Хүүхэд насны гэгээн дурсамж хэзээ ч мартагддаггүй. Ялангуяа ангийнхаа хүүхдүүдтэй байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахын зэрэгцээ түүхийн хичээлээр тухайн нутгийнхаа түүхийг нь судалж, дуу хөгжмийн хичээлээр дууг нь сурч, биологийн хичээлээр ургамал, ан амьтантай танилцах нь яах аргагүй хүүхэд насанд мартагдашгүй дурсамж болж үлдэх нь гарцаагүй.

Хэнтий аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын сургууль “Мартагдашгүй намар” хөтөлбөрийг зургаан жилийн өмнөөс зохион байгуулжээ. 

Аймгийнхаа 9 гайхамшгийг сурагчдадаа танин мэдүүлэх, нутаг орноороо бахархах үзлийг төлөвшүүлэхээс гадна хүүхдийг багаас нь бие даалгах, зөв аялах дадал хэвшилд сургах зорилгоор эхлүүлсэн энэхүү аян жил ирэх бүр ач холбогдол нь нэмэгдэж, сурагчдын хүсэн хүлээдэг аялал болсон байна. 

Нэгдүгээр ангийн бяцхануудаас эхлээд ахлах ангийн бүх сурагчид хамрагддаг энэ аяллаар  өмнөх жилүүдэд аймгийнхаа гайхамшиг болсон Сэцэн ханы музей, Хэрлэнгийн хөдөө арал, Хар зүрхний хөх нуур, Дуурлигийн нарсаар танин мэдэхүйн аялал хийжээ. 

Харин энэ жил Балданбэрээвэн хийдээр аялаж, биеийн тамирын хичээлээр хоорондоо наадаж, Монгол хэл, Уран зохиолынхоо хичээлээр шүлэг зохиож, Технологийн хичээлээрээ аяласан газрынхаа талаар зураг зурж, тайлбарласан байна. 

Швейцарийн хөгжлийн агентлагаас манай улсад хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн зөвлөх, олон улсын шинжээч Мита Госавами:  Тогтвортой хөгжил гэдэг бол эрүүл, амар амгалан, байгаль орчиндоо ээлтэй амьдрах гэсэн маш энгийн ойлголт. Хүүхдүүд сургуульд хичээл үзэхээс илүү, үнэт зүйл, хандлагад суралцах ёстой. Өнөөдөр дэлхий нийтээр Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дагаж, бүх нийтээр тогтвортой хөгжихийн төлөө ийм тийм зүйл хийнэ гэж төлөвлөн гаргаж байна. Гэхдээ энэ нь тэдгээр зорилтыг автоматаар даган мөрдөнө гэсэн үг биш. Тогтвортой хөгжлийн зорилгын үзэл баримтлалыг улс орныхоо онцлогт тохируулан, хялбараар шийдэж болно. Ялангуяа, монголчууд байгальдаа ойрхон байдаг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах өв уламжлал бүхий онцлог шинж чанартай хүмүүс. Тиймээс өөрийнхөө онцлогт таарсан байдлаар ойлгож хэрэгжүүлэх нь чухал. 


Тогтвортойгоор хөгжихийн суурь нь боловсрол. Тэр дундаа байгаль эх дэлхийгээ хайрлах, өв соёлоо  хамгаалах, нутаг орныхоо онцлог давуу талыг танин мэдэх буюу экологийн боловсролтой байх нь ирээдүйн иргэний заавал эзэмших мэдлэгийн нэг.  Тогтвортой хөгжлийн боловсрол I, II төслийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиуд өөрсдийн нутаг орны онцлогт тохирсон жижиг төслүүд хэрэгжүүлдэг. Хэдийгээр Мөрөн сумын ЕБС төслийн нэгжид хамрагдаагүй ч Эко сургууль хөтөлбөрийнхөө хүрээнд хийсэн ажлууд нь сурагчдынх нь экологийн боловсролыг нэлээн өндөр түвшинд хүргэжээ

.

Тус сургуулийн хүүхдүүд аяллынхаа үеэр байгаль дэлхийгээ хайрлах зан үйлд суралцаж, сургуульдаа болон сумынхаа хэмжээнд цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлж эхэлжээ. 

