Орижин — үндэсний амбиц

Голланд улсын хөгжлийн түүх нь орчин үеийн капитализмын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой.

15-р зуунд Португали, Испаниас эхлэлтэй дэлхийн колончлолын үед Голландчууд орчин үеийн капитализмыг үүсгэн байгуулсан гэж түүхчид үздэг.

16-р зуунд Голланд Испаниас тусгаар тогтнохоосоо өмнө Испанитай явуулж байсан гадаад худалдаа нь тэр үеийн Голландын эдийн засгийн голлох эх үүсвэр байжээ. Голланд тусгаар тогтносны дараа (Испанитай олон жил дайтсаны эцэст тусгаар тогтнолоо олж авсан) Испанийн хаан Голландын бүх боомтыг бүслэлтэд авч, ямар ч үйл ажиллагаа явуулах бололцоогүй болгосон аж. Голландын худалдааны ямар ч онгоц Испанийн хил хязгаарт орохыг бүр мөсөн таслан зогсоосон нь үүний нэг жишээ. Нэг ёсондоо Голландын эдийн засаг оршин тогтнох ямар ч бололцоогүй болсон гэж хэлэхэд хилсдэхгүй биз.

Шинээр тусгаар тогтносон Голландын бүгд найрамдах улсын цаашдын гарц юу вэ гэсэн асуулт гарч иржээ. Тэр үед Голландчууд худалдааны туршлага сургамждаа тулгуурлан цааш оршин тогтнох өөрийн давуу талаа олж авсан юм.

Tэр нь юу байсан вэ гэвэл эд баялгийн сонирхол ихтэй, хүн амын дийлэнх хэсгийг эзэлж байсан худалдаачдын давхарга юм.

Хэрвээ эдгээр худалдаачдын эд баялгийн шуналыг нь хөдөлгөж чадвал үндэстний хөдөлгөгч хүч болох боломжтой гэж үзсэн ба худалдаачид нь Голланд үндэстний цаашдын оршин тогтнох баталгаа байх учир үүнийгээ үндэстний бодлогын цөм болгон хэрэгжүүлжээ.

Tэр үеийн Голланд үндэстэн хааны эрх мэдлээс илүү хүчтэй үндэстний хөдөлгөгч хүч бол худалдаачид гэж Голланд даяар хүлээн зөвшөөрч, тэдэнд таатай нөхцөл бүрдүүлэх нь Голланд үндэстний хүчирхэгжин хөгжих баталгаа юм гэж үндэстний ухамсрын түвшинд төлөвшсөн байна.

Энэхүү бодлогын үр дүнд Голландчууд нийлүүлэгч болон хэрэглэгчдийн хооронд зуучилдаг үндэстнээс далайн тээврийн голлох тоглогч болон төлөвших хөгжлийн шинэ шатанд гарсан юм.
Голландчууд Европоос Ази болон Америк тивд далайн тээврийн шинэ замыг нээж чадсан. Тив алгассан далайн тээврийг эрхлэхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай бөгөөд үүний эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэсэн асуудалтай Голландчууд тулгарчээ.

1602 онд Голландын бүгд найрамдах нэгдсэн муж улсын парламентын дарга болох Van Oldenbarnevelt-н санаачлагчаар Голландын нэгдсэн “Зүүн Энэтхэгийн Компани”-ийг (Dutch East India Company) байгуулсан байна.

Энэ нь Голландчууд хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө байгаагүй төрийг байгуулсантай адил түүхэн дэх анхны эдийн засгийн томоохон институцийг байгуулсан түүхтэй.

Анхны хувьцаат компани — институцийн төвшинд

Голландын Ийст Индиа Компани (Dutch East India Company) нь хүн төрөлхтний түүхэнд анхны хувьцаат компани болохоор барахгүй хүн төрөлхтний түүхэнд дах анхны үндэстэн дамнасан корпораци байлаа.
DEIC нь санхүүгийн эх үүсвэртэй болохын тулд түүхэнд анх удаа нийтэд хувьцаа гарган санхүүгийн эх үүсвэрээ шийдвэрлэсэн юм. Гэхдээ өнөөдрийн хөрөнгийн биржид арилжаалдаг хувьцаанаас шал өөр зүйл байжээ.

