Oldboy киноны тухай танилцуулга, шүүмж, бүх зүйл


Солонгосын кино урлаг өнөөгийнх шиг дэлхий нийтэд танигдаагүй байсан 2000-аад оны эхэн үед жинхэнэ тэсрэлт болсон бүтээл бол найруулагч Пак Чан Вүүкийн “Old Boy” юм. Магадгүй энэ л кино одоогийн “Parasite”, “Train To Busan” “Minari” зэрэг алдартай бүтээлийг Холливүүдийн тавцанд гарахад чухал үүрэг гүйцэтгэсэн байх. Санаанаас гардаггүй, дахин үзэх болгонд догдлуулдаг, үзэх болгонд шинэ мэдрэмжийг төрүүлдэг киноны тоонд зүй ёсоор багтдаг энэхүү бүтээлийг онцолж байна.  Хэрэв та үзээгүй бол энэхүү шүүмжийг уншсаны дараа заавал олж үзээрэй.

Уг цувралд кино шүүмжчлэгчдээс өгсөн үнэлгээ:


Imdb-гээс 8.4/10

Өгүүлэл ба утга санаа: 9.0

Жүжигчин / Дүрүүд: 10

Хөгжим, дуу: 8

Дахин үзэх үнэ магадлал: 8.5

Нийт дундаж: 8.5

 Киноны ерөнхий агуулга:


Гол дүрийн залуу У Тэ Сү халамцуу цагдаагийн газарт баривчлагдан ирснээр киноны үйл явдал эхэлнэ. Найз нь ирж түүнийг суллах ба телефон утасны бүхээгээс охиндоо удахгүй очлоо гэж хэлээд найздаа үргэлжлүүлэн ярь гээд утасаа өгнө. Найз нь ярьж дуусаад эргээд хартал гол дүрийн залуу алга болсон байдаг. Ийнхүү бүхэл бүтэн 15 жилийн турш үл мэдэгдэх газар баншнаас өөр хоол идэлгүйгээр хоригддог. Ор, ширээ, зурагт, угаалгын машинаас өөр зүйлгүй, нэг ч цонхгүй өрөөнд хоригдоно. Нэгэн хөгжим явж эхэлмэгц өрөөг хорт хийгээр дүүргэн ухаан алдуулаад сэрэхэд нь бүх зүйлийг цэвэрлэж, үсийг нь зассан байдаг. Эхний хэдэн жил яагаад энд ирснээ мэдэхийн тулд бүх хүчээ баран уйлж, хашгирч, тэмцэлдэж байлаа. Ингээд ямар ч нэмэргүй гэдгийг ойлгон тулааны бэлтгэл хийж, өнгөрсөн амьдралдаа уурлуулж, гомдоож байсан бүх хүмүүсийнхээ нэрсийн жагсаалтын бичин чухам хэн намайг энд хорьж байгаа юм бол, хэн ч байлаа гэсэн би түүнийг хэсэг хэсгээр тасдаж хорооно гэж өөртөө амладаг. 

Гэнэт үл мэдэгдэх шалтгаанаар тэр ухаан ортол суллагдсан байх бөгөөд эхнэр нь өөрт нь алуулсан гэх мэдээ гарч, охин нь Шведэд үрчлэгдсэн байдаг. Ийнхүү энэ олон жилийн хугацаанд хэн, ямар шалтгаантай түүнийг хорьж байсныг мэдэхийн тулд хайж эхэлснээр кино цааш үргэлжлэнэ.



Шүүмж:

Магадгүй та энэ киног үзээд хэдэн өдөр санаанаас тань гарахгүй бодож, эргэцүүлж, зовниж магадгүй. Гэхдээ хүн бүрийн санаанаас хэзээ ч гардаггүй , сэтгэлд хоногшсон, хэд ч үзсэн уйдаггүй кино байдаг даа. Oldboy бол яг тийм л кино. Ганцхан удаа үзээд киноны агуулгыг тэр чигт нь хэзээ ч ойлгохгүй. Хэд хэдэн удаа үзсэний дараа хамгийн аймшигтай гэж бодож байсан шүд сугалдаг, зодолддог, нохой болж хуцдаг хэсгээс айх биш тэс өөр сцень нь танд жинхэнэ аймшгийг мэдрүүлэх болно. Сүүлийн үеийн тулаант кинонууд ихэнхдээ сайн, муу гэсэн хоёр талд хуваагдчихаад зодолдоод байдаг бол энэ кинонд гарч байгаа хоёр талын алийг нь ч дөвийлгөн гаргаагүй зөвхөн аль талыг сайн гэж харахыг нь үзэгчидэд л үдлээсэн нь найруулагчын үнэхээр ухаалаг шийдэл болсон гэж дүгнэсэн.

Уур хилэн, үзэн ядалт, гуниг харуусал, айдас түгшүүр гээд олон мэдрэмжийг ганцхан кинонд шингээж өгсөн нь гайхалтай. Киноны зураглал, жүжигчдийн ур чадвар, логик уялдаа холбоо, зангилаа тайлал, хөгжим гээд бүхэлдээ шилдэг бүтээл.


 

Киноноос онцлох ишлэл:


Инээ тэгвэл дэлхий чамтай хамт инээх болно

   Уйл тэгвэл чи ганцаараа л уйлах болно

Бүгдийг мэдэж байсан ч бид биенээ хайрласан, харин та хоёр тэгэж чадах уу?

Чамайг байнга айдастай байдгийг мэднэ ээ. Тиймээс зүгээр л намайг унагаачих

Намайг юу гэж залбируулмаар байна?

   Бурхан минь дараачийн удаад намайг илүү залуухан эртэй учруулж өгөөч гэж хэлээрэй...



Гол дүрийн жүжигчин Чой Мин Шикийн тухай:

Тэрээр 1962 онд Өмнөд Солонгос улсад төрсөн. Кино урлагт хөл тавьснаасаа хойш чадварлаг жүжиглэлтээрээ олны сайшаалыг хүртсээр ирсэн ба  2015 онд гарсан “The Tiger Old Hunter’s Tale” кино нь түүнийг Солонгосын кино урлагийн ноён оргилын нэг гэдгийг улам батлан харуулжээ. Түүний тоглосон алдартай бүтээлүүдээс дурдвал:  Oldboy (2003), I Saw the Devil (2010),  The Admiral: Roaring Currents (2014) болон Скарлтетт Иохансентай хамтран тоглосон  Lucy (2014) зэрэг байна.


Санал болгож буй заавал үзэх сцени:

Хэт хэтрүүлэгтэй, үнэмшилгүй, бараг арав гаруй хүнтэй зэрэг зодолдсон хэрнээ огт ядардаггүй зодооны хэсэгтэй кинонуудаас хэд дахин илүү үнэмшилтэй, бодит зураг авалттай сцени юм. Мөн олуулаа мөртлөө нэг нэгээрээ дайрах, зодооны урлагт муу гол дүрээ чадварлаг харагдуулахын тулд камерийн огцом, хүчтэй хөдөлгөөн хийх зэрэг үнэмшилгүй сценитэй кинонд алив ээ ингэж хийх хэрэгтэй шүү дээ гэсэн сануулга өгсөн үзэгдэл юм. 


Холбоотой сэдвүүд

шилдэг кино шүүмж танилцуулга

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.