Тэд хоёр жилийн өмнөөс сургууль дээрээ “Зүгээр битгий хая” аяныг өрнүүлж, хуванцар сав, бөглөө цуглуулж, хогоо ангилан ялгаж хэвшсэн байна. 

Энэ аян нь тухайн сургуулийг төдийгүй Мөрөн сумыг хуванцар савны хаягдалгүй болгож, сурагч бүр хог хаяхгүй байх дадалд суралцсан талаар сургуулийн захирал М.Ариунаа бахархан ярьж сууна. Учир нь тус сургуулийн сурагчид өөрсдийн санаачилгаар Хэнтий аймгийнхаа Засаг даргадаа захидал бичиж, гялгар уут, хуванцар савыг дахин боловсруулдаг “Пластик центр” ХХК-ийн үйл ажиллагаатай ч танилцжээ.

ЕБС-ийн захирал М.Ариунаа:

- Манай сургуулийн хувьд сурагчидаа ногоон зан үйлтэй, зөв эерэг хандлагатай, зөв хүмүүжилтэй байлгахын төлөө түлхүү анхаарч ажилладаг. Олон жилийн туршлагаас харахад хэрэв хүүхэд хандлага нь зөв, орчин нь таатай байвал суралцах сонирхол нь нэмэгддэг. 

Тиймээс манайх хот хөдөөгийн ялгааг арилгахын тулд сургалтын орчноо хувийн сургуулийн хэмжээнд хүргэхээр ажиллаж байна.

Тогтвортой хөгжлийн боловсролын Эко сургууль хөтөлбөрийн хүрээнд ногоон байгууламжийг өөрсдийн хэмжээнд хийж байна. Мөн  "Өнгө нэм" ТББ болон Пластик центр ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Зүгээр битгий хая” аяныг сургууль дээрээ хэрэгжүүлж, хүүхдүүддээ орчны бохирдол, хог хаягдлын талаар хичээл орж, хогоо яаж ангилах, хуванцар саваар хэрхэн эцсийн бүтээгдэхүүн хийдэг талаар сурагчид маань аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр "Пластик центр" ХХК-ийн үйлдвэртэй газар дээр танилцсан. Энэ аялал хүүхдүүдэд их нөлөөлж, гудамжинд байсан хуванцар савыг хүртэл авдаг болсон. Сургуулийн зүгээс сумынхаа дэлгүүрүүдэд "Зүгээр битгий хая" аяныхаа хайрцагыг байрлуулж, хаягдал хуванцар сав болон гялгар уутыг цуглуулж байна" гэлээ. 

Тэгвэл сурагчдаас эхэлсэн аян сургуульд өрнөж, сургуульд ургасан "соёлын үр" суманд хэрэгжиж байгаагийн сайн жишээ Хэнтий аймгийн бас нэгэн суманд байна.

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын сургуулийн багш сурагчид ТХБ-II төслийн хүрээнд сумаа хоггүй цэвэр цэмцгэр болгохыг зорьж, “Цэвэр цэмцгэр бидний орчин” төслийг хэрэгжүүлж байна. Ингэхдээ зөвхөн сургуульдаа гэлтгүй сумынхаа бүх байгууллагад хог хаягдлын хор уршгийг таниулж, хогоо зөв ангилан ялгах талаар мэдээлэл хүргэжээ. Түүгээр ч барахгүй сумандаа аюултай хог хаягдлын сав байрлуулсан байна. 

Сумын иргэд байтугай суурин газрынхан ч хог хаягдлаа ангилан ялгах, аюултай хог хаягдалд юу орох талаар төдийлөн мэддэггүй. Мэддэг байлаа ч ач холбогдлыг нь үл оошоодог.

 Харин Баян-Адарга сумынхан ахуйн хэрэглээний аюултай хог хаягдал болох баттерей, ахуйн хэрэглээний газны сав, автомашины тосолгооны шингэний сав зэргийг цуглуулдаг болсон нь сумдад хэрэгжүүлсэн онцлох ажлын нэг болжээ.

