МУБИС, НХУС-ийн ахлах багш, доктор О.Мягмарсүрэн оюутан ахуй цагаасаа жуулчдад орчуулга хийж, хэлний гайхамшиг болоод ертөнцийг үзэх үзлээр өөрийгөө хөглөж ирсэн дайчин бүсгүй нэг билээ. Ингэж өдрөөс өдөрт сурч мэдэх, хэлний гайхамшгийн үнэ цэнийг мэдэрч ажил амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг хэлний боловсролтойгоо холбож иржээ.

Тиймээс тэрбээр эдүгээ оюутан залууст хэлний мэдлэг түгээж, хэл сурах хүсэл эрмэлзлэлийг нь улам бадрааж явна. Энэ ч утгаараа Мягмарсүрэн багш маань олон улсын эрдэмтэн болж өөрийн гэсэн алдрыг бий болгохыг зорьж  түүндээ хүрэхийн төлөө тууштай боловсорч байгаа түүчээ багшийн нэг юм.  Тэрбээр саяхан Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ. 

-Та “Багш” хэмээх гайхамшигтай мэргэжлийг хаана эзэмшив?

-Миний бие ШУТИС-ийг англи солонгос хэлний орчуулагчаар төгсөжорчуулагч болно хэмээн илүү ихээр хүсэж мөрөөддөг байлаа. Энэхүү хүсэлдээ хөтлөгдөн оюутан байхаасаа  зуны амралтаар жуулчдад орчуулга, хөтөч хийж эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж, ахуй, соёлтой танилцаж энэ бүх бахархлаасаа хуваалцаж сурталчлах нь сайхан санагдсан. Ялангуяа хотод төрж өссөн надад мал аж ахуй, нүүдэлчин амьдралтай биечлэн танилцах нь бүр чсонирхолтой байсан. 

Ингэж монгол орныг зорин ирсэн олон орны хүмүүст 1-р курсээсээ орчуулагч, хөтөчөөр ажиллаж байсан минь надад багагүй туршлага болсон гэж боддог. Гэсэн ч хөдөө  ахуйг сайн мэдэхгүй учраас соёлын шоконд орж байсан үе бий. Тийм учраас энэ талаар оюутнууддаа анхааруулж захиж хэлдэг. Цагаан идээ боловсруулах, таван цулын цувдай, малын зүс нэрлэх, толгой шийр  чанах гээд үзэж харснаа орчуулж явахад бахархмаар, гайхмаар, инээдэмтэй зүйл ч гардаг байсан. Гэсэн ч тэрхүү нүүдлийн соёлын өвөрмөц байдлыг аль болох бодит байдлаар нь, зөвөөр үзүүлж тайлбарлахыг хичээдэг байлаа. 


-Багш маань оюутан байхаасаа л ажлын чадвар дадлыг өөртөө бий болгоод авчээ.Тэгвэл сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

-Анх сургуулиа төгсөнгүүтээ л орчуулгын бичиг баримт дүрэм журам зэрэг янз бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагадажилд орсон юм. Тэнд орчуулагчаас эхлээд оффис менежер, зар сурталчилгааны менежер сүүлдээ өрөө тасалгаа цэвэрлэх гээд шинээр ажилд орсон хүний хийдэг бүхнийг л хийж байлаа. Хэдийгээр ажлын туршлагагүй ч гэсэн маш завгүй ажиллаж, шантрахгүйгээр бүх ажлын ард нь гарахыг  хичээдэг байсан. Заримдаа өдрийн цайгаа ч ууж амжихгүй нь ч бий. 

Харин багшлах дадлагаа ШУТИС-д хийхэд  сэтгэл сэргэж олон сайхан эрдэмтэн багш нарын дунд нүд нээгдэх шиг болсон үеэ дурсан санаж хамгийн сайхан ажил байсныг ухаарсан юм. Учир нь сурч мэдэхийг гол зорилгоо болгосон инженер оюутнуудад хичээл зааж хүнийг сургаж хүмүүжүүлдэг багш гэдэг ямар буянтай гайхалтай  ажил байдаг юм бэ гэдгийг мэдэрсэн. Ингэж л  багш болсон түүхтэй. 

