Цар тахал биднээс олон зүйлийг авч оджээ. Гэхдээ хэзээ ч нөхөж болшгүй зүйл нь сэтгэл санааны хохирол, хүний эрхийн зөрчил билээ.

Тэр тусмаа төр засгийн алдаатай бодлого, шийдвэрүүдийн балгаар хайртай хүмүүстэйгээ уулзаж, эцсийн замд нь үдэж чадаагүй хүмүүсийн нулимс одоо ч хатаагүй байна. Айл гэр бүхний ард ийм гашуун түүх бий. Энэ бол эх орон руугаа тэмүүлж ирсэн хэдэн мянган монголчуудын амссан гашуун зовлонгийн бодит үнэн билээ. Цар тахлын өдрүүдийн цаадах нулимстай түүхийг өгүүлсэн "Эх орондоо л очихсон..." баримтат кино нээлтээ хийлээ. 

Тус киноны нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочдын яриаг хүргэж байна.

 

Би боловсрол эзэмшихээр явсан ч хүн байх л чухал гэдгийг ойлгосон

Зөвийг Шүгэлдэгчид ТББ-ын тэргүүн Г.Эрдэнэзул:

Би Япон улсад суралцаж, 2020 оны хавар төгссөн юм. Тэндээ ажиллах санал хүлээн авсан ч эх орондоо ирэх хүсэлдээ хөтлөгдөн ажлаа зохицуулж, амьдарч байсан газраа ч хүлээлгэж өгсөн. Буцаж ирэх тасалбараа ч авчихсан байв. Гэтэл гэнэт л Монгол Улс хилээ хаах шийдвэр гаргаж би гэдэг хүн орох оронгүй, очих газаргүй болсон. Ганцхан би ч биш. Гаднын олон улс оронд хэдэн мянгаараа яг ийм шалтгаанаар эх орондоо ирж чадалгүй хүнд хэцүүг туулсан. Ингээд гадаадад гацсан залуус нэгдсэн нэгдэж  хэмжээ зохион байгуулж эхэлсэн юм. Бид тэр үед “Ганцхан намайг аваач” гэж биш “Биднийг эх оронд минь оруул. Хүний эрхийг битгий зөрчөөч” гэж тэмцэж байлаа. 

Эх орондоо ирсний дараа бид цуглаж уулзацгаасаар өнгөрсөн гуравдугаар сард “Зөвийг Шүгэлдэгчид” ТББ-аа байгуулсан юм. Энэ байгууллагаараа дамжуулж хүний эрхийн төлөө тэмцэгч байж, нийгэмд зөв зүйлийн төлөө дуугардаг залуусын нэгдэл байхыг хүсэж байна. 

Би боловсролыг шүтдэг, хүндэлдэг хүн. Тиймдээ илүү сайн боловсрол эзэмшихийн тулд Япон орныг зорьж байлаа. Гэхдээ буцаж ирэхийнхээ өмнө боловсролоос ч чухал бөгөөд үнэ цэнтэй зүйл нь хүн байх гэдгийг ойлгосон. Тэр хүнд өдрүүдэд монголчууд эх орон руугаа явах өдрөө тоолон  “жирэмсэн, өвчтэй зовлонтой биш”  гээд хэдэн зуугаараа өөрийн дарааллаа хүлээж байсан шүү дээ. 

Гэтэл онгоцонд суух шаардлагын алийг нь ч хангаагүй хэрнээ тасалбараа яаж ч юм авчихсан, баригдчихвий гэж нуугдаж яваа нэлээн том компанийн захиралтай таарч л байлаа. Дахин ийм хүнд хэцүү үед нэгнээ түлхэх биш тэврэх, үзэн ядах биш хайрлах нь ямар чухлыг энэ киногоороо харуулахыг хүссэн.  