Тэр үед Голландчууд, DEIC-ийн конторт ирж тус компанид зээлдүүлэх мөнгөө тушаан түүнийгээ баталгаажуулан гарын үсэг зурдаг байжээ. Ингээд тус компани нь мөнгө зээлдүүлэгчдэд олсон ашгаа зээлүүлсэн мөнгөний хувиар нь хуваалцана гэж тэмдэглэлийн дэвтэр дээр хоёр тал гарын үсэг зурж тохиролцдог байж.

Ийнхүү DEIC санхүүгийн эх үүсвэрээ шийдэж, үйл ажиллагаагаа өргөжин тэлж эхэлжээ. DEIC нь тэр үед 6,5 сая гуйлдэрийн (guilder) санхүүгийн эх үүсвэрийг олон нийтээс босгож чадсан байна. Энэ нь өнөөдрийн ханшаар тооцвол хэдэн арван тэрбум доллартой тэнцэх мөнгө байсан юм. Тийм их хэмжээний мөнгөөр Голланд эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон компаниа байгуулсан байна.

Голландчууд тэр үед бүх гар дээр байгаа мөнгийг олсон ашгаа хуваалцах аргаар төвлөрүүлж, үндэстний бүх мөнгөн баялгийг шинээр байгуулагдсан бүгд найрамдах улсын цаашдын хөгжлийн төлөө ашигласан. Энэ нь хувь хүмүүсийн гар дээр байсан баялгийг дэлхийн гол тоглогч үндэстэн болж төлөвших, Голланд үндэстний хүсэл эрмлзлэлийг биелүүлэх түүхэн үйл хэрэгт зөв оновчтой хэрэглэж чаджээ.

Тухайн үед Амстердам хотын даргын зарц нь хүртэл DEIC-ийн хувьцаа эзэмшигч байжээ. Хэдэн зуун мянгаар тоологдох хотын иргэд өөрийн амьдралын баталгаа болгон хуримтлуулж байсан мөнгөө ашиг орлого ихтэй “Голландын Ийст Индиа Компанид” дуртайяа зээлдүүлж ашгаас нь хүртдэг байж.
Голландын ард иргэдийн баяжих гэсэн үндэстний ухамсар нь улс орноо харийн дайсны дарлалаас аварснаас гадна нийт Голландын ард түмнийг өлсгөлөн ядууралд орох түүхэн хувь тавилангаас нь ч аварч чадсан.

Үүнээс гадна хэрэв DEIC алдагдалд орвол Голландын шинээр байгуулагдсан бүгд найрамдах улс болон түүний ард түмэн дампуурах эрсдлийг ч бас дагуулж байсан.

Гэтэл DEIC-ийн хувьцаа эзэмшигч нар нь жирийн Голландын иргэнээс гадна тэр үеийн Голландын засгийн газар тус компанийн хувьцаа эзэмшигч байжээ. Тиймээс Голландын засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувиар эрх мэдлээ ашиглаж тэр үеийн мөнгөөр хорин таван мянган Голланд гуйлдэр-ийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Ингэснээр Голландын ард түмэн итгэл найдвартайгаар тус компанийн хувьцааг худалдан авах сэдэл болсон. Учир нь Голландын төр эрсдлийн баталгаа гаргаж өгснөөр нийт ард иргэд нь дуртайяа хөрөнгө оруулалт хийдэг байжээ.

Голландын засгийн газар DEIC-д хувьцаа эзэмшигчийн хувьд эрсдлийг хамгаалах хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, хувьцаа эзэмшигч жирийн ард түмний хөрөнгө оруулах итгэлийг нэмэгдүүлснээр тус аж ахуйн нэгж нь хангалттай санхүүгийн эх үүсвэрийг өөрийн ард иргэдээсээ хуримтлуулж чадсан.