- Дөнгөж сургуулиа төгссөн залуухан багш анхны хичээлээ зааж байхдаа төрсөн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Анх Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харъяа “Билиг” дээд сургуульд 2008 онд багшаар орсон. Ингээд дөрөвдүгээр  курсын оюутнуудад мэргэжлийн англи хэл, хуулийн англи хэлний хичээл орох болсон. Энэ үед заах арга зүй, хичээлийн төлөвлөгөө, хөтөлбөр гээд ажлын арвин туршлагаасаа харамгүй хэлж, чиглүүлж байсан Бат-Эрдэнэ багшдаа үргэлж талархаж явдаг. 

Үе тэнгийнхээ оюутан залуусын дунд багш хэмээгдээд урам зоригтойгоор  хичээлээ зааж байснаа мартдаггүй. Гэтэл өнөөдөр 20 насаар дүү шахам оюутнуудад хичээл заагаад зогсож байна гэхээр цаг хугацаа гэдэг ямар хурдан юм бэ гэж бодож сууна. Өмнө нь дадлага хийж  байхдаа тэгтлээ сандардаггүй байсан ч анхны хичээлээ өдөр шөнөгүй бэлдэж, хийх хэлэх үйлдлээ зураглан төлөвлөж байлаа. Анхны хичээлээ англи хэлний түргэн хэллэг, зүйр үг тайлбарлан эхлүүлж байсан минь саяхан мэт санагдаж байна. 

Улмаар олон улсын харилцааны ангийн оюутнуудыг дааж авч төгсгөж байсан нь надад хамгийн анх “ангийн багш” гэсэн эрхэм бөгөөд хариуцлагатай алдрыг өгсөн юм. Эндээс  өөрийгөө улам их хөгжүүлэх үүднээс “Сэрүүлэг” дээд  сургуульд англи, солонгос хэлний багшаар ажилласан. Сургуулиа төгссөнөөс хойш бараг хэрэглэх боломж гараагүй байсан солонгос хэлээ сэргээн, солонгос хэлний ангийнханд ханз, яриа, сонсголын хичээл зааснаар улам сайжирсан. Этүгэн их сургууль болон Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулиудад багшилж туршлага хуримтлуулсаар байлаа. Улмаар Энэтхэг улсын Каруня их сургуульд зургаан сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сайхан боломж олдож, ажлаасаа чөлөө авч байв. Мэргэжлээ дээшлүүлж ирээд 2014 онд МУБИС хэмээх их айлийн босгыг алхаж байлаа. 

-Тэр болгон оюутнууд гадаад хэл сонирхдоггүй  байж болох. Гэвч багшийн заах арга ур чадвар, эерэг сэтгэл төрүүлж чадахаас ихээхэн шалтгаалах байх аа?

- Энэ тухайд Монгол Улс англи хэлийг дэлхий нийтийн хэл гэж бодлогоор их дэмжиж байгаа. Миний хувьд 2019 онд “Монгол Улсын гадаад хэлний бодлого хэрэгжилт үр дүн” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. 2020 оны 9-р сарын 23-нд Төрийн ордонд болсон “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт”  сэдэвт хэлэлцүүлэгт судалгааны ажлын сэдвээрээ илтгэл хэлэлцүүлэх боломж олдсон юм. Төрийн өмчийн ЕБС тавдугаар ангиас 12 дугаар анги хүртэл англи хэл зааж байгаа. Тийм учраас бид найман жил англи хэл сураад суурь нь тавигдсан хүүхдүүдэд хичээл зааж байна. Эндээс англи хэлний мэдлэгийг өндөр түвшинд хүргэе гэж хичээсэн ч цаг дээрээ тийм биш юм билээ. Үүнд  их санаа зовдог.

Уг нь монгол хүүхдүүд гадаад хэл сурах маш өндөр чадвартай. Япон солонгос хүүхдүүдтэй ярихад дуудлага нь өөр байдаг хэрнээ  монгол хүүхдүүдэд төрөлхийн цэвэр дуудах авьяас чадвар байдаг. Энэ тал дээр жааханхичээлт л дутаад  байгаа юм.  