Бид юу бодож, юу хийж байсан юм бэ гэж эргэж харуулах сануулга 


“Эх орондоо л очихсон…” баримтат киноны зохиогч, МУСГЗ Г.Золжаргал: 

Бид өдөр тутамдаа хэдэн зуун мэдээ, мэдээлэл хүлээн авдаг. Тэр бүх мэдээлэл дундаа төөрч, өглөө сонссоноо орой, өнөөдөр ярьснаа маргааш мартах нь ихэслээ. Баримтат киноны үүрэг бол хүмүүсийн мартаж байгаа зүйлийг сануулах. Монголчууд бидний туулж өнгөрүүлсэн амьдрал хэзээ мартагдав, бид юуны хажуугаар чимээгүй өнгөрөв? Одоо үүнийгээ анзаар, бод, ухаар гэсэн сануулгаар “Эх орондоо л очихсон” киногоо бүтээлээ.

Гадаадад гацсан монголчуудын жишээ бол хүний эрх зөрчигдөж байгаа олон асуудлын ердөө нэг хэсэг нь. Бидний эргэн тойронд түмэн асуудал бий. Нүцгэн үнэнийг нүүрээр харах хэцүү. Хүн ер нь байнга л бусад хүн надтай инээж, сайхан харьцаасай гэж боддог байхгүй юу. Тэгсэн хэрнээ өөрөө хүн бүртэй сайхан харьцаж чаддаггүй. 

Үүнийг цар тахлын хүнд хэцүү үед харь оронд гацсан элэг нэгтнүүддээ яаж хандсанаас харж болно. Энэ киноноос үзэж, нэгийг үзэж, хоёрыг тунгаах болов уу гэж бодож байна. 

30 хоног ажиллахаар очоод 6 сар гацжээ 

Өнөөдрийн нээлтийн үеэр НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгтэйгээр “Эх орондоо ирсэн иргэдийн нөхцөл байдлын судалгаа” явуулжээ. Судалгааны үр дүнг “HR mind solution” судалгааны компанийн судлаач А.Нарантунгалаг танилцууллаа.

Цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн 38 улсаас 23 мянга гаруй иргэн эх орондоо эргэн иржээ. Тэдний 50 гаруй хувь нь БНСУ-аас, 11 хувь нь Европын улсаас, 7 хувь нь АНУ-аас ирсэн байна. 

Судлаач А.Нарантунгалаг “Гадаадад гацсан иргэд 7 сараас 6 жил хүртэл буюу түр хугацаагаар гаднын улс оронд зорчсон. Эдгээр иргэдээс гаднын орныг зорьсон шалтгааныг тодруулахад 62 хувь нь “Илүү өндөр цалин хөлс авч, хуримтлал үүсгээд эх орондоо эргэж ирье гээд зорьсон” гэж хариулсан. Харин 24 хувь нь “Шинэ зүйл сурч, туршлага хуримтлуулаад эх орондоо ирнэ” гэж хариулсан бол 9 хувь нь өр зээлээ шийдэх шаардлагаар ажиллахаар гаднын орныг зорьсон гэж хариулсныг онцоллоо. 

Эх орондоо ирсэн иргэд дунджаар нь 1-3 жил  ажиллаж амьдарчээ. Энэ нь тэдний гацсан хугацааг нь хамруулж тоолсон учраас хэрэв буцах ёстой цагтаа ирсэн бол дунджаар 2 жил гадаадад ажиллаж амьдарсан гэж ойлгож болно хэмээн “HR mind solution” судалгааны компанийн судлаач А.Нарантунгалаг  тодотголоо. 

Тэд ийнхүү ярьж байна.

 

Амьсгал тасрахаас нь өмнө нутаг буцаж, хүүхдүүдтэй уулзуулъя гэж хүссэн ч…

БНСУ-д 45 хоног гацсан Т.Даваасүрэн:

Би жил дөрвөн сарын хугацаанд нөхрөө ходоодны хорт хавдартай эмчлүүлсэн ч “Эмчилгээгүй боллоо” гэх гашуун үг сонссон. Амьсгал тасрахаас нь өмнө нутаг буцаж, хүүхдүүдтэй уулзуулъя гэж хүссэн.  