Хэрэв нэгдсэн Голландын DEIC-ийн үйл ажиллагаанд эрсдэл учирсан нөхцөлд Голландын төр цэргийн хүчээ дайчилж хамгаалах баталгааг ч гаргаж өгсөн байдаг. Tиймээс Голландын DEIC нь нэг ёсондоо бие даасан халдашгүй бүрэн эрхтэй эдийн засгийн байгууллага байсан. Иймээс халдашгүй бүрэн эрхтэй эдийн засгийн байгууллагын хувьд DEIC нь тусгаар тогтносон үндэстний төр адил бие дааж шийдвэр гаргах үйл ажиллагаагаа Ази, Америк,Европ, Африк тивд хүртэл өргөжүүлсэн.

DEIC нь санхүүгийн эх үүсвэрээс гадна төрийн үүргийг гүйцэтгэдэг эрх мэдлээ олж авсны дараа тус компанийн далайн тээвэрчид далайн тээврээ эхлүүлсэн байна. Тэр үед Испанийн хаан шинээр гарч ирж байгаа далайн тээврийн өрсөлдөгч орон болох Голландчуудыг үл тоомсорлон үнэлэхгүй байсан гэдэг.
DEIC байгуулагдаад таван жилийн хугацаанд дэлхийн бүх тивд жил бүр тавин онгоцыг далайн тээвэрт дайчилдаг байж. Энэ онгоцны тоо нь тэр үеийн Испани болон Португалийн нийт онгоцны хэмжээнээс давсан байдаг.

DEIC байгуулагдсаны дараа эхний арван жилд ямар ч ашгийг хувьцаа эзэмшигчид хуваарилаагүй. Яагаад гэвэл хөрөнгө оруулагчид өөрийн мөнгөө тус компанийн онгоц үйлдвэрлэх, орон сууц барих болон ази тивд байгуулах худалдааны сүлжээг хөгжүүлэхэд тасралтгүй хөрөнгө оруулж байсан. Энэ арван жилийн худалдааны цар хүрээгээ тэлэх хөрөнгө оруулалт хийж дууссаны дараа анх удаа хувьцааны ашгийг хөрөнгө оруулагчдад олгож эхэлсэн. Арван жил хөрөнгө оруулагчдад хувьцааны ногдол ашгийг хуваарилахгүй нөхцөлд яагаад тэр үеийн Голландын ард иргэд тасралтгүй хөрөнгө оруулж байсан вэ? гэвэл DEIC-аас гадна өөр нэгэн хүн төрөлхтний түүхэнд байгаагүй санхүүгийн байгууллага болох Амстердамын хөрөнгийн биржийг 1609 онд байгуулсан. Энэ хөрөнгийн бирж бий болсоноор хөрөнгийн эргэлтийг маш богино хугацаанд хөрөнгө оруулагч болон хөрөнгө шаардлагатай талуудын хооронд солилцоо үүсгэх бололцоотой болжээ.

Анхны хөрөнгийн бирж

Image for post

Амстердамын Хөрөнгийн бирж нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны хөрөнгийн бирж байсан юм.

Ийнхүү DEIC-ийн хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа Амстердамын хөрөнгийн биржид чөлөөтэй арилжаалж бэлэн мөнгө болгох таатай орчин бүрджээ.
400 жилийн тэртээ Амстердамын хөрөнгийн биржид 1000 гаран Брокер Диллерүүд ажиллаж байсан аж. Тэр үед Амстердамын хөрөнгийн биржид бүх брокер диллерүүд өөрийн суудалтай үйл ажиллагаа явуулдаг байж.

Тиймээс Амстердамын хөрөнгийн бирж нь тухайн үедээ Европын хамгийн том санхүүгийн зах зээл байлаа. Хувьцааны арилжаа эрхэлдэг брокер диллерүүд нь зөвхөн Голланд хүн байгаагүй ба дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг байсан. Тухайлбал Англи, Америкийн гэх мэтийн улс орноос ирж Голландын санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг байсан тухай олон тэмдэглэлд үлдээжээ.

Хувьцааны арилжаанаас олсон их хэмжээний мөнгө мянган квадрат метр хүрэхгүй өчүүхэн талбайд эргэлддэг байв. Энэхүү Амстердамын хөрөнгийн бирж нь Голландын үндэстний эрдэнэсийн санг урьд өмнө байгаагүйгээр нэмэгдүүлснээс гадна Голландын жирийн иргэдийн халаасыг дүүргэсэн байна.

