Цар тахалтай холбоотой эмнэлгийн ажил үйлчилгээнд ямар нөхцөл байдал үүсч байгааг тодруулж, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн ерөнхий захирал Ш.Энхтөртэй ярилцлаа. Манай улсад өнгөрсөн 06 дугаар сард корона вирусийн халдварын тархалт, нас баралт хамгийн өндөр байсан төдийгүй энэ үеэс жирэмсэн эх, хүүхдүүд ковид19 халдвараар өвчлөх нь эрс нэмэгдсэн билээ. Тус ярилцлага 07 сарын 06-ны өдөр буюу түүнийг албан ажлаа өгөхийн өмнө болсныг тодотгоё. 

-Коронавируст халдварын өвчлөлтэй холбоотой танай эмнэлэгт байдал ямар байна? 

2020-2021 онд олон удаа хөл хорьсон учраас манай эмнэлгийн хяналтанд байж олон давтамжтай үзүүлж хэвтэн эмчлүүлдэг орон нутгийн хүүхдүүдэд асуудал үүсч эхэлсэн. Бөөр, бодисын солилцоо, зүрх судасны өвчин эмгэгтэй, төлөвлөгөөт мэс заслаар үе шаттай хагалгаанд орох хүүхдүүд тогтсон хугацаандаа ээлжит эмчилгээндээ орох боломж хязгаарлагдаж эхэлсэн. 

Гэтэл энэ оны 3 сараас эхлээд халдвар Улаанбаатарт эрчтэй тархлаа. Мөн өнгөрсөн 5, 6 сард орон нутагт тархалт нэмэгдлээ. Үүнтэй холбоотой тусгай төрөлжсөн эмнэлгүүд ковид19 өвчний хүндрэлийг хүлээн авч эмчлэх шаардлага гарч, ЭМ-ийн сайдын тушаалаар манай ЭХЭМҮТ энэ оны 4 сараас эхлээд жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд  ковидоор өвчилж хүндэрсэн тохиолдлыг хүлээн авч эмчлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд жирэмсэн эх, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн яаралтай тусламж, ердийн, эрчимт эмчилгээний нийт 4 тасаг нээж, 24 цагийн горимоор ажиллаж байна. Ер нь гамшгийн үед эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх гамшгийн штаб байгуулан ажиллаж байна. Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг дээр 43 ортой хоёр тасаг, хүүхдийн эмнэлэг дээр 48 ортой эрчимт эмчилгээний, ердийн тасаг ажиллуулж байна. Нийт 83 орыг зөвхөн ковид өвчний хүндрэлийг эмчлэхэд зориулж нээсэн. 

06 сарын дунд үеэс эхлээд жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд ковидоор өвчлөх нь нилээд нэмэгдсэн. Дээрх 83 орон дээрээ заримдаа 150, 160 өвчтөн хэвтүүлэн эмчлэх нөхцөл байдал үүслээ. Үүнтэй холбоотой ЭХЭМҮТ багаараа орж ажиллах горимд шилжсэн. Ингэж багаараа ажиллахад тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал дээшилж байгаа нь ажиглагдлаа. Нөгөө талд ЭХЭМҮТ