Нөгөө талаар бодлогын хэрэгжилт дээр алдаа гараад байна. Бидний зүгээс наад зах нь хүүхдүүд өөрийгөө чөлөөтэй танилцуулах хэмжээнд сурсан байх ёстой гэсэн хүлээлт байдаг. Гэтэл бас л үгүй. Анги танхимаас  гараад л монголоороо ярьж байгаа учраас хэрэглээний орчин нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Тэгвэл бичгийн чадвараа өндөр болгох хэрэгтэй шүү дээ. Ийм л чадварыг бид оюутнуудаасаа хүлээдэг юм. 

Тиймээс л анхнаас нь англи хэл сурах хүсэл эрмэлзлэлийг  төрүүлэх ёстой. Иймийн тулд ЕБС, Их сургууль хоорондоо уялдаатай ажиллах хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн залуучууд гурвын гурван хэлээр ярьж байна. 

-Ихэнх багш нар мэдлэг мэргэжлээ  дээшлүүлэх зорилгоор  гадны эрдэмтэдтэй хамтарч ажилладаг. Таны хувьд?

-Миний хувьд хамгийн сүүлд буюу 2020 оноос эхлэн Ази Европын Залуу Удирдагчдийн 4-р чуулга уулзалт, олон улсын төслийн чиглүүлэгчээр 51 орны 3000 гаруй залуу судлаачдаас шалгарсан юм. Уг төслийн хүрээнд Ази Европын сангийн Боловсролын хэлтсийн захирал Леони Нагаражан болон тус сангийн зөвлөх Жэймс Чан нартай хамтран ажиллаж байгаа. Манай залуучууд ядаж англи хэлийг төгс хэрэглээд сурчих юм бол тэдгээр гурван хэлтэй залуучуудтай өрсөлдөхөд ойрхон болно. Би ч өөрөө эндээс хөгжиж,тухайн улс орны хүн ард, ёс заншил, хөгжил цэцэглэлтийнх нь талаар мэдлэг, мэдээлэлтэй болсоор байна. Мөн Англи профессор Жак Вайтхэд болон Мария нартай Америкийн үйлийн судалгааны хүрээлэнгийн судалгааны хүрээнд хамтран ажиллаж байгаа. Мөн энэ жилээс докторын судалгааны ажлыг үнэлэх олон улсын шалгагчаар ажиллаж байна. Саяхан 2021 оны гуравдугаар сард Энэтхэгийн “Суда Мурт романы утга зохиолын дүн шинжилгээ” хэмээх бүтээлд шүүмж, үнэлгээ өгсөн. 

Одоогоор Ази, Европын 10 орчим улс, 20 гаруй хотод судалгааны ажил, аялалаар очиж олон сайхан эрдэмтэн мэргэдтэй танилцаж, туршлага солилцон, сурч судалсаар байгаагийн хувьд хамгийн сэтгэлд хоногшсон нь Энэтхэгийн ард түмнээс эд мөнгөнөөс илүү үнэтэй бэлэг байдгийг ухаарсан явдал юм. 

Тэр нь, өөрийгөө дайчлах биеийн бэлэг, бусдад анхаарал тавих сэтгэлийн бэлэг, дулаан зөөлөн харах харцны бэлэг, сайхан инээмсэглэх нүүрний бэлэг, урамшуулан зоригжуулах үгний бэлэг гэх мэт биет бус бэлэгний үнэ цэнийг ойлгох ухаарах хүн олон байгаасай гэж хүсдэг. 

Багш хүн бол бусдыг урамшуулан сэргээх, ухааруулах үгэн бэлгийг харамгүй өгдөг байх учиртай. 

Гадны судлаач, эрдэмтэдтэй хамтран ажиллаж, тэднээс суралцаж байх үед хамгийн нийтлэг ажиглагдсан зүйл бол олонх нь эхлээд өөрийгөө удирдахуй, дараа нь баг хамт олныг удирдахуй, хамгийн сүүлд нь нийгмийг удирдахуй гэсэн ерөнхий зарчмыг баримталдаг нь ажиглагдсан. Яг л манай монголчуудын “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэнтэй агаар нэгэн буй. 

-Багш хүн дандаа нэгийг төлөвлөж зорилгоо тодорхойлж явдаг даа. Таны хувьд?