Зөвхөн Английн төрийн өрийн бичгээс Голландчууд жил бүр 25 сая гуйлдэрийн орлого олдог байж. Энэ нь 200 тонн мөнгөтэй тэнцэх хэмжээний орлого байсан. Их хэмжээний алт мөнгөн зоос урьд өмнө нь байгаагүй их хурдаар Амстердамын хөрөнгийн бирж дээр эргэлдэж байх тэр үед Голландын эдийн засгийн чадавх нь өөрийн дотоодын эрэлт хэрэгцээнээс нь давж их хэмжээний санхүүгийн эх үүсвэрийн хуримтлалыг яаж зөв оновчтой эргэлтэд оруулах вэ гэдэг асуудал Голландчуудад тулгарсан.

Анхны төв банк — Bank of Amsterdam
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Голландчууд анхны төв банкийг байгуулсанаар орчин үеийн эдийн засгийн тогтолцооны суурийг тавьсан гэж түүхэнд тэмдэглэгджээ.

1609 онд Амстердамын банк байгуулагдаж байсан бөгөөд энэ нь Английн төв банкнаас зуу гаруй жилийн өмнө байгуулагдсан гэсэн үг. Тэр үед Амстердам банк нь зөвхөн нэгэн хотын л банк байсан. Энэ банк нь хадгаламж авдаг, зээл олгодог, валютын арилжаа эрхэлдгээс гадна бүх санхүүгийн үйлчилгээг тус банкаар дамжуулан гүйцэтгэдэг байсан.

Тиймээс Амстердам банк нь Голланд үндэстний эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Маш чухал нэгэн үйл ажиллагаа нь гэвэл шаардлагатай зээл олгодог цоо шинэ үйлчилгээг хийж байжээ (тухайн үедээ санхүүгийн цоо шинэ бүтээгдэхүүн).

Амстердам банкны нэр хүндийг баталгаатай болгохын тулд Амстердам хот тус банкны талаар хууль гаргаж , ямар ч шалтгаанаар тус банкны худалдааны эрх чөлөөнд халдаж болохгүй гэж тогтоосон байна.
Үүнээс үзвэл хүний санаанд оромгүй сонин санхүүгийн үйлчилгээг явуулж, Голландын зах зээлийн эрэлт хэрэгцээнээс давсан хуримтлалаа Голланд үндэстний дайсан байсан Испанийн цэрэг дайны санхүүжүүлэлтэд зээл олгож эхэлсэн байна. Ингэснээр Испанийн хаан болон язгууртнуудын гарт байсан их хэмжээний алт мөнгө Амстердамын банкинд хадгалагдаж, Голландчуудын гараар дамжсан Испанийн хадгаламж нь Испанийн дайсны талд зээл болон очдог байжээ. Үүнээс гадна Голланд үндэстний дайсан болсон Испаничуудад Голландын банк ямар ч хориг саадгүйгээр чөлөөтэй зээл олгодог байжээ.

Голланд үндэстэн өөрийн засгийн газрыг зохион байгуулах үедээ үндэстний засгийн газар, орон нутгийн засгийн газар гэсэн дэс дараалалтайгаар хуульчилж, эдгээр засгийн газар нь зөвхөн бизнесийн эрх ашгийн төлөө үйлчилдэг байжээ. Тэр үеийн Европын хаант төр болон хааны гэр бүлүүдийн хооронд явагдаж байсан бүх дайныг Голландчууд санхүүжүүлж байсан бөгөөд энэ үйл ажиллагаагаа баталгаатай явуулахын тулд Европын бүх улс орны хооронд явагдсан дайнд төвийг баримталдаг байсан байна. Тиймээс Голландчууд зөвхөн эдийн засгийн хөгжилд бүх анхаарлаа төвлөрүүлж үндэснийхээ нэгдсэн хүчийг дайчилдаг байжээ.

