“Энэ манай өвөөгөөс л дамжиж ирсэн юм даа” гээд хадгалдаг монгол гэрийн тавилга  авдар гэрийн чинь хаа нэгтээ байдаг уу. Магадгүй хэрхэн хэрэглэх, яаж гэрийнхээ интерьерт “шингээж” тавихаа мэдэхгүй төвөгшөөх үе ч бий болов уу.

Энэ удаа бид “Tara Lifestyle ” брэндийн үүсгэн байгуулагч, архитекторч, чөлөөт уран бүтээлч Э.Билигтээс монголын уламжлалт тавилгыг өнөө цагт байр, орон сууцанд хэрхэн тохируулж ашиглах талаар асууж, зөвлөгөөг бэлтгэлээ. 


Хана, хөшгөө цулгуй өнгөтэй байлга

Гэрээ тохижуулахдаа үнэтэй гэхээсээ илүү хувирах боломжтой ханын цаас, хөшиг, шүүгээ сонгох хэрэгтэй. Учир нь хээтэй ханын цаас нэг хэсэг хуйлруулж байгаад моодноос гарчихна. Тэгээд ч хана, том хэмжээний шүүгээ зэрэг нь эрээн байхаар бусад жижиг хэрэгслүүдээ тохируулж сонгоход бэрх. Хэтэрхий олон өнгө эрээлжилсэн тухгүй байдал үүсгэдэг талтай. 

Хэрэв цул өнгөтэйг нь авчихвал бусад зүйлсээ өнгө өнгөөр сольж болно. Цулгуй хана дээр ямар ч стилиэр засварласан хүссэнээрээ өөрчлөх боломжтой. Бараг улирал тутамдаа гэрийнхээ интерьерийг өөрчлөх боломж бий. 

Ямар ч хээгүй, цулгуй ханын цаас сонголоо гэж бодъё.  Тухайн өнгөндөө ууссан буйдан тавиад, дээр нь цэцэг навчтай, янз бүрийн өнгө, хээ алагласан жижиг дэр тавихад л гэр өнгө ороод ирдэг. Улирлаасаа шалтгаалаад өвөлдөө улаан, улбар шар гэх мэт дулаан өнгийн дэрний уут, зундаа цайвар ягаан, цэнхэр зэрэг хүйтэн голдуу өнгөтэйг сонговол зүгээр. Энэ мэтчилэн жижиг зүйлсээр гэрийнхээ интерьерт өөрчлөлт хийх боломжтой юм. 

Энэ талаар Э.Билигт “Заавал нүсэр их зардал гаргаж засвар хийхгүйгээр гэрийнхээ эд зүйлсийг эвтэйхэн зохицуулж, ханын цаасаа будаж, хуучин зүйлсээрээ өөрчилж болно. Гэрээ өөрчилнө, засна гээд уналттай таазанд, засвартаа хэт их мөнгө төсөвлөх шаардлагагүй. Ер нь гэр, амьдрах орчин тансагтаа биш тав тухыг хангасан байх нь чухал. 


Мөн манайхан гэрээ тохижуулахдаа цогцоор нь биш хэсэгчилж сонгочихдог. Сэтгэл хөдлөлөөрөө  энэ ёстой гоё юм байна гээд л…  Дараа нь харахаар классик обойтой, орчин үеийн зурагтын тавиуртай, ямар ч авцалдаагүй арьсан буйдантай гээд алдаа гаргах нь бий ” гэлээ. 


Хэвшмэл ойлголтоос татгалз 

Монголчууд монгол уламжлалт тавилга улаан, улаан шар байх ёстой гэсэн хэвшмэл ойлголттой. Энэ талаар Э.Билигт ийнхүү зөвлөлөө. Тэрбээр:

Тавилга л бол тавилга. Өөрчилж болохгүй зүйл биш шүү дээ. Өнгө будгаас эхлээд, зориулалтыг нь хүртэл өөрчилж болно. Цэнхэр өнгийн суурьтай, цагаан ягаан хээ, саарал суурьтай гээд хүссэнээрээ л өнгийг нь өөрчилж болно. 

Өвлөгдөж ирсэн эд зүйлсийг хадгална гээд зүгээр нэг сувинер болгоод өрөөний мухарт “тахих” хэрэггүй. Тэдгээрийг өнөө үеийн хэрэгцээндээ тохируулж ашиглах хэрэгтэй. Жишээ нь хүүхдийн тоглоом хийх сагсаа аргал түүдэг аргаар орлуулж болох юм. Тоглоом хийгээд тавьчихсан байхад авдар, шүүгээ зэрэг монгол тавилгатай хэчнээн сайхан хоршдог гээч” хэмээн ярьсан юм. 