-Одоогоор дотоод гадаадын 50 шахуу эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгааны өгүүлэл хэвлүүлсэн байна. Цаашид энэ алхмаа тасралтгүй үргэлжлүүлж олон улсын түвшний эрдэмтэн болохын төлөө зорьж яваа. Эх орныхоо бахархам түүх баялаг, ард түмний соёл сэтгэлгээ аль сайхан бүхнийгээ дэлхийн эрдэмтэдтэй хуваалцах юмсан гэдэг чин хүсэл мөрөөдөлтэй явдаг. Эрдэм мэдлэгээс гадна хувь хүний хүнлэг байдал, сэтгэл зүйн боловсрол маш чухал. 

Дэлхий улс орнуудыг аз жаргалын индексээр жагсаасан судалгааны тайлан харж байлаа. Манай орон удахгүй энэ жагсаалтын эхэнд бичигдэнэ гэдэгт итгэдэг. 

Энэ бүхний төлөө хичээнэ. Оюутан залуучууддаа ч ийм зүйл байдаг юм шүү гэдгийг ойлгуулна. Энэ ч утгаараа  хичээлийн жилийн эхэнд шинээр элссэн оюутнуудаасаа заавал “та нарт англи хэл хэрэгтэй юү, үгүй юу” гэсэн энгийн мэт боловч чухал нэгэн асуултыг асуудаг. Мэдээж ихэнх нь ажил мэргэжилд мөн, дэлхийн хэмжээний боловсролтой болоход хэрэгтэй гэх мэт алсын хэрэгцээг дурддаг. Харин тэр үед нь шөнө 11, 12 цагийн үед унтах нойроо умартан “би заавал англи хэлний даалгавраа хийх ёстой шүү дээ” гэх тийм урам зориг төрүүлэх зүйл чинь юу вэ гэж хүртэл асуудаг. Хэрэв тийм биш бол би тэдэнд хичнээн сайхан хичээл заагаад үр дүнд хүрэхгүй. Хамгийн харамсалтай нь манай хүүхэд залуучуудын олонх нь өөрийн гэсэн хобби ч үгүй байна. Тийм ч учраас хүүхдийн  сурах идэвх сонирхол  маш чухал. 


- Таны хайрлаж хүндэлдэг хүмүүс?

Хамгийн эхэнд ээжийгээ хэлнэ. Надад үргэлж урам өгч, биеэ дайчлах эрч хүч хайрладаг хүн бол ээж минь юм. Миний ээжийг Дамбадаржаагийн Адилбиш гэдэг. Хөвсгөл аймгийн Их Уул суманд эгэл жирийн нэгэн гэр бүлд төрсөн. Ээжийнхээ хийж, бүтээж, амжуулж чадаагүй бүхнийг нь хийх гэж илүү их зүтгэдэг юм. Аавыг минь Жамбалын Оросоо гэдэг. Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн. Өвөө маань монгол хэл бичгийн багш байсан гэдэг. 

Намайг өдий зэрэгтэй эрдэмтэн болоход хамгийн их тусалж дэмжиж байдаг гэр бүлдээ маш их хайртай. Миний хамгийн их бахархаж явдаг хүн бол нагац ах, шашны ухааны доктор Д. Мөнхбат агсан юм. Хэзээ нэгэн өдөр нагац ахынхаа хийж байсан судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийнэ дээ гэж боддог доо. Үргэлж намайг дэмжиж, түшиг тулгуур болдог хүн бол хань минь юм. 

Хань О.Түмэнжаргалтайгаа анх ШУТИС-ын номын санд математикийн хичээлийнхээ бодлогыг асууж танилцаж байсан нь саяхан мэт санагдаж байгаа ч одоо хүү, охин хоёрын ээж аав болсон байна. ШУТИС бол миний амьдралын хамгийн нандин сайхан дурсамж агуулсан их номын өргөө билээ.

Энэ л сургуулийн эрдэмтэн багш нарын удирдлаган дор бакалавр, магистр, докторт сурснаараа үргэлж бахархаж явдаг. Тиймээс тус сургуулийн эрдэмтэн багш нар миний хамгийн хайртай хүмүүсийн тоонд яах аргагүй орно. 1-р курст байхдаа зөвлөх багш Жавхлангийн удирдлаганд оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн маань эрдэм, судалгааны ажлын маань эхлэл байжээ. 

