Чанартай боловсролыг дэмжих зорилготой “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хоёр дахь үе шат (2020- 2022)-ны хүрээнд 2021 оны 5 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний виртуал чуулганыг зохион байгуулж байна. 

Оролцогчдын илтгэлийн хэсгээс товчлон хүргэж байна.

3,4 сая ажилчид хэрэгцээтэй байгаа ч ур чадвартай ажилчид олдохгүй болно

Н.Оюунцэцэг(Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга, МУИС-ийн ахмад багш, доктор Ph.D) 

Өнөөдөр манай ихэнх сургуулиуд уламжлалт сургалтын орчинг ашигладаг хэвээр байна.Сургалтын орчин, орон зай, хэрэглэгдэхүүнийг 21-р зууны иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх шаардлага тулгарсан. Одоо суралцаж байгаа хүүхдүүдийн 65 хувь нь сурч байгаа зүйлээсээ өөр ажил хийнэ. Ойрын арван жилд аж үйлдвэрт 3,4 сая ажилчид хэрэгцээтэй байгаа ч ур чадвартай ажилчид олдохгүй болно.  

Мэдлэг, чадварын хадгалагдах болон хэрэглэгдэх хугацаа улам богиносч, хувь хүнээс хандлага, зан чанар, сэтгэл хөдлөл, сэдэл зэрэг цогц чадвар шаардах боллоо. Өгсөн нөхцөл байдалд үүрэг, даалгаврыг амжилттай гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, хандлагаа хэрэглэх чадавх буюу цогц чадамж эзэмшүүлэх нь насан туршийн боловсролын зорилго, зорилт болно.

Шинэ зууны боловсролыг олгоход сургалтын агуулгыг ядаж өнөөгийн ашиглагдаж буй шинжлэх ухаан,технологийн хөгжлийн түвшинд хүргэх, төсөлд суурилсан сургалтыг дэмжих ёстой. Цогц чадамжийг хөгжүүлэхэд суралцагчдад илүү чөлөөт орон зай олгож, хувь хүнийх нь хэрэгцээнд нийцсэн дэмжлэг үзүүлж, өөртэй итгэх итгэлийг нэмэгдүүлж, суралцагч бүрийн ахиц дэвшилд төвлөрсөн суралцахуйн арга зүйг баримтлах хэрэгтэй байна. Энэхүү чадамжийн үнэлгээнд “Нэгдүгээрт, баримт, нотолгоо цуглуулах, хоёрдугаарт, дүгнэлт гаргахын тулд баримт, нотолгоогоо тогтоосон шалгуурын дагуу хөрвүүлэх” нь амин чухалд тооцогдоно.


Бүх үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлэх учиртай

Э.Шинэцэцэг (Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн гишүүн, Байгль орчны мэдээлэл сургуулийн төвийн захирал, докторант)

Тогтвортой хөгжлийг дэмжих гэдэг нь зөвхөн сургалтын хөтөлбөрт шинэ агуулга нэмэх, эсвэл бие даасан курс хичээл заах асуудал биш юм. Бүх үйл ажиллагаагаа бүхэлд нь тогтвортой байдлын зарчимд нийцүүлэх ёстой. Суралцагчдад, нийгэмд илүү үр өгөөжөө өгөхийн тулд боловсролын байгууллагыг бүхэлд нь өөрчлөх, тогтвортой байдлыг сургуулийн амьдралын бүхий л хүрээнд, үйл ажиллагааны салаа мөчир бүрт бий болгох ёстой. Иймд сургууль, орон нутаг бүгдээрээ бүхэлд нь илүү тогтвортой байдлын төлөө өөрчлөлтийг эхлүүлье.


Манай сургууль хүлэмждээ   өргөст хэмх, байцаа, цэцэгт байцааг тарьж,  хураан авдаг

Б.Эрдэнэчимэг(Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш)

 Сургалтын байгууллагын эзэмшлийн талбайн нийт 95%-д нь ногоон байгууламж бий болгож, гадаад талбай болон туршилт, танин мэдэхүй, сургалт хүмүүжлийн ажил явуулах нөхцөлийг бүрдүүлж сурагчид хүрээлэн буй орчноо унаган төрхөөр нь хамгаалж ирсэн “Монголчуулын уламжлалт зан үйл”-ээс суралцан түүнд биечлэн оролцох бололцоог олгодог.Сургуулийн гаднах талбайн ногоон байгууламжийг цэцэгжүүлэх зорилгоор сургуулийн багш ажилчид нийт 2985ш цэцгийн үрсэлгээ хийж 5 мандлыг цэцэгжүүлсэн.  Нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн мод тарих, ойн модыг нөхөн сэргээх бүх нийтийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулдаг. Манай сургууль хүлэмждээ   өргөст хэмх, байцаа, цэцэгт байцааг тарьж,  хураан авдаг.  Мойл, үхрийн нүд, нохойн хошуу зэргийг түүж авдаг.

