгжүүлдэг талаар товч оруулсан.


- Дээрх аргачлал, сургалтаа хэрэгжүүлж үзэв үү?

-Одоогоор  сургалтаа ЕБС-ын  багш нарт хоёр удаа явуулахад ихэд сонирхож байна лээ.  Хүүхдийн хэл ярианы хөгжил тухайлбал ярих, унших, сонсох чадвар гэж юу юм, үүнийг яаж оношилж хөгжүүлэх талаар түүнчлэн хүүхдийн  анхаарал, түүний хуваарлилт, сарнилт зэргийн талаар оруулсан. Хэл яриа, анхаарал зэргийг бас л  нярай, нялх үеэс нь анхаарч ажиглаж, улмаар  хөгжүүлж эхлэх ёстой бөгөөд эцэг эхчүүд сайн ойлгох хэрэгтэй учраас хэрхэн яаж хөгжүүлдэг талаар арга аргачлал оруулж өгсөн. 

Мөн ой тогтоолтын талаар оруулсан бөгөөд энэ нь бага насны хүүхдэд тоглоомоор хөгждөг. 

Хүүхдийн  долоон настайд  хөгжлийнх нь  90 хувь нь бий болсон байдаг. Өөрөөр хэлбэл бие хүний хөгжлийн суурь нь тавигдсан гэж үзнэ. Байшингаар бол суурь нь тавигдлаа гэсэн үг. 

Цаашилбал хүний  авьяас, суу ухаан, хөгжлийн бэрхшээл гэсэн  мэдээллүүдийг  оруулсан. Монголчууд удам угсаа, гарвал зүй, генетикийн хувьд хэн юм?  Бид Азийнхнаас юугаараа ямар ялгаатай юм гэдэг талаас нь оруулсан. Энэхүү долоон найман жил, хүүхэд судлалын хичээл заасан туршлага судалгаан дээр тулгуурлан бичигдсэн  сурах бичиг минь багш болох оюутанд, багш нар, эцэг эх, эмээ өвөөд хүрээсэй гэж хүсч байна.

-Ингэхэд багш байхын сайхан нь юу вэ?

- Гэгээлэг, цагаан цайлган, хүсэл эрмэлзлэлээр дүүрэн оюутан залуустай ажиллаж, үүнээсээ урам зориг, эрч хүч авдаг хамгийн сайхан мэргэжил бол багш гэж боддог. Хүнд эрдэм түгээх, ажил амьдралд нь чиглүүлэх, зөв залах сайн хүн болгох, цаашилбал улс эх орондоо хэрэгтэй хүн болгодог сайн үйлс  маань өөрөө буянтай ажил юм. Үүгээрээ давуу талтай.

Нөгөө талаас багш хүн байнга хөгжиж, цэнэглэгдэж байх ёстой. Би л гэхэд 1984 онд МУИС төгссөн, тэр үед сурч авсан зүйл маань өнөөдөр хүрэлцэхгүй шүү. Тиймийн тулд багш хүн өдөр бүхэн уншиж бичиж, хөгжилтэй хөл нийлүүлж байж цааш алхана. Ингэж хувь хүнийг хөгжүүлдэг. Нэг л өдөр уншихгүй зогсчих юм бол хоцрогдоно гэсэн үг. Зөвхөн суралцагчидтай биш, эцэг эх, асран хамгаалагчидтай, багш нартайгаа, өөр мэргэжлийн хүмүүс, улс төрчидтэй гээд олон хүнтэй харилцана. Нөгөө талаас шавь нараасаа үг сонсоно, ухаарал авна.  Ингэж багш хүн нийгэмдээ асар их хувь нэмэр оруулж оюуны баялгийг бүтээж байна. Жишээ нь манай тэнхмийн Ш. Ичинхорлоо профессор гэхэд  22 ном,сурах бичиг, гарын авлага бие даан бичсэн. Энэ нь  оюуны хэмжээлшгүй их баялаг юм. Мөн манай тэнхимийн профессор Чү.Байгалмаа, Г.Баярмаа,Р.Намжилдагва болон бусад багш нар маань маш олон ном гарын авлага цахим болон цаасан сурах бичиг судалгааны өгүүллүүд бичиж хэвлэн нийтлүүлсэн  байгаа. 

Энэ бүхэн боловсрол судлал салбарыг хөгжүүлэхийн сацуу маш их оюуны баялгийг бүтээж нийгэмд түгээж соён гэгээрүүлж байна гэсэн үг. Гэвч төр засгаас оюуны баялаг бүтээж байна гээд дэмжлэг огт байхгүй нь харамсалтай. Хүүхдэд ном эрдэм заана гэдэг мөн л оюуны баялаг бүтээж байгаа хэрэг. Тийм учраас  мэргэжлээрээ бахархахгүй байхын аргагүй.