Хамгийн сүүлд миний докторын ажлыг удирдсан Д.Болд багш эгэл боловч маш мундаг хүн. Шинэлэг сэтгэлгээтэй, өөрийн гэсэн тогтсон үзэл баримтлал, үнэт зүйлтэй, аливаа асуудлыг маш сонирхолтойгоор тайлбарладаг ухааруулдаг учраас багшийгаа хамгаас илүүд хайрлаж хүндэлж явдаг. 

-Ер нь багш байхын сайхан нь юу вэ?

Багш хүний баялаг бол эд хөрөнгө бус эрдэм мэдлэг, түүнийг эзэмшихийн тулд хичээн зүтгэж байгаа шавь нар юм. Багш хүний хувьд түмэн олон шавь нараараа “багш аа” хэмээн дуудуулан, хүндлэлийг мэдрэх нь агуу их тансаглал билээ. Илүү ихийг сурахаар шунан дурлаж, тэмүүлж байгаа шавь нарынхаа харцыг харах бас сайхан байдаг. Бид үндэс угсаа, хүйс, эх орноо сонгож төрдөггүй. 

Монгол Улс дотроо ч аймаг хотоо сонгож төрдөггүй учраас багш хүн ямар ч тохиолдолд аливаа хүнийг ялгаварлан гадуурхахын эсрэг байр суурьтай байх ёстой гэж үздэг. 

Хүний амьдрал гэдэг үүртэй, үртэй, идэш ууштай болоод өнгөрөх зүйл бус хайрыг түгээж, түүнийг үлгэрлэн харуулж амьдрахуй юм гэж боддог. Үлгэрлэн харуулна гэдэг нь багшийн хамгийн гол үүрэг гэж хардаг.

Сайхан сэтгэл, эрүүл биеэрээ гангарч бусдыг аз жаргалтай, эрүүл энх байж амжилт өөд тэмүүлэх урам зоригтой болгоход туслах явдал юм. 

Магадгүй 20,30 жилийн дараа миний ертөнцийг үзэх үзэл,бодол, үнэт зүйл маань үүнээс арай илүү ахисан түвшинд хүрсэн байх болов уу.

-Үе үеийн эрдэмтэд хуран чуулсан МУБИС-д анх орж ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

МУБИС-ийн Англи Америк судлалын тэнхимд англи хэлний багшаар ажилд ороод удаагүй байхад хамгийн анх Ц. Өнөрбаян багштай таарч, мэндлээд өнгөрөхдөө сурагч байхад минь монгол хэлний номны маань хавтсанд нэр нь заларсан байдаг, монгол хэлний олимпиадад бэлдэж байхдаа ч Ц.Өнөрбаян багшийн ном гэж хэлж, ярьж сурсан агуу хүнтэй ингээд таарна гэж төсөөлөөгүй байлаа. Монгол Улсын ардын багш маань алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барин шинэхэн доктортоо баяр хүргэхэд зүүд мэт л санагдаж, маш их бэлэгшээсэн дээ.Багшийн багш хэмээгддэг эрхэм алдарт энэхүү эрдэм номын өргөөнд үе үеийн эгэлгүй эрдэмтэн, мэргэдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. 


-Таны цаг үеэ нийгмээ дагаад сургалтын арга барилаа хэрхэн өөрчилдөг вэ? 

-Багш хүн судлаач байх ёстой. Дэлхий дахинд боловсрол судлал, заах арга зүйн судалгаа хэр байгааг, өөрийн багшлахуйн түвшин хааана яваагаа бодитоор мэддэг байх хэрэгтэй.

