(Self-reflection: Өөр лүүгээ өнгийгөөд нэг харъя цуврал 2)

Сэтгэцийн эмгэгийн жагсаалтад донтох өвчин байдаг. Архинд донтох, тамхи хар тамхинд донтох, тэр бүү хэл худал хэтэрвэл сэтгэцийн эмгэг болох аюултай байдаг аж.

Үнэн худлаа тогтмол асууж лавлахгүй, харилцан ярилцаж учирлахгүй, агаар салхи оруулахгүй бол хар тамхи адил донтох аюултай байдаг талаар Карл Маркс “A Contribution to the Critique of Hegel’s Philosophy of Right” хэмээх бүтээлдээ онцолсон.

Худлын голомт

Плато (Plato) Титетус хэмээх (Theaetetus) нэртэй диалогитоо мэдлэг гэж чухам юу болох талаар Сократ болон Титетус нарын хоорондын харилцан яриаг тэмдэглэн үлдээжээ. 

Товчхондоо, мэдлэг бол байнгын л асуулт тавих процесс аж. Үнэн мэдлэгт хүрэхийн тулд хүн олон алдаатай мэдрэмжүүдийг шалгаж, нягтлах шаардлагатай. Олон үг, нэр томьёонуудыг асууж лавлах ёстой. 

Мэдлэг бол аливаад хэзээ ч хар сохроор үнэмших бус харин олон талаас нь үнэн эсэхийг асууж, лавлаж, туршиж, учирлаж байж хүрсэн үнэн бөгөөд хаана ч хүчинтэй итгэл ажээ.

Бид нэгнээ өөртөө итгэ, өөртөө итгэлтэй бай гэж урамшуулахыг хичээдэг. Яг үнэндээ өөртөө итгэх итгэл нь үнэн мэдлэг буюу аливаад хар сохроор итгэхгүй асуудаг, эргэлздэг, учирладаг, критик буюу үнэн худлыг ялгах оюуны чадвараас ирнэ. Өөртөө итгэх итгэл худлаа асууж, эргэлзэж эхлэхээс ирнэ.

“Би айх ёсгүй. Айдас бол оюуныг устгагч. Айсан үед бид аль хэдийн үхчихсэн байдаг түүний дараа юу ч үлдэхгүй. Тиймээс би айдастайгаа нүүр тулна. Би айдсаа биеийнхээ бүх хэсгээр дамжаад өнгөрөхийг зөвшөөрнө. Надаас гараад явсных нь дараа би оюуны мэлмийгээ нээж түүний явсан замыг сайтар харж авна. 

Айдас очсон газар бүртээ бүхнийг үгүй хийнэ. Харин айдсаас ангижирсан учир би үлдсэн байх болно” хэмээн Фрэнк Хэрбэртийн Dune нэртэй зохиолд (саяхан кино нь гарсан) гол дүрийн залуу өөрийгөө зоригжуулдаг. Үүнтэй адил бид худлаа асууж, нүүр тулж, ангижрах нь өөртөө итгэх, өөрийгөө зоригжуулах хамгийн үр дүнтэй арга болов уу.


Тэгвэл асууж, ойлгож, учирлаж (Reasoning), критик хийлгүй дан цээжлээд хүчээр толгойдоо хийсэн мэдлэг юу вэ?

Цээжлэх гэдэг нь түр зуурын санамжтай холбоотой тархины, оюуны нэг л үйлдэл ажээ. Үнэн мэдлэгт хүрэхийн тулд хүн олон алдаатай мэдрэмжүүдийг шалгаж, нягталж, үнэн худлыг ялгаж (Critique), ойлгож, эцсийн дүгнэлт гаргах зэрэг процессыг дамжих шаардлагатай байдаг аж. Харин цээжлэх нь энэхүү бүх процессуудыг алгасаад эцсийн дүгнэлтийг л тоть аятай үг үсэггүй давтахыг хэлэх аж. 

