Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд Азийн Хөгжлийн Банктай хамтран “ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ - 2021” үндэсний чуулганыг зохион байгуулж байна. 

Чуулганы гол зорилго нь 2018 оны “Тогтвортой хөгжлийн зорилго: ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ” олон улсын бага хурлаар баталсан жендэрийн эрх тэгш байдлыг хангах 21 зорилт бүхий “Улаанбаатарын тунхаглал”-ын хэрэгжилт, үндэсний түвшинд гарч буй ахиц дэвшлийг дүгнэж, ирэх жилүүдийн хамтын ажиллагаа болон зорилтыг тодорхойлж, зөвлөмж боловсруулах юм. 

Чуулганы үеэр ЖҮХ-ны Ажлын албаны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишигээс өнөөгийн нийгэмд эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудын талаар тодрууллаа. 

Бичлэг үзэх: 


ЖҮХ-ны Ажлын албаны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг эрэгтэйчүүд ч бас хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигддөг гэдгийг онцоллоо. 

Тухайлбал шүүхээс гэр бүлийн маргаантай холбоотой гаргасан шийдвэрийн ихэнх нь эмэгтэйчүүдэд ашигтайгаар шийдвэрлэдэг. Гэрлэлт цуглуулахад дундын хөрөнгийг эхнэрт олгодог. Эсвэл үр хүүхдүүдийг ээж дээр нь үлдээдэг зэрэг эрэгтэйчүүдэд хохиролтой шийдвэр гаргах нь бий гэлээ. 

Эрэгтэйчүүдэд тулгамдаж буй гол асуудлын нэг нь сэтгэл зүйн асуудал аж. Энэ талаар тэрбээр "Монгол эрчүүдийн нийтлэг шинж нь зовлон бэрхшээлээ бусдад ярих дургүй. Түүнийгээ их нуудаг. Мэдрэмжээ илэрхийлэхдээ муу. 

Хүн өөрт тохиолдож байгаа асуудал бэрхшээл, сэтгэл зовинолоо аль болох  дотнын хүмүүстэйгээ хуваалцаж байх хэрэгтэй. Эрчүүд бусадтай ярилцдаггүйгээс болоод л стресст маш их өртдөг. Үүнийгээ өөрсдөө ч мэддэггүй.

Сэтгэл зүйн хямрал нь хүндэрсээр амиа хорлоход хүргэдэг аюултай зүйл. Эсвэл хуримтлагдсан уур бухимдлаа гэр бүл, үр хүүхэд, хань ижилдээ гэнэт гаргаж ямар нэгэн гэмт хэрэгт холбогдох үндсэн шалтгааны нэг болж байна" гэж ярьсан юм. 

Түүнчлэн тэрбээр  "Иргэдийн дунд жендэр гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалдаг гэсэн буруу ойлголт түгээмэл байна.  Монголчуудын дунд тогтсон иймэрхүү хэвшмэл ойлголт эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг. 

Тухайлбал, эрэгтэй хүн хүнд юм өргөх ёстой гэдэг ойлголт байдаг шүү дээ. Энэ ойлголтоос болоод манай эрчүүд нэрэлхсэндээ хүнд юм өргөчихдөг. Үүнээсээ болоод гэмтэж бэртдэг тохиолдол ч цөөнгүй байдаг юм билээ. 

Эрэгтэй хүн ар гэрээ авч явах ёстой, санхүүгийн асуудлыг шийдэх үүрэгтэй гэсэн хэвшмэл ойлголт байдаг.  Үнэндээ иймэрхүү хэвшмэл ойлголтоос болоод л монгол эрчүүд ид хөдөлмөрлөх насандаа амьдралаа авч явахын төлөө амь насанд халтай, өндөр цалинтай ажил хийж эрүүл мэндээрээ хохирч байгааг олон судалгаа харуулдаг.

Энэ мэт олон шалтгаанаас болоод монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ 9.7 насаар богино насалж байна." гэлээ.