Гуравхан цагт нисээд очих эх оронтой хэрнээ 45 хоног очих газаргүй болж, гудамжинд ч хоног төөрүүлсэн өдрүүд бий. УОК, МИАТ зэрэг байгууллагуудад удаа дараа хандсаны эцэст долоодугаар сарын 3-ны нислэгт хамрагдаж ирсэн. Нөхрийн минь онгоцноос буугаад гараа алдлаад зогсож буй зургийг олон хүн харсан байх. Эх орондоо ирлээ эцсийн хүслээ биелүүлэх нь гэж тэгтлээ баярласан нь тэр л дээ. (уйлав) Даанч хүүхдүүдтэйгээ уулзаж чадаагүй. Дахиад 21 хоногийн тусгаарлалтад орох ёстой. Биеийн байдлыг нь харгалзаад цэргийн эмнэлэгт тусгаарласан юм.  

Ирээд 3 удаа шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. “Ийм байна. Биднийг гаргаад өгөөч” гэж зөндөө өргөдөл бичсэн. Хэн ч миний үгийг сонсоогүй, уншаагүй. Зүгээр л мэдээгүй царайлсан. Эмч, эмнэлгийн ажилтнууд бүх чадлаараа тусалсан ч гаргаж чадаагүй. Эцэстээ хүмүүс бүгд “Хэн хариуцлага хүлээх юм бэ?”  гээд л зугтаадаг юм билээ.  

Хүүхдүүд маань аавыгаа сүүлийн удаа цонхоор харж, эмнэлгийн арын контейнер дээрээс гараа даллаад л салсан. Бие биедээ хүрч, тэвэрч, үнсэж чадахгүй байна гэдэг хэчнээн хэцүү гээч. Хоног хонгоор бие нь дордож буй хань минь тэр урт өдрүүдийг тэсэж чадаагүй. 11 дэх хоног дээрээ… Ханыг минь аваад явснаас хойш ганцаараа үлдсэн 10 хоног миний хувьд там шиг байсан. Цонхоор үсэрчихмээр бодогдож, газар их ойрхон санагддаг юм билээ. Бид юуг буруу хийсэн юм бэ. Ямар ч гэм нүгэл үйлдээгүй байж яагаад ийм зовлонг амсах ёстой гэж.


Ээжийнхээ оршуулганд гар утасны цаанаас оролцсон

БНСУ-д 180 хоног гацсан Б.Баярчимэг:

2020 оны өвөл аав ээжийгээ Солонгост аялуулсан юм. Хэрэндээ охин нь том болсон одоо та хоёрыгоо жаргаана даа гэж санасан. Тэднийгээ онгоцны буудал дээр үдээд “Сарын дараад араас нь очно” гээд л үнсүүлээд салахдаа би ээждээ сүүлийн удаа үнсүүллээ гэж даанч санаагүй. 

Буцах тийзээ авчихсан байхад эх орон минь хилээ хааж бүх нислэг цуцлагдлаа. 180 хоног тэнд элчингийн хаалга сахиж хоносон. 

Тэнд байхад ээжийн бие муудлаа гэдэг мэдээ аваад аль чадахаараа яарсан. Даанч би жирэмсэн биш,хүүхэд биш, өндөр настай биш. Өвчин ч тусаагүй. Тэгэхээр харих эрх байхгүй л гэдэг хариу авч байлаа. Эцэст нь 2020 оны зургаадугаар сарын 18-нд эх орондоо ирлээ. Надтай хамт ирсэн бүх зорчигчдын шинжилгээний хариу сөрөг. Тэгсэн ч 21 хоног тусгаарлах ёстой гээд биднийг хорионд байлгасан. 

Зургаадугаар сарын 19-нд ээжийг хөдөөлүүлсэн. Би салах ёс ч хийж чадаагүй. Мессенжээр гэрийнхэнтэйгээ яриад надад дүрсийн харуулаад “За өвдөгнийнх нь ойролцоо ирлээ шүү мөргөөрэй” гэхэд би тусгаарлалтын өрөөнд ганцаараа утсандаа мөргөөд уйлж байсан. Тусгаарлалтаа дуусгаад гарч ирээд хүйтэн чулуу л тэвэрсэн… Жил хүрэхгүй хугацаанд би аав ээж хоёроо алдлаа. 

Өнгөрсөн жил аав маань ковидын шалтгаанаар нас барсан. Би бас л сүүлийн мөчид нь хамт байгаагүй, салах ёс хийж чадаагүй.