Нийт нутгийн 30 хувьд зудын эрсдэл өндөр байна

peak.mn
11 сарын 30, 2017

МОНГОЛ ОРНЫ 2017-2018 ОНЫ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монголд агаар мандлын гаралтай аюултай болон гамшигт үзэгдэл, түүний дотор ган, зудын хамрах хүрээ, давтамж нэмэгдэж, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт учруулах хор хохирол нь улам бүр өсөхийн хамт бэлчээрийн мал аж ахуйн эмзэг байдлыг  улам өсгөж байна.

Өнгөрсөн жилүүдийн ган, зудын давтагдалд хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд гантай буюу гандуу байсан жилийн өвөл нь цас их орж, хүйтэрвэл хатуухан өвөл болж, өвлийн бэлтгэл муу хангасан, тэжээлийн нөөц хомс үед хавар нь мал идэх өвсөөр гачигдаж, олон тооны малын хорогдол гарах нөхцөл бий болдог байна.         

Энэ жилийн хувьд зуны эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар гантай, ургамлын ургалтын ид үе болох 6,7 дугаар саруудад агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджаас бага, харин 8 дугаар сард нутгийн хойд хагаст дунджаас ахиу бороо орсон боловч зуншлага оройтож, ургамлын ургалт гүйцэхгүй байж, мал тарга тэвээрэг дутуу авах нөхцөл бүрдсэн байна.

Тус газраас өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн даац, ургамлын ургац, намрын өнгө аяс, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийнцасны бүрхэц, зузаан, нягт болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй мэдээллийг ашиглан зудын эрсдэлийн зургийг боловсруулав

Ган зуншлагын нөхцөл байдал дээр ирэх өвөл-хаврын бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзэхэд нийт нутгийн 80 шахам хувьд бэлчээрийн даац хэтэрч, үүнээс 40 хувьд нь олон дахин хэтэрч гарсан нь ирэх өвөл, хавар байгалийн бэлчээрийн нөөц муу, хүрэлцээгүй байхыг харуулж байна.

Энэ сарын 20-ны байдлаар нутгийн 50 орчим хувьд цастай байгаагаас Өвөрхангайн Бүрд, Булганы Дашинчилэнд 30-40 см зузаан цастай,нягт нь  0,12-0,30 г/см3, Баян-Өлгийн Даян /Сагсай/, Хөвсгөлийн Галт, Архангайн Хашаат, Булганы Рашаант, Төвийн Эрдэнэ, Баянжаргалан, Мөнгөнморьт, Хэнтийн Баянмөнх, Цэнхэрмандал, Дорнодын  Халхгол сумдад 11-20 см зузаан, нягт нь 0,10-0,27 г/см3, Завхан, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Дорноговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-10 см зузаан, нягт нь 0,10-0,28 г/см3 байна.

Энэ сарын 10-ны байдлаар нутгийн 44 хувь орчим нь цастай байсан бол өнгөрсөн 10 гаруй хоногт хэдийгээр цас нэмэгдэн орсон боловч Дундговь, Өвөрхангай зэрэг аймгийн зарим сумдын нутгаар салхилж, явган шуурга шуурснаас цастай талбайн хэмжээ 11 дүгээр сарын 20-ны үеийнхтэй харьцуулахад төдийлөн нэмэгдээгүй, өнөөдрийн байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд цастай, цаашид өвлийн эхэн болон дунд саруудад цас орж, цасан бүрхүүлийн талбай, зузаан аажмаар нэмэгдэх төлөвтэй байна. 

Энэ намар зарим газраар бороо, цас холилдон орсон, нойтон цас орж, харьцангуй дулаан байснаас үүдэн өдөртөө хайлмагтаж, шөнөдөө хөлдсөнөөс болж ихэнх нутагт цасны нягт ихтэй болж, бэлчээр болон зам харгуй мөстсөнөөс малын бэлчээрлэлт, өвс тэжээл тээвэрлэлт, отор нүүдэл хийхэд хүндрэл учруулж эхэллээ.  

                 

2017 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 30 орчим хувьд нь их, 30 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй гарлаа. 

Үүнээс Булган, Төв аймгийн залгаа сумдын нутаг, Увс, Завханы зааг, Ховд, Говь-Алтайн хойд, Архангайн зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээрзудын эрсдэлийн зэрэг нэн их, Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсэг, Өмнөговийн зарим сумдын нутаг их эрсдэлтэй зэрэгт хамрагдаж байна.

ЦУОШГ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.