Түүнчлэн тус сумынхан долоо хоног бүрийн лхагва гарагийг автомашингүй өдөр,  баасан гараг бүрийг "Ногоон худалдан авалтын өдөр" болгосон нь өнөөгийн нийгэмд тогтоод буй зарим нэг буруу хэвшлийг зөв голдиролд нь оруулж байгааг сумын иргэд ярьж байна. Тухайлбал лхагва гарагт шаардлагагүй л бол ямар нэгэн худалдан авалт хийхээс татгалзаж, зайлшгүй тохиолдолд эрүүл, эко бүтээгдэхүүн авахыг эрмэлздэг бол автомашингүй өдөр тээврийн хэрэгслээр малаа хариулж дадаад байгаа малчид энэ өдөр мориороо малаа хариулж, хүүхдүүдээ сургуульд мориор хүргэж өгч байна.  

Сургуулийн багш нар нь ийн сургуульдаа, сумандаа нөлөөлөхүйц ажлуудыг хийж байгаа бол сурагчид нь хогийн хаягдлаа багасгах, юмханаар юм хийх ухаанд суралцаж байна. 

Тус сургуулийн "Ногоон төгөл" эко клубын сурагчид хүнсний хаягдлаар органик бордоо гаргаж, сургуулийнхаа тасалгааны болон гадна цэцэрлэгжүүлэлтийн цэцгүүдээ шүүсээрээ бордож ургуулж байгаа бол нийт сурагчдынхаа дунд "Мойлхон чамдаа баярлалаа" аяныг зарлаж, мойлны яс цуглуулжээ. 

Энэ сумын хамгийн анхаарал татсан төсөл нь хаягдал хувцас ашиглаж дахин загварчлах явцдаа англи хэл сурах. “Бүтээлч охид” клубын чиглүүлэгч, англи хэлний багш Г.Ариунаа өнгөрсөн 5 дугаар дугаар сараас эхлэн "Охидын клуб" хичээллүүлж,  хаягдал хувцсыг цуглуулж, дахин боловсруулж даавуун тор, малгай, ороолт, нүүр будагны сав, CD-ний уутнаас эхлээд гар урлалын олон төрлийн бүтээгдэхүүнийг охидынхоо тусламжтайгаар хийж эхэлсэн байна. “Бүтээлч охид”  клубт ганц л дүрэм мөрдөгддөг. Энэ нь англиар ярих.

Англи хэлний багш Г.Ариунаа: 

- Би бага ангийн багш мэргэжилтэй. Сумандаа 10 жил багшаар ажилласны дараа олон улсын байгууллагад ажиллаж байгаад хоёр жилийн өмнөөс ЕБС-даа англи хэлний багшаар ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сараас ТХБ төслийн хүрээнд охидын оролцооны клуб байгуулж, хаягдал материалыг дахин ашиглаж бүтээл хийх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. 

Манай клубт ганцхан дүрэм мөрдөгддөг. Бид бүтээл хийх явцдаа зөвхөн англиар ярьдаг. Хүүхдийн гар хэр хөдөлнө тэр хэмжээгээр оюун ухаан нь хөгждөг. 

Тиймээс бид юу хийж байгаагаасаа шалтгаалаад хэрэглэгдэхүүнээ англиар хэлэхээс эхлээд ярианы ур чадварыг ч давхар хөгжүүлнэ гэсэн үг. Миний зорилго бол хүүхдүүдийг хэл сурах сонирхолтой болгох. Хүүхдүүд хэзээ ч ширээний ард гараа зөрүүлж суугаад хэл сайн сурч чадахгүй.  Харин бусадтай ярьж, хөгжиж байж сурна. 

Олон хүн сумын сургуулийг хөгжлөөс хоцрогдсон, сургалтын чанар, суралцах орчин нь тааруу мэтээр төсөөлдөг. Гэхдээ хөгжил бол зөвхөн суралцах орчноор хязгаарлагддаггүй. Эх орны минь ирээдүй болсон хүүхдүүддээ зөв хүмүүжил олгож, эерэг хандлагатай байж, аливаад бүтээлчээр хандан байгаль, эх дэлхийгээ хайрладаг хүн болгох багш ажилчдын гагцхүү чин сэтгэл л байхад хөгжил ирдэгийг сумын сургуулиуд харуулж байна. Сургуулиас цацарсан гэрэл сум даяар цацарч байгааг харахад таатай байна.


Сэтгүүлч: Б.Ариунзаяа