БОАЖЯ-ны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн Судалгаа, мэдээлэл, сургалтын албаны дарга Н.Зоригтын “ТВ9” телевизэд өгсөн мазаалай баавгайн талаарх танин мэдэхүйн ярилцлагыг толилуулж байна. Тэрээр “Мазаалай баавгайн биологи, экологи” сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ.

-Өнөөдрийн бидний ярилцах сэдэв мазаалай баавгайн тухай. Эхлээд баавгайн тухай ерөнхий мэдээлэл өгнө үү? 

-Баавгай бол махчидын багийн амьтан юм. Дэлхий дээр нийт 8 зүйлийн баавгай байдаг. Эдгээрээс тархац нутгаар нь хувааж үзвэл дэлхийн бөмбөрцгийн хойд хагастаа илүү өргөн тархацтай, өмнөд хэсэгтээ харьцангуй хязгаарлагдмал тархацтай байгаа юм.

Мөн хоол тэжээлийн хувьд хойд туйлын цагаан баавгай дийлэнхдээ махан идэштэй байдаг бол хулсны баавгай буюу панда зөвхөн хулсаар хооллодог байна. Бусад зүйл нь холимог идэштэн буюу зарим тохиолдолд ургамлаар хооллож зарим тохиолдолд амьтны гаралтай сэг зэм иддэг. 

Бичлэг үзэх: 

-Яагаад энэ амьтныг хамгаалах хэрэгтэй талаар тайлбарлаж өгнө үү?

-Баавгай байгальд, экосистемд чухал ач холбогдолтой үүрэг гүйцэтгэдэг. Үрэгдэж хорогдсон зэрлэг амьтдын сэг зэмээр хооллож, нэг ёсондоо байгалийг цэвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Зарим тохиолдолд ургамлын үрийг тараах, ургах орчныг бүрдүүлэх чухал үүрэг гүйцэтгэж байна.

Амьтан судлаач В.Ф.Ладыгин 1899 онд Шар хулсны баян бүрдэд мазаалайн мөрийг үзсэн гэдэг. Мөн Цагаан Богд уул, Хөх Төмөртийн ууланд ямар нэг баавгай байдаг тухай өөрийн судалгааны тайландаа 1900 онд бичсэн нь мазаалайн тухай бичгээр үлдээсэн анхны баримт болдог. Мазаалай нь зөвхөн Монгол орны говь цөлийн бүсэд амьдардаг баавгай юм.

Мазаалай агнахыг 1953 оноос хуулиар хориглож, улмаар Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэж, үндсэн байршил нутгийг Говийн их дархан цаазат газарт хамруулан Монгол улсын улаан номонд оруулсан. Түүнээс өмнө үхэл хорогдлын шалтгаанууд тэмдэглэгдэн үлдсэн баримт байдаг. 

Дэлхийн байгаль хамгаалах холбоо /IUCN/-ны олон улсын үнэлгээгээр устаж байгаа ангилалд ордог Мазаалай баавгайг хамгаалах хүрээнд дараах ажлууд хийгдсэн. 

  • 1953 онд – Хуулиар агнахыг хориглосон. 
  • 1975 онд – Говийн их дархан цаазат газрыг байгуулан хамгаалалтад авсан. 
  • 1987, 1997, 2013 онуудад – Монгол Улсын улаан номонд бүртгэгдсэн. 
  • 1991 онд - Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/ -ийн 1 дүгээр хавсралтад бүртгэгдсэн. 
  • 2005 онд – БОЯ, НҮБХХ хамтран “Их говийн экосистем, түүний шүхэр зүйлийг хамгаалах төсөл”-ийн хүрээнд мазаалай баавгайн шилжилт хөдөлгөөн, генетикийн судалгааг эхлүүлсэн.
  • 2007 онд – Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн Ерөнхийлөгч асан Харри Рейнолдс “Мазаалай судалгааны төсөл” эхлүүлэн монгол судлаачдыг сурган ажиллуулж байна.
  • 2013 онд Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах Үндэсний хөтөлбөрийн хүрээнд мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах үйл ажиллагааг эхлүүлэв.
  • 2018-2023 онуудад БНХАУ-ын Буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

2022-2023 онд хэрэгжиж буй ажлуудаас дурдвал:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Мазаалай хамгаалах үндэсний зөвлөгөөнийг 2022 онд зохион байгуулсан. 
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 55 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдав. 
  • Мазаалай баавгайг хамгаалах хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болсон бөгөөд нэн тэргүүнд “Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг эцэслэн батлах, “Мазаалай баавгайг Үндэсний бахархалт амьтан” болгох, жил бүрийн 02 дугаар сарын 28-ны өдрийг “Мазаалай баавгай”-н өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар болсон.


-Мазаалай баавгай ховордож буй гол шалтгаан нь юу байна вэ?

-1930-аад онд Алтайн өвөр говийн баруун Аж богдын зүүн үзүүр, зүүн тийш Тост, Нэмэгт уул, хойшоо Ээж хайрхан, Захуй, Зармангийн баянбүрд, Эдрэнгийн нуруу, өмнөө улсын хил хүртэлх нутагт тархаж байв.

1960-аад оны үед 90-100 мянга орчим км2 талбайд тархан байршиж байсан бол одоо 5 дахин хумигдсан байгаа юм. Үүний гол шалтгаан нь:

  1. Уур амьсгалын өөрчлөлт
  2. Малын тоо толгой хэтэрч, ховор амьтдын нутаг бэлчээрийг шахаж байгаа
  3. Хууль бус уул уурхай эрхэлдэг хүмүүс тусгай хамгаалалттай газар нутгийн онгон бүс рүү хулгайгаар орох
  4. Алтайн өвөр говийн эмзэг эко систем. Алтайн өвөр говьд Монгол орны бусад бүсээс хэд дахин бага буюу 50-100 мм хур тунадас ордогнь экосистемд нөлөөлж байна. 

-Мазаалай баавгайн экологийн үнэлгээг хэдээр тогтоосон байдаг вэ?

-2023 онд баталсан амьтдын экологи эдийн засгийн үнэлгээгээр 37 сая төгрөгийн үнэлгээгээр тогтоосон байдаг. Мазаалай нь ичилтийн хугацаа богино, хоол тэжээл хомс байгаа нь хорогдолд ихээхэн нөлөөлж байна.

-Мазаалайн судалгааг хэрхэн хийдэг вэ?

-2000-аад оны эхэн үеэс Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас “Эх говийн эко систем түүний шүхэр зүйлийг хамгаалах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Мөн Олон улсын баавгай хамгаалах нийгэмлэгээс байнгын судалгаа хийгдэж байна. Эдгээр ажлуудын хүрээнд тодорхой уст цэгүүд дээр нэмэлт тэжээлийн савууд байршуулж, улмаар хөдөлгөөн мэдрэгч камеруудын тусламжтайгаар судалгааг хийж байна.

-Бидний урилгын хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.

-Баярлалаа.