Оюутан суралцагчдаа судалж байж тэдэнд хэр хэмжээнд эрдэм мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх боломжтой гэдгээ ч мэдэх юм. Аливаа сургалтын үр дүн багшаас 100 хувь шалтгаалахгүй. Багш, суралцагч, эцэг эх хамтран ажиллаж байж жинхэнэ үр дүнд хүрэх боломжтой байдаг. Харин их, дээд сургуулийн сургалтын хувьд биеэ даасан, насанд хүрсэн хүмүүст сургалт зохион байгуулж байгаа учраас үр дүн нь арай өөр гэсэн үг. Өөрөөр хэлбэл суралцагчийн хичээл зүтгэл, бие даасан байдал, сурах хүсэл тэмүүлэл илүү их нөлөөлдөг юм. Бид цар тахлаас болж дэлхий нийтээрээ цахим сургалтад шилжлээ. Энэ хугацаанд цахим сургалтын үнэлгээ гэдэг асуудал хамгийн чухал байгааг мэдэрч байна. 

Компьютер, гар утасныхаа ард Батаа гэдэг оюутан яг өөрөө суугаад хичээл хийж, шалгалтаа өгч байна уу гэдэг хүртэл эргэлзээтэй болж байна. (Учир нь Батааг багш нар анхнаасаа хараагүй, эсвэл Батаа хичээл болгон дээрээ нэг нэг найзыгаа хариуцуулсан байж ч болох гэх мэт)Цаашид цахим сургалт улам хөгжиж нүүр танигч програм ашигладаг болох байх. 

Монголын их, дээд сургуулиуд цахим сургалтын журам гаргаж, үнэлгээ боловсруулсан байгаа ч учир дутагдалтай зүйл их байгаа. 

Онлайн сургалт, зайн сургалтынхаа үнэлгээг тус тусад нь боловсруулах хэрэгтэй. Мөн онлайн сургалт, зайн сургалт хосолсон үед бас яаж үнэлэх вэ гээд олон шийдэгдээгүй асуудлууд байсаар байна. 

Шалгалтын үеэр оюутнууд тусдаа “Group chat” бүлэг үүсгэж, хоорондоо хэлэлцэж, бусдаас зөвлөгөө тусламж авч хуурч, хуулж байна. Энэ үед багшийн зүгээс мэдээлэл техниолгийн мэдлэг хүрэхгүй тул ямар ч арга хэмжээ авах боломжгүй болж байна. 

Ийм байхад цахим сургалтын үнэлгээ үнэн бодит, найдвартай байх боломжгүй юм. 

Цар тахал бидэнд их зүйлийг сургалаа. 200-300 оюутныг нэг танхимд суулгаад “цээж бичиг, хуулан бичлэг” хийлгээд буюу шууд бэлэн мэдээлэл өгөөд үр дүнд хүрэхгүй юм байна гэдгийг харуулж байна. 

Оронд нь цахимаар бие даан уншиж, судлах зүйлсийг нь хангалттай байршуулаад, хичээлийн цагтаа мэдлэг бүтээлгэх хэрэгтэй. Монголд одоогоор шинэ мэдлэг бүтээгээд, инновацийн бүтээл хийгээд байгаа багш ховор байна. Тийм болохоор нэгэнт бий болсон байгаа мэдлэгийг харамгүй түгээх, дамжуулах хэрэгтэй юм. 


-Хэлэх дуртай үг тань?

-Маш олон афоризм, эрдэмтдийн үгнээс иш татах дуртай. Үүний нэг нь Жордан Смитийн хэлсэн “Таныг хорвоод мэндлэхэд эргэн тойрны хүмүүс бүгдээрээ инээмсэглэж, та ганцаараа уйлж байсан. 

Харин энэ хорвоогоос явахад та ганцаараа инээмсэглэж, бусад хүмүүс уйлж байхаар амьдраарай” гэсэн үг хамгийн сэтгэлд хүрсэн байдаг. Учир нь энэ амьдралдаа ямар нэгэн зүйлд харамсахааргүйгээр, сэтгэл хангалуун, амар тайван амьдарсан хүн л хорвоогоос буцахдаа инээмсэглэх буй за.

Тийм ч учраас дараа нь ингэдэг байж, тэгдэг байж гэж харамсахгүйн төлөө засах хэрэгтэй зан байдлаа засах, хөгжүүлэх хэрэгтэй ур чадвараа хөгжүүлэх, үргэлж шинийг суралцах хүсэл зоригтой байж, өөрийнхөө хамгийн сайн хувилбар болох гэж хичээдэг.