О.Амартүвшин: Өлсөх, даарахын эрхэнд хөл хорионы дэглэмийг зөрчихөөс өөр аргагүйд хүрнэ

Х.Оргил
11 сарын 14, 2020

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Нийтээр нь хөл хорио тогтоосон энэ үед Засгийн газар аж ахуйн нэгж, иргэдийнхээ амьжиргааг дэмжих яаралтай арга хэмжээ авахгүй бол цар тахлын нөлөөгөөр 260 гаруй мянган хүн ажилгүй болох эрсдэл байна. 

Өнгөрсөн хавар Танхимын хийсэн судалгаагаар аж ахуйн нэгжүүдийн 33 хувь нь ажлын байраа цомхотгосон. Тэгвэл өнөөдөр үүнээс ч илүү хүнд нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. 


-Засгийн газраас хөл хорионы тав хоногийн хатуу дэглэм тогтоох шийдвэр гарсан. Гэнэтийн шийдвэрийн дараа аж ахуйн нэгжүүд, бизнесүүд яах эсэх нь тодорхойгүй нөхцөлд байгаа. Энэ үед Танхим ямар байр суурьтай байна вэ?

-Юун түрүүнд ААН, бизнесүүдэд чиглэсэн мэдээ, мэдээлэл нь маш тодорхой бус байгааг онцлон хэлье. Над руу холбогдсон ААН-үүд бид яах ёстой вэ гэж асууж байна.Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор шөнө дунд УОК хуралдаж мэдээлэл хийж Засгийн газрын албан ёсны байр суурийг илэрхийлсэн. 

Шадар сайдын мэдэгдэл төрийн байгууллагын албан хаагчдад маш тодорхой байсан. Гэхдээ ААН-үүдэд тусгайлсан, албан ёсны журам гаргаагүй. Засгийн газраас ийм бодлогын чанартай мэдээлэл өгөөгүй учраас ямар шийдвэр гарахыг харзнаж байна. Бид өмнөөс нь хуулийг тайлбарлах боломжгүй юм.


-Зарим нь бизнес эрхлэгчдийн хувьд эхнээсээ хүнд байдалд ороод эхэллээ. Энэ байдал үргэлжлэх ч төлөвтэй байна. Ийм нөхцөлд бизнесүүд яах ёстой вэ?

-Энэ бол бүтэн жилийн турш яригдаж дэлхийн даяараа туулахыг хичээж буй асуудал. Коронавирус нь шинэ сорилт биш, дотооддоо алдах эсэх нь цаг хугацааны л асуудал гэдгийг бид бүхэн мэдэж байсан шүү дээ. Тэгэхээр сайн муу хоёр хувилбараар тооцоолох учиртай. Иймээс цаашид хөл хориог магадгүй сараар сунгавал яах вэ гэдгийг шийдвэр гаргагчид бодолцож шийдвэртээ тусгахаас өөр арга алга. 

Судалгаанаас үзэхэд аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгийн дутагдалтай, иргэд ч ялгаагүй хүнд нөхцөл байдалтай нүүр тулж байна. Иргэд хоол хүнсээ, ААН-үүд зардлаа өдөр өдрөөр зохицуулдаг. Цаана нь өдрийнхөө орлогоо өдөртөө зарцуулдаг иргэдийн амьдралд маш хүнд тусна. Эхнээсээ ч байдал хэцүүдчихлээ. Өлсөх, даарахын эрхэнд хөл хорионы дэглэмийг зөрчихөөс өөр аргагүйд хүрнэ. 

Хөл хориотой байна гээд банкны зээлийн хүү, бас ажлын байрны түрээсийн төлбөр, дулааны зардал нь зогсохгүй шүү дээ. Яг энэ хүнд хэцүү үед төр жинхэнэ утгаараа эрсдэлийн менежментийг хийх ёстой. 


-Засгийн газар ямар шийдвэр гаргаснаар иргэд аж ахуйн нэгжүүдэд дэм болж чадах вэ?

