Монголын номын санчид олон улсын стандартад суралцаж байна

Peak.mn
11 сарын 24, 2023

АНУ-ын Конгрессийн номын сангийн монгол номын мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ номын санчдад олон улсын MARCформат, RDA стандартаар номоо хэрхэн каталогжуулах хичээл зааж байна. Сарын хугацаанд үргэлжлэх энэ сургалтыг Америкийн Монгол судлалын төвийн тэтгэлгээр МУБИС-тай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж, номын санчдыг мэргэшүүлснээр олон улсын номын сангийн программ, стандартыг Монгол улсад нэвтрүүлэхээр зорьж байгаа юм. 

2022 оны хичээлээр үндсэн каталогжуулалтын стандарт, нэрийн баталгаажуулсан бүртгэл үүсгэх талаар заасан бол энэ жил стандарт бус хэвлэлтэй ном буюу хуйлмал, ороомог, үдээстэй, хоёр талаасаа хэвлэлтэй, хайрцагтай ном зэрэг өвөрмөц хэвлэлттэй номуудыг олон улсын MARCформат, RDA стандартын дагуу каталогжуулах аргыг заана. Ингэснээр Монгол номыг онлайн каталогоос хайхад зөвхөн зохиолчийн нэрээр хайдаг байсан бол галиг, овог, агуулгын төрлөөр нь шүүх боломжтой болох юм. 

Мөн АНУ-ын Конгрессийн номын сантай программаар холбогдож, Монгол зохиолч, судлаачдын бүтээлийг дэлхийд гаргаж танилцуулахад стандарт каталог чухал. Өөрөөр хэлбэл, Монгол номыг стандартын дагуу онлайн каталогт оруулснаар дэлхийн хаанаас ч хайлт хийгээд мэдээлэл авах боломжтой гэдгийг МУБИС-ийн номын сангийн захирал Ж.Баатарсүрэн онцоллоо.

МУБИС-ийн номын сангийнхан каталог нэвтрүүлэх ажлыг 2018 оноос манлайлан оролцож, 2022 оноос олон улсын сургалтыг танхимаар зохион байгуулж байна. Энэ жилийн сургалтыг нээж МУБИС-ийн захирал доктор, профессор Ж. Батбаатар, Америкийн Монгол судлалын төвийн суурин захирал Айзак Харт нар үг хэллээ. 

Америкийн Монгол судлалын төвийн суурин захирал Айзак Харт:


Америкийн Монгол судлалын төвийн тэтгэлэг нь Америкийн их дээд сургууль болон судалгааны байгууллага, номын сангуудад ажиллаж буй мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдыг Монголд урьж богино хугацааны төсөл хэрэгжүүлэх зорилготой. Иймээс хамтдаа мэдлэг оюуны аянд гарч Конгрессийн номын сангийн стандартыг Монголын бүх номын сангуудад амжилттай нэвтрүүлье.

МУБИС-ийн захирал доктор, профессор Ж. Батбаатар:


Америкийн Монгол судлалын төвөөс энэ хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй нь манай номын санчид болон соёлын салбарынханд оруулж байгаа том хөрөнгө оруулалт юм. Энэ сургалтад сууснаар та бүхэн орчин үеийн олон улсын номын сангийн стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нарийн технологи, стандартад амжилттай суралцана гэдэгт итгэлтэй байна.

АНУ-ын Конгрессийн номын сангийн монгол номын мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ: 

Нэгдүгээрт би өөрөө энэ сургуулийн төгсөгч, энэ сургуулийн багш. Олон жил МУБИС-даа багшилж байгаад АНУ-руу явж байсан. Эрдэм ном заасан төрөлх сургуулийнхаа номын санд ирж багшлахад их сайхан сэтгэгдэл төрж байна. Хоёрдугаарт онлайнаар болсон эхний сургалтад бүгд их сайн оролцсон. Гэхдээ Номхон далайн хоёр талаас ярилцахаар ойлгоход их төвөгтэй байсан болов уу. Тэр дундаас хамгийн сайн ойлгож, каталоги хийж сурсан номын санч бол манай Цолмон байсан. Хоёр дахь сургалтаас эхлэн хамтарч ажиллахад МУБИС-ийн номын санч байж таарсан. Ийм билигшээлтэй сайхан үйл явдал болж байна. 

МУБИС-ийн номын санг 2021 онд БСШУЯ-наас Шилдэг номын сангаар шалгаруулсан бөгөөд олон улсын программ хангамж нэвтрүүлэх, каталогжуулах арга зүйн зөвлөгөөг бусад номын сангуудад өгч ажилладаг. Энэ удаагийн сургалтад 20 байгууллагын 35 номын санч хамрагдаж, сургалтын туслах багшаар МУБИС-ийн судлаач, номын санч Д.Цолмон оролцож байна. 

Холбоотой сэдвүүд

боловсрол номын сан стандарт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.