Бас цайны домбо, данх зэрэг гэрт тань байгаа бол тэдгээрийг зүгээр үзмэр шиг дэмий байлгалгүй хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал цэцэг усалдаг сав болгоод ашиглаж ч болох юм " гэлээ. 

Бичлэг үзэх:

 


Монгол тавилгад тохируулж интерьер бүрдүүлэх харин ч амархан 

“Энэ авдрыг яах вэ, тавих газар олдохгүй юм” гээд асуудаг хүмүүс цөөнгүй талаар Э.Билигт хэлж байлаа.

Жаахан бүтээлчээр харвал авдартай зохицолдуулж гэрээ тохижуулах амархан.

Тухайлбал монгол авдар олон өнгөний хоршил гаргасан, хээ хуаран чимэглэлтэй. Өнгөлөг сайхан харагддаг. Тэрхүү хээнд орсон өнгөний дагуу жижиг декор/чимэглэл/-үүдээ сонговол авдар маань сондгой ганц зүйл болж анзаарагдахгүй. Ягаан, цэнхэр өнгөний уусалттай хээтэй байлаа гэхэд тийм өнгийн цэцэг, дэрний уут, жаазтай зураг сонгож болох юм. 

Мөн буйдан худалдаж авахаар зэхэж байгаа бол монгол орыг сонирхоод үзээрэй. Хээ хуар нь алаглаад өнгө алаглаад буйдан шиг болгосон. Яг л буйдан шиг эвхэгддэг, сунаад хоёр хүний унтах ор  болдог загвар ч бий. Өөр нэг давуу тал нь орны хөл, толгойд байрлах шургуулганууд. Гэрт хөглөрөөд л хийх газар олддоггүй жижиг сажиг зүйлсийг агуулах сав болгож, зай хэмнэдэг.” гэж зөвлөсөн юм. 

Хөвгүүдэд цэнхэр өнгө сонгох хэрэггүй

-Интерьерийн урсгал, чиглэл сонгохоос илүү гэртээ, өрөөндөө давамгайлах өнгийг сонгох нь чухал гэнэ. Эргэн тойронд ямар өнгө түлхүү байгаагаас хамаарч хүний сэтгэл зүй өөрчлөгддөг талаар судалгаа байдаг. 

Тэгэхээр өрөөндөө, гэртээ ямар өнгө сонгохоо шийдвэрлэхдээ хүүхдүүдийнхээ хүйс, насны онцлог, гэр бүлийнхнийхээ зан байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. 

Нэг үе монголчууд эрэгтэй хүүхдэд цэнхэр өнгө, охидод ягаан өнгө оллон сонгож байв. Гэтэл энэ нь буруу ойлголт ажээ. 

Энэ талаар Э. Билигт  “Эрэгтэй хүйсний хүмүүс гал махбодтой байдаг. Иймд улаан, улбар шар гэх мэт дулаан өнгийг сонговол тохиромжтой. Харин охидод цэнхэр, цайвар өнгийг сонгох хэрэгтэй. 

Цэнхэр өнгөөр хүрээлэгдсэн бол хүн тайвширч, дөлгөөн болдог. Тэгэхээр цэнхэр өнгөний дунд өсөх юм бол хэт даруу, ноомой болж ч болох юм.  

Хэрвээ таны хүүхэд дэндүү дотогшоо дуугуй, сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй, өнөөгийн хэллэгээр эмо байвал өрөөнд нь эсвэл гэртээ дулаан /улаан, шар, улбар шар, хүрэн улаан гэх мэт/ өнгийн чимэглэл, тавилга сонгохыг зөвлөе. 

Харин хүүхэд тань бага насных эсвэл удаан тогтож суудаггүй, хэтэрхий хөдөлгөөнтэй байгаа тохиолдолд хүйтэн өнгө буюу цэнхэр, ногоон, цайвар цэнхэр, саарал өнгийн тавилга сонговол тохиромжтой” гэж зөвлөлөө. 

Ташрамд дурдахад сэтгэл санаа хувьд тогтворгүй, ядарсан, стресс бухимдалтай байгаа үедээ улбар шар өнгийн жижиг деталиудыг гэртээ байршуулаарай.
Бүр сетрусийн төрлийн жимс байсан ч болох юм. Учир нь тод өнгө хүнийг тайвшруулж, анхаарал төвлөрөлд тустай байдаг ажээ.