УИХ-ын дарга Г.Занданшатарт Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр өргөн барив.

Хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэх, хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой, тэнцвэртэй, аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг аймаг, нийслэл, хотын хэмжээнд ганцхан мэргэжилтэн хариуцан ажиллаж, сум дүүрэг, тосгоны хөдөө аж ахуйн тасгийн албан тушаалтныг үүрэгжүүлж өгөөгүй байгаа нь улс орон дамнасан цар тахал, хотжилт, хүн амын төвлөрөл, хүнснээс шалтгаалан гарч буй эрсдэлтэй харьцуулбал маш хангалтгүй үзүүлэлт юм. 

ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А-209 тушаалаар аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтцийг тогтоож өгсөн ба эдгээр байгууллагад ажиллаж буй 427 албан хаагчийн 21 нь буюу 4.9 хувь нь хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны асуудлыг хариуцан ажиллаж байна. 

Монгол Улсын 21 аймгийн 335 сумдын хөдөө аж ахуйн тасгийн бүтэц, орон тоо, мэргэжилтний судалгаанаас үззхэд нийт сумдын 50 хувь нь хүнсний хангамж, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнгүй, мал аж ахуй, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг давхар хариуцан хэрэгжүүлж байгаа юм. Нийслэлийн дүүргүүдэд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо байдаггүй аж.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 

Хуулийн 6.1 дэх хэсэг, 7 дугаар зүйл, 10.7 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу аймаг, орон нутагт байгаа сургуулийн захиргаа, гал тогооны газар нь үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүнээр сурагчдыг үйлчлэх мэргэжлийн хүний нөөцтэй байх шаардлагууд тавигдаж байгаа. Хяналтын байгууллагаас хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэхээр үүрэгжүүлсэн. Гэтэл сумдын 50 хувь нь хөдөө аж ахуйн тасагтаа хүнсний асуудал хариуцсан мэргэжилтэнгүй байгаа нь сургуулийн хүүхдийн хоолны чанар, аюулгүй байдлын асуудал сумын түвшинд орхигдох эрсдэлтэй.

Аймаг, сум, хотын түвшинд Хүнс, хөдөө аж ахуйн газрын дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн, хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудлыг хариуцсан нэгж ажиллуулахаар, сум, дүүрэг, тосгонд хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг өөрчлөн бие даасан албан тушаалыг эрх зүйн хүрээнд баталгаажуулах асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хүнсний салбарын мэргэжилтний мэдлэг, ур чадварыг үнэлэх арга хэмжээ хэрэгжиж, мэргэшсэн хүний нөөц бий болох, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт зэрэглэл тогтоож баталгаажуулах, нийтэд мэдээлэх, хэрэглэгч мэдээллээр хангагдах, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч ажиллагчдаа мэргэжил дээшлүүлэх сургалтад үе шаттайгаар хамруулах, улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдал хангагдах нөхцөл боломж нэмэгдэх аж.


Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс