Бид энэ удаа "Очих газар"-аар Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь өвөрмөц тогтоцтой Цагаан суваргыг танилцуулж байна.

Дээрээс харвал улаан шаргал өнгийн хадны зохицол, өвөрмөц тогтоц нь ангараг дээр ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэм. Удаан зогсож алсыг хараад л баймаар, байгалийн тогтоцыг нь бишрэн сүрдмээр.  

Улаанбаатараас 500 орчим км зайтай. Өглөө гараад өдөртөө очих газар. Зургаас харсан төдий л тул өмнөөс нь уул мэт дүнхийж урд харагдах болов уу гэтэл  цагаан суварга дээрээ гарчихсан байдаг нь гайхашрал төрүүлдэг.

Нэрт газарзүйч О.Намнандорж гуай ”Монгол орны байгалийн гайхам сонин” хэмээх номондоо “Цагаан суврага нь олон зуун жилийн турш хүний хүч хөдөлмөрөөр бүтээж байгуулсан хот балгад, орд харш мэт хачин сонин харагдах бөгөөд тэр байдлаараа говь нутгийн нэн үзэсгэлэнт гоо сайхны нэг болох байгалийн өвөрмөц тогтоц бүхий дурсгалт газар" хэмээн бахдан бичжээ.

Олон жилийн өмнө далайн ёроолд байсан лаг шаврын давхарга нар салхины улмаас ийм хэлбэрийг олжээ. Мөргөцгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэг нь айж сүрдэм. Өндрөөс айдаг хүмүүс дөхөж зүрхлэхгүй байхад зарим нь ирмэг дээр нь гарч зураг авахуулдаг.

Цагаан суваргаас зүүн тийш долоон километрт, намхан толгодын дунд Хэвтээ босоогийн агуй буй. Энэ агуйн урт нь50 метр үргэлжилдэг. Онцлог нь агуйруу орохдоо босоогоор орох бөгөөд агуйн өндрийн хэмжээ намссаар гарч ирэхдээ бараг хэвтээгээрээ гарна.

Цагаан суварга байгалийн энэ үзэсгэлэнт газрыг түшиглэн Цагаан суварга, Говь суварга болон Gobi CaravanSerai жуулчны баазууд үйл ажиллагаагаа явуулдаг.