“Оюу толгой” ХХК 2023 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл Компанийн шинэчлэн боловсруулсан стратегийг дэмжсэн байна. 

“Оюу толгой” ХХК 54 дэх хүдэр буулгуурыг аюулгүй тэсэлж, гүний уурхайн олборлолтыг эхлүүлж, 2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500,000 тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэхийн төлөө гүний уурхайг аюулгүйгээр ахиулан ажиллаж байгаа аж. Тус хамт олон, гүний уурхайд хэдэн зуун хүдэр буулгуурыг тэсэлснээр дээрх зорилтод хүрэх юм байна. 

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Бид 2023 оны хоёрдугаар улиралд өөрсдийн төлөвлөгөөний дагуу зорилтоо биелүүлж, бизнесээ аюулгүй, тогтвортой, ашигтай авч явахад анхаарлаа хандуулан ажиллалаа. "Оюу толгой" өмнөх жилүүдэд Монголын ТОП-100 ААН-ийн шагнал гардаж авч байсан ч энэ жил үнэлгээний таван гол үзүүлэлтийн дөрөвд нь тэргүүлж, 2022 онд нийт аж ахуйн нэгж дундаа нэгдүгээрт жагссан амжилтдаа маш их баяртай байна. Мөн энэхүү жагсаалтад "Оюу толгой"-н 31 ханган нийлүүлэгч багтсаныг тэмдэглэхэд таатай байна.

Энэ долдугаар сарын дунд "Рио Тинто" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ, шинжээч, хөрөнгө оруулагч нар Монголын эдийн засгийн форум, Үндэсний их баяр наадамд оролцож, "Оюу толгой"-н уурхайд зочиллоо. Бид хүндэт зочдодоо Монгол Улс болон "Оюу толгой"-н уурхайгаа танилцуулж, хүдрийн биет, өсөх ирээдүйн боломж, хамт олон, түншлэлээрээ дэлхийн жишигт нийцэхүйц болсныг харуулж чадлаа” гэв.

Үйлдвэрлэлийн мэдээллээс дурдахад, 2022 оны хоёрдугаар улиралд хийсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга (0.52% ба 0.40%) өндөр байсан зэргээс хамаарч 2023 оны хоёрдугаар улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 40 хувиар өсчээ. Энэ улиралд 1.56 хувийн зэсийн дундаж агуулгатай 0.9 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, 0.41 хувийн зэсийн дундаж агуулгатай 8.8 сая тонн хүдрийг ил уурхайгаас тус тус олборлон боловсруулсан байна. 

Панель 1 болон 2-ын техникийн судалгааны ажил хоёрдугаар улиралд дуусчээ. Үйл ажиллагаа урагшилснаар 2028-2036 оны хооронд нэг жилд дунджаар 500 мянган тонн хүртэлх зэс олборлох боломжтой болно гэж тооцоолжээ. 

Хоёрдугаар улирлын эцсийн байдлаар, нийт 54 хүдэр буулгуурыг Панель 0 түвшинд тэсэлсэний 18-ыг нь энэ улиралд тэсэлсэн байна. Одоогоор гүний уурхайд хүдэр олборлох юүлүүр болон хүдэр авах цэг хаагдсан тохиолдол гараагүй аж.

Энэ улиралд Өвөр Монголын эрчим хүчний компанитай хийсэн гэрээг 2030 он хүртэл сунгаж, Монгол Улсаас тогтвортой эх үүсвэр бүхий цахилгаан авах хүртэл үйл ажиллагааныхаа эрчим хүчний тогтвортой хангамжийг баталгаажуулжээ.

Гүний уурхайн төслийн мэдээллээр, уурхайн амуудын босоо нэвтрэлтийг сайн ахиулж, зургаадугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 627 болон 740 метрт хүргэжээ. Агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 1,148 болон 1,149 метрт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж буй юм байна. 

Дээрх хоёр босоо амыг 2024 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөхөөр байна (өмнө нь 2024 оны нэгдүгээр хагаст төлөвлөгдсөн байсан). Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг гүйцээн дуусгах шаардлагыг хангахад ойртож байгаа аж.

Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж байгаа ба 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн баяжуулах үйлдвэрт хийхээр төлөвлөж буй шугамын тохируулгын ажил эхлэн, гол гүйцэтгэгч компани тавдугаар сард ажлаа эхлүүлжээ.