Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Нийслэлийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл байлаа.

Танилцуулгыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай хийв.

2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд таван бүлгийн 22 дэд бүлэгт хамаарах 704 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган боловсруулжээ. 

2020 онд газрын төлбөрийн орлогоос 80.9 тэрбум, газрын эрхийн дуудлага худалдаанаас 1.5 тэрбум төгрөг, нийт 82.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна. 

Ингэхдээ хаана, ямар байршилд, ямар зорилгоор ашиглахын тулд иргэн, аж ахуйн нэгжүүд газар авах сонирхолтой байгааг урьдчилж санал аваад, хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдахаар бол  тэдгээр байршлуудад газрын эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах учраас төлөвлөсөн төсвийн орлогоо бүрдүүлэх боломжтой гэж харж байгаа. 

Мөн Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд хотхон, хороолол орчимд газар зохион байгуулалт хийх замаар иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчныг сайжруулах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилго тавьжээ.

Улаанбаатар хотод ногоон байгууламжгүй, явган хүний замгүй, автомашины зогсоолгүй орон сууцны барилгууд нэг дор олноор баригдаж байгааг ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэхээр зорьж байна” хэмээн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай танилцуулгадаа онцолсон. Энэ асуудалд зөвлөлийн гишүүд саналаа хэлж, нэгтгэснээр ИТХ-д өргөн барихаар  боллоо.