Хүний оюун хөгжиж, мэдлэгт суралцахын тулд дээрх процесс хэрхэн явагдахыг ойлгох, сурах нь чухал болохоос биш эцсийн дүгнэлтийг дуржигнатал хар сохроор унших нь нэг төрлийн л донтолт гэлтэй. Хэт ихэдвэл эмгэг ч болох аюултай.

Учирлах тухай

Мэдлэгийг хүн бүтээж, хүнээс хүнд дамждаг ба түүнийг дамжуулах хамгийн чухал хэрэгсэл нь “Учирлах” (Reasoning). 

Яагаад тухайн дүгнэлтэд хүрсэн “учраа” логик дэс дарааллаар нь нэгд нэгэнгүй учирлах. Учирлах нь тэгэхээр эцсийн дүгнэлт бус үргэлжилсэн процесс. 

Учирлахыг цээжлэх боломжгүй харин ойлгох л боломжтой аж. Тиймээс хэрэв яг мэдчихлээ гэж байгаа бол дан ганц юуг мэдсэндээ давтах бус яаж мэдсэнээ учирлах нь оюуны хөгжилд илүү өгөөжтэй.

Харин манай нийгэмд учирлах гэдэг ойлголт шалчганасан, гонгиносон, олон үгтэй, нойтон хамуу шиг, ядаргаатай гэх имижтэй болсон мэт. 

Учирлаж, харилцан ярилцаж, хамт мэдэх гэсэн хүнийг номын хэнээтэй, цагаан солиотой, туйлширсан, амьдралд, хөрсөндөө буугаагүй гэх мэтээр хочлох, доромжлох хэдий ч нийтээрээ мэдлэг, хөгжлийг хүсэх нь нэг л таарч өгөхгүй. Худалд донтох эмгэгийн шинж тэмдэг гэлтэй.

Шүүмжлэл гэхээр л үстэй толгой арзайж байна уу?

Англи хэлний “сritic”, “criticism” гэсэн ойлголт нь эртний Грекийн критикос буюу үнэнийг худлаас, зөвийг буруугаас, сайныг муугаас, сайхныг муухайгаас ялгаж, салгаж чадах гэсэн философийн ойлголт ба оюуны чадвар. 

Монголчууд бид критикийг шүүмжлэх гэж хэрэглэж заншсан. Хүн төрөлхтний олон мэдлэгийн, оюуны томоохон бүтээлүүдийн гарчиг нь Critique of … хэмээсэн байдаг нь гайхах зүйлгүй.

Хүн хөгжихийн тулд мэдлэгт суралцах хэрэгтэй. Гэтэл мэдлэгийг хүн л бүтээх учир алдаатай, буруу, худал мэдлэг бас олон бий. Тиймээс үнэн мэдлэгт суралцахын тулд критик буюу бидний хэлж заншсанаар шүүмжлэх зайлшгүй шаардлагатай. 

Шүүмжлэл байхгүй гэвэл үнэн худлыг ялгах боломжгүй, сайн мууг ялгаж чадахгүй харин улам өөхшүүлж, өвчлүүлэх хандлагатай. 

Үнэн худал, сайн муу, буруу зөвөө ялгаж чадахгүй бол амьтнаас ялгагдах зүйл үлдэх үү? Муна нь гадсаа нүдэхээс өөр яахав?

Амьтанд хөгжих ямар ч шаардлага байхгүй. Амь зуугаад явахад л хангалттай. Худал бол амь зогоож, амьд үлдэх гэсэн өөрийгөө хамгаалах нэг төрлийн л хэрэгсэл. Харин хүн хөгжихөд мэдлэг зайлшгүй шаардлагатай. 

Мэдлэгийг дан ганц цээжлүүлэх замаар дамжуулах нь эсрэгээрээ оюуны хүчирхийлэлд хүргэж, худлыг өөхшүүлэх аюултай. Худалд донтох эмгэгийг эмчлэхэд “учирлах”, харилцан ярилцах зэрэг оюуны бусад чадваруудыг бас хөгжүүлэх хэрэгтэй.