Ихэнх түүхчдийн дүгнэлтээр бол Голландын иргэд хүн төрөлхтний орчин үеийн зах зээлийн эдийн засгийг анх санаачилж хэрэгжүүлсэн ард түмэн аж.
Голландчууд өөрийн банк болон хөрөнгийн биржээр дамжуулан орчин үеийн зээлийн тогтолцоо болон хувьцаат компанийн тогтолцоог анх санаачлан хэрэгжүүлсэн. Ингэснээр санхүүгийн үйлчилгээ болон бизнесийн тогтолцооны харилцан түшилцсэн орчинг Голландчууд бүтээсэн байна.

Голландчуудын үндэсний баялгийн өсөлт нь тэсрэлтийн шинжтэйгээр өсөн байдаг. 17-р зууны дунд үеэс Голландын нэгдсэн муж улсын дэлхийн худалдаанд эзлэх байр суурь нь төлөвшиж худалдаагаар дэлхийг засаглах анхны даяарчилсан үндэстэн болон төлөвшжээ.

Амстердам — дэлхийн төв
Яг энэ үед “Голландын Ийст Индиа Компани” нь дэлхий даяар арван таван мянган салбар байгууллагын сүлжээтэй болж, нийт худалдааны эргэлт нь тэр үеийн дэлхийн нийт худалдааны эргэлтийн тавь гаруй хувийг эзэмшдэг байжээ.

Голландын төрийн далбааг мандуулсан арван мянга гаруй худалдааны онгоцнууд нь дэлхийн таван тивд тугаа намируулан хурдалдаг байж.
Зүүн Азид Голландчууд Тайванийг эрхшээлдээ оруулж, Японы гадаад худалдааг тэр чигээр өөрийн эрхшээлдээ оруулсан. Зүүн өмнөд Азид Голландчууд, Индонезыг өөрийн колони орон болгож, худалдааны сүлжээг байгуулсан. Африк тивд Голландчууд, Порталуудын гараас бүх далайн тээврийн шугамыг эрхшээлдээ оруулж чадсан. Австрали тивд Голландын нэг мужийн нэрээр шинэ Зеланд гэдэг колони орныг бий болгосон. Өмнөд Америк тивд Бразилыг эзлэн авч колонио болгосон. Хойд Америкийн эх газарт шинэ Амстердам гэдэг хотыг бий болгож өнөөдөр энэ хотыг Нью-Йорк гэж нэрлэдэг.

Image for post

Амстердам хүмүүс өөрсдийгөө юу гэж үнэлдэг байсан бэ гэвэл энэ Амстердамын дагинын тосон зурагт зурсан адил 17-р зууны дэлхийн төв гэж үздэг байжээ. Дэлхийн дээрээс атгасан гар нь Амстердамчууд өөрийгөө тэр үед хүн төрөлхтний эзэн, энэ дэлхийн эзэн гэж үзэж байсныг илтгэнэ. Энэ дэлхий бол зөвхөн бид, энэ дэлхий бол зөвхөн бидний гэсэн оюуны төсөөлөлтэй байжээ.
Тэр үеийн Голландчуудын үндэстний хүсэл тийм агуу байсан учир ард иргэд нь дэлхийн засаглагч үндэстэн болж төлөвших орчин бүрэлдсэн гэхэд хилсдэхгүй.

Карл Маркс Голланд 1648 онд худалдааны хөгжлийн оргилдоо тулсан үе гэж үнэлсэн байдаг.
1648 онд Амстердамын иргэд цоо шинэ Амстердам хотын захиргааны байрыг барьж байгуулах шийдвэр гаргасан. Энэ барилгын чанарыг нь баталгаатай болгохын тулд хэдэн жилийн дотор барьж байгуулах тухай хэлж өгөөгүй бөгөөд Амстердамын иргэд найман жилийн хугацаанд дал гаруй тонн алтаар энэ их түүхийн гайхамшиг болсон архитектурыг барьж байгуулсан гэдэг.