-Ядахдаа л зээлийн хүү, түрээсийн зардлын асуудлыг төрөөс  төлөх эсвэл зохицуулах шийдвэр гаргаж болно. Өдрийн орлогоороо амь зуудаг иргэдэд анхан шатны хүнсний тусламж үзүүлэх ёстой. Ингэхгүй бол байдал улам хүндэрнэ, өвөл өлсөж хөлдөх үхэх дээрээ ч тулж мэднэ. Хахир хатуу өвлийн улирал эхлэх гэж байна. Зуны сайхан цагаа сонгууль гэж улстөржөөд өнгөрүүлчихсэн. Тэгэхээр яах ч аргагүй эдгээр тулгамдсан асуудлыг мөнгөөр шийдэхээс өөр арга байхгүй. 


-Өнөөдөр Засгийн газраас хавар авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ үргэлжлүүлэх талаар ярилцаж байна. Энэ арга хэр үр дүнтэй байж чадах бол?

-Бусад улс орны Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хямралын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлсэн. Жижиг, дунд бизнесүүд ажлын байраа хадгалж үлдсэн тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлж, урт хугацааны хөнгөлөлттэй зээлийг олгох зэрэг арга хэмжээ авсан. Энэ бол ААН-ийг биш иргэдийг л хамгаалж орлоготой нь үлдээж, хэвийн амьдрахад нь тусалж байгаа хэлбэр юм. 

Манай улсын хувьд Засгийн газар хангалттай арга хэмжээ авч чадаагүй нь үнэн. Энэ бол маш бүдүүлэг, хүртээмжгүй хүндээ ч ААН-дээ ээлгүй шийдэл байсан. Өнөөдрийн нөхцөл байдалд эрсдэлийн менежментийг маш зөв харж шийдэх ёстой. 


-Манай бизнесийнхэн хөл хорио тавигдахаар эдийн засаг буцаад хэвийн болно, эдийн засаг өсөлттэй хэвээр байна гэсэн хэт өөдрөг төсөөлөлтэй байсан шүү дээ?

-Цар тахлын улмаас ААН-үүд хүнд байдалд орсон. Есдүгээр сараас л УОК-оос хөл хорионы дэглэм бууруулснаар байдал арай дээрдэж эхэлсэн нь үнэн. Нөлөөгөөр нь худалдааны эргэлт сэргэж, ажлын байр нэмэгдэж орлого нь нэмэгдэж байлаа. Гэхдээ үндсэн хүлээлт нь 11-12 сард өмнөх хагас жилийнхээ алдагдлыг нөхөх төлөвлөгөөтэй ажиллаж байсан. Гэтэл эргээд хүнд байдалд орчихлоо. 

Тиймээс яаралтай анхаарахгүй бол эдийн засаг элгээрээ хэвтэх нь. Тодорхой арга хэмжээ авч урьдчилан сэргийлэхгүй бол нийтээрээ дампуурахад ойр байна. Үүнийг зохицуулахад л төрийн үүрэг онцгой ач холбогдолтой байгаа юм.


-Алтанбулагийн боомт хаачихлаа. Барааны бүтээгдэхүүний тасралтгүй эрэлт хэрэгцээг хэрхэн шийдэх бол?

-Сард Алтанбулаг боомтоор ойролцоогоор 750 гаруй машин ачаа орж ирдэг. Нэгэнт замдаа гарчихвал ачаатай машинуудыг бид халдвар хамгааллын журмыг баримтлан оруулах л хэрэгтэй. Бидэнд ирсэн мэдээллээр 250 орчим тээврийн машин замд яваа юм байна.  Ялангуяа эм, тарианы хэрэглээ тасалдах учраас бид огт оруулахгүй гэж болохгүй. Хэдийгээр дэлхийн улс орнууд хилээ хаагаад байгаа боловч зах зээлийн эргэлт, хөдөлгөөн хэвийн явагдаж байгаа. Ер нь бол Алтанбулагийн боомтоор орж ирдэг өндөг, эм тариа зэрэг бүх бараа бүтээгдэхүүний жагсаалтыг бид гаргаж байна. 


Холбоотой сэдвүүд

мүхаүт о.амартүвшин

Сэтгэгдэл бичих (14)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.