Дэлхийн өрсөлдөх чадварын төв (ДӨЧТ) -өөс “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2021”-г эрхлэн гаргалаа. 

Уг тайланд нийт 64 улсыг хамруулж судалжээ. Ингэхдээ тухайн улсын засгийн газар, бизнес, нийгмийн орчинд дижитал технологийн нээлтийг хэрхэн хийсэн бэ, технологид дасан зохицож чадвар нь ямар байгааг харуулахыг зорьсон аж.

Судалгаанд хамрагдсан улс орнуудад үндсэн гурван шалгуур тавьжээ. Үүнд:

 дижитал ертөнцийн өрсөлдөх чадварыг мэдлэг, 

технологи, 

ирээдүйд бэлэн байдал гэсэн шалгуур үзүүлэлт, 9 дэд хүчин зүйлсээс бүрдсэн нийтдээ 52 үзүүлэлтээр тооцжээ.

Энэхүү 52 үзүүлэлтийн 32 нь статистик судалгаанд, 20 үзүүлэлт нь санал асуулгаас бүрддэг байна.

Манай улс дижитал өрсөлдөх чадвараар 64 орноос 62-д эрэмбэлэгджээ. Энэ онд Монгол Улсын дижитал өрсөлдөх чадварын ерөнхий оноо 40,69 болж  өмнөх оныхоос  2.99 оноогоор /2020 онд 43,68 байсан/ буурчээ.

Үндсэн 3 шалгуур үзүүлэлтээр нь харвал Монгол Улс мэдлэг гэсэн бүлгээр өнгөрсөн жилтэй адилхан 58-т эрэмбэлэгдсэн бол технологиор нэг байр, ирээдүйд бэлэн байдал гэсэн үзүүлэлтээр гурван байр тус тус ухарчээ.


Дижитал өрсөлдөх чадварын дэд бүлгүүдийн эрэмбэд “Боловсрол ба сургалт”, “Дасан зохицох чадвар” гэсэн дэд бүлгүүд хамгийн дээгүүр эрэмбэлэгдсэн бол “Бизнесийн овсгоо”, “Мэдээлэл технологийн байгууллагуудын төвлөрөл” “ШУ-ы байгууллагуудын төвлөрөл” зэрэг дэд бүлгүүд хойгуур эрэмбэлэгджээ. 

Өнгөрсөн жилтэй харьцуулахад 9 дэд бүлгээс капитал, бизнесийн орлого, технологийн орчин гэсэн 3 дэд бүлгээс бусад бүлгүүд өссөн дүнтэй байна.

Энэхүү судалгаанд хийж эхэлснээс хойш манай улс эмэгтэй судлаачдын тоо, ажилчдаа сургалтанд хамруулах, боловсролын зэрэгтэй эмэгтэйчүүд, харилцаа холбооны салбарт оруулсан хөрөнгө оруулалт, ухаалаг утас хэрэглэгчдийн тоо гэсэн үзүүлэлтүүдээрээ харьцангуй дээгүүр жагсдаг ажээ. Энэ оны тайланд ч мөн адил эдгээр үзүүлэлтүүдээр хамгийн дээгүүр жагссан байна. 

Харин дижитал өрсөлдөх чадварын оноо буурахад мэдлэгийн солилцоо, кибер аюулгүй байдал, олон улсын туршлага, оюуны өмчийн зохицуулалт, судалгаа шинжилгээнд зарцуулсан хөрөнгө зэрэг үзүүлэлтүүдээрээ сүүл мушгиж байгаа нь нөлөөлсөн байна.

Тайлангийн үр дүнгээс харахад дижитал өрсөлдөх чадварын индексээр: 

1. АНУ
2. Хонг-Конг
3. Швед
4. Дани
5. Сингапур
6. Швейцарь
7. Нидерланд
8. Тайвань
9. Норвеги
10. Арабын Нэгдсэн Эмират

Эдгээр улс дэлхийг тэргүүлж байгаа 10 улсыг бүрдүүлж байна.

АНУ 100 оноотойгоор эрэмбээ хэвээр хадгалж 1-рт эрэмбэлэгдсэн бол өнгөрсөн онуудад 2 дугаарт эрэмбэлэгдэж байсан Сингапур улс 5 руу ухарч харин 5-т эрэмбэлэгдэж байсан Хонгконг 2-т, Швед улс 3 дугаарт, Дани нэг байр ухарч 4-т, Швейцарь улс 6-рт, Нидерланд 7-рт эрэмбэлэгдсэн хэвээр бол Тайвань 3 байр урагшилж 8-рт эрэмбэлэгдсэн ирсэн байна.