Энэхүү барилга 1656 онд баригдаж дууссан ба тухайн үедээ ямар их түүхэн ач холбогдолтой байсныг олон урлагийн бүтээлүүдээс харж болно. Жишээлбэл, Голландын Шекспир хэмээн алдаршсан алдарт яруу найрагч, шинээр байгуулагдсан Амстердам хотын захиргааны байрыг магтан дуулж зохиосон дуундаа “бид Амстердам хүмүүс, дарвуулаа дэлгэж холын хол далайд чөлөөтэй аялахдаа,олз биднийг хөтөлнө, холын далайг ойрхон юм шиг бодогдуулна, олзонд дуртай бидний сэтгэл биднийг хөтлөн, дэлхийн бүх боомтыг эрхшээлдээ оруулна” гэж бичсэн байдаг.

Дунд давхарга — худалдаачид


Голландын нэрт яруу найрагч энэ дуугаа зохиож байх үед DEIC Ази тив рүү элч нараа илгээжээ. 1656 онд Голландын элч нар ээжинд очиход байгуулагдаад 8 жил болж байсан Чин гүрний засгийн газар их баяр хөөртэйгөөр угтаж авсан гэдэг. Чин улсад айлчилсан бүх гадаад орнуудын элч нарт нэгэн түгээмэл асуудал тулгарч байж. Элч нар Чин улсын эзэн хаантай уулзах үедээ гурав сөгдөж, долоо мөргөдөг Чин улсын хааны ёслол бусад хаант улсуудын элч нарт хүлээн зөвшөөрөхөд амаргүй байхад Голландын элч нар ямар ч төвөггүй ёслолыг нь гүйцээжээ.

Чин улсын хаан Голландын элчийг хүлээн авч уулзаад, тэр үеийн хамгийн баян улсын элч нар Чин улсын хааны ёслолыг нь хүлээн зөвшөөрч, дагасанд нь талархан их хэмжээний бэлэг сэлт өгчээ.
Голландын элч нар буудалдаа очсоны дараа элч нарын нэг болох Жон Хопп ийнхүү бичжээ: Чин улсын хаанд сөгдөн мөргөх ёс жаягийг хүлээж аван гүйцэтгэсэн учир гэвэл Голландчууд өөрийн нэр төрийг үнэд оруулах гэж энд ирээгүй, харин зөвхөн худалдаа хийж, ашиг олох эцсийн зорилгоо биелүүлэх явдал байлаа.

Өөрөөр хэлбэл Голланд үндэстний хамгийн том эрх ашиг нь Чин гүрэнтэй худалдаагаар харилцаа тогтоож ашиг олох явдал байж.
Голландын үндэсний амбиц нь худалдаачдын ашиг орлогоо нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөтгөх гэсэн хүсэл дээр тулгуурласан тухай дурдсан.

17-р зууны Голландчууд худалдаанаас олсон маш их хэмжээний баялгаа Голландын хаан болон язгууртнуудын тансаг орд харш, хэрэглээнд зарцуулсангүй. Харин тэр үеийн дунд давхарга болсон худалдаачдын орон сууц, амьдралыг нь сайжруулахад зарцуулжээ.
Энэ үед түүхэнд алдар нэрээ цуурайтуулах олон зураачид, философичид, хуманистууд төрсөн. 17-р зууны дунд үед Амстердамд ойролцоогоор 8–15 сая орчим уран зургийн бүтээл туурвигдсан аж. Голланд хүмүүс уран зургийг ихээр үнэлж, айл бүрд ямар нэг тосон зураг байдаг байжээ.

Тухайн үеийн зураачид хаан болон язгууртнууд, тэдний орд харш, эд баялагийг дүрслэн зурсан нь тун ховор. Харин жирийн ард иргэд, худаалчдын өдөр тутмын амьдралыг харуулсан байдаг. Голландын хөгжил цэцэглэлт нийт ард түмний амьдралд сайн, сайханыг бэлэглэснийг дүрслэн харуулжээ.

Өнөөдөр хүртэл Голландын ард түмний амьдрал өнгөрсөн үетэйгээ адил сайн сайхан байгаа нь Голланд үндэстний хөгжил цэцэглэлт ард түмний төлөө байснаас бус хаад язгууртнууд гэх мэт цөөхөн тооны хүмүүсийн төлөө байгаагүй гэдгийг нотлох болов уу.