Ногоон байгууламж, туршилт, танин мэдэхүйн талбайг танхимын бус сургалт, хичээлээс гадуурх сургалтад ашиглаж сурагчдын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах өв соёлоо түгээн дэлгэрүүлэх арга ухаанд сургах нь үр дүнтэй. Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд”-д жил бүр оролцдог.


Хуучин цахилгаан хэрэгслээ сольсноор хэрэглээний зардлаа 50 хувь бууруулсан

С.Баярхүү (Нийслэлийн СБД-ийн 130-р цэцэрлэгийн эрхлэгч, боловсрол, нийгмийн удирдлагын магистр)

Манай цэцэрлэг бүлэг өрөө тасалгаа, коридорын агааржуулалтын хоолойг шинээр хийж, дуу намсгагч ашиглаж, моторын хүчин чадал нэмэгдүүлсэн. Цэцэрлэгийн шар гэрлийг лед гэрлээр сольсноор цахилгааны зардал 50%-аар буурсан. Түүнчлэн ариун цэврийн өрөөний эрсдлийг судалж, илрүүлэн усны алдагдлыг олж мэдсэн. Суултуур, угаалтуураас алдагдаж буй усны алдагдлыг тооцоолж, усаа хэмнэх аян өрнүүлсэн.Агшин зуурын халаагчийг хэрэглэдэг байснаа автомат халаагчаар сольж, эвдрэл гэмтлүүдийг засварласнаар сарын усны зардлаа 40% бууруулж чадсан. Хүүхдийн аюулгүй орчны стандартыг хангахгүй байсныг дотоод орчны судалгаагаар илрүүлсэн тул халуунаа нэгэн хэмд барьдаг  аюулгүй байдлыг хангасан усны бойлуур байршуулсан нь ч хэмнэлтэд нөлөөлсөн.


 Нэг ангид суралцах хүүхдийн тоо 30-аас илүүгүй байх ёстой

С.Болормаа(Барилгын хөгжлийн төвийнНорм, нормативын хэлтсийн мэргэжилтэн)

Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын барилга, байгууламжийн стандартыг шинэчлэн төлөвлөх хэрэгцээ үүссэн. Нэг ангид суралцах хүүхдийн тоо 30-аас илүүгүй байх ёстой гэх мэт өөрчлөлтийг хийх шаардлагатай.


10849 соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч бүртгэгдсэн байна.

Б.Даваацэрэн(Соёлын яамны Соёлын өвийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч)

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 149 дүгээр зарилгаар “Эрдэнийн судар”-т тэмдэглэсэн“Монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, эрдэм боловсрол, ёс суртахуун, өв соёл, нүүдэлчин ухаан”-ыг Монголын ард түмний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс мөн хэмээн тунхагласан байдаг.

Соёлын өвийн үндэсний төвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд өнөөдрийн байдлаар 10849 соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч бүртгэгдсэн байна. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч бол жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч бөгөөд өөртөө ажил олгогч нь бас ажилтан нь байдаг.


Суралцагчдыг шинлжэн судлах арга барилаар дамжуулан сургах хэрэгтэй байна

Г.Батцэцэг (Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн гишүүн, БОМСТ-ийн Хөтөлбөрийн менежер)

Суралцагчдыг шинжлэн судлах  арга  барилаар  дамжуулан  орон нутгаа  судалж, цөлжилтийн  эсрэг  тэмцэх боловсролтой  болгох, сургууль, багш нарын чадавхыг дээшлүүлэх нь эко сургуулийн манлайллын хэлбэр юм. Олон улсын эко сургууль хөтөлбөр нь сурагчдын оролцоонд тулгуурлаж, тэдний идэвх санаачилгыг дэмжих замаар хүүхэд залуус, эцэг эх, тухайн орон нутгийн нийт иргэдэд тогтвортой хөгжлийн талаарх ойлголт, мэдлэг эзэмшүүлж, зан үйл, хандлагыг нь өөрчлөхөд чиглэсэн олон улсын хөдөлгөөн юм. Энэ хөтөлбөр манай улсад албан ёсоор хэрэгжиж эхлээд 10 жилийн ойтойгоо золгож байна. 


Хүүхдийн үүрч буй цүнхний жин ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 1.24- 2.05 дахин их байна

Л.Гэрэлмаа (МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч)

Сургуулийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хүрээнд сургуулийн гадаад орчин, барилга байгууламж, сургуулийн ус, дулаан хангамж, ариун цэврийн байгууламж, сургуулийн анги танхимын эрүүл ахуйн шаардлага, хоол хүнсний аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын байгууллага 2018-2020 ондхяналт шалгалт хисэн. 

Уг шалгалтаар

-сургуулийн орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлт61.8%, 

-эрсдэл үүсэх магадлал 37.9%-тай байсан. 

Сургууль орчмын эдэлбэр газар/хүрэлцээгүй, зам талбай хашаа хайс эвдэрсэн, аюулгүй байдал, цэвэрлэгээ хангалтгүй. Гадна биеийн тамирын талбай хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаагүй. Хог хаягдал/цуглуулалт, зайлуулалт, ногоон байгууламж гадна орчны эрүүл ахуйн нөхцөл, барилга байгууламжид хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй.

Үйлчлэх хүрээ, тээврийн хэрэгслээр зорчих хугацаа, барилга хоорондын зай, байршил, анги танхимын зохион байгуулалт, хэмжээ, сургуулийн орчинд ариун цэврийн байгууламж, тоног төхөөрөмж  хүрэлцээгүй, дутагдалтай, шаардлага хангаагүй байсан.

Өөрөөр хэлбэл, 30 охин тутамд 1 ариун цэврийн өрөө, 40 хөвгүүн тутамд нэг суултуур оногдож байгаа хангалтгүй. 

Мөн ерөнхий боловсролын сургуулиудад 6 настай хүүхдэд зориулсан суултуур, гар угаалтуур төлөвлөх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө бий болгох, нүхэн жорлон-энгийн бие засах газрыг стандартын шаардлагад нийцүүлэх нь тулгамдсан асуудал болж байна. 

Анги танхимын хувьд эрүүл ахуйн нөхцөл учир дутагдалтай байсан. Тухайлбал, бүлэг дүүргэлт нормоос хэтэрсэн, нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ бага, 6 настай сурагчдад зориулан анги танхимын төлөвлөлтийг гүйцэтгээгүй, агаар солилцооны давтамж, агаарын хэм, агаар сорох, оруулах системийн төлөвлөлт, гэрэлтүүлэг/нарны шууд тусгал 3 цагаас илүү байхаар тооцоолоогүй гэх мэт дутагдал илэрсэн. 

Хүүхдийн үүрч буй цүнхний жин ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 1.24- 2.05 дахин их байна. 

Ширээ, сандал нь хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон, стандартын шаардлага хангасан байх гээд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт шаардлагыг мөрдөх хэрэгтэй байна. Ингэж байж сая тогтвортой хөгжлийн боловсролыг ярина. 


Эрэгтэй суралцагчийн сургууль завсардалт их байдаг

Д.Сүнжид (ХЭҮК-ын гишүүн)

Жендэрийн ялгаатай байдлын индексээр Монгол улс 149 орноос 2020 онд 79 дүгээр байранд байна. Тэр дундаа боловсролын амжилтын жендэрийн ялгаатай индексээр 153 орноос 71-т орж байгаа үзүүлэлттэй. Боловсролын салбарын суралцагчдын хүйсийн харьцаа, ЕБС-ийн бага ангид элсэх хувь адил боловч боловсролын шатлал ихсэх тусам эмэгтэй суралцагчид давамгайлдаг, эрэгтэй суралцагчийн сургууль завсардалт их байдаг.

Боловсролын салбар дахь ажиллагсадын хүйсийн харьцааны хувьд багш, ажилтан эмэгтэйчүүд, харин захирал, удирдах албан тушаалд эрэгтэйчүүд түлхүү ажиллаж байна.

Сургалтын хөтөлбөр, сурах бичих, сургалтын орчны тухайд жендерийн агуулга, хүртээмж хангалтгүй байна. Хүний эрхийн боловсролтой, жендерийн мэдрэмжтэй иргэн бэлтгэхийн тулд боловсролын байгууллагын бүх багш, албан хаагчдад тогтмол сургалтыг зохион байгуулах шаардлагатай, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийж, 2017 оны салбарын жендерийн бодлогын хэрэгжилтийг дүгнэж, цаашид хийх ажлаа ерөнхий байдлаар бус нэг бүрчилсэн байдлаар тодорхойлох, төсвийн эх үүсвэрийг заах, хариуцах нэгжийг тодорхойлох, хяналт-шинжилгээ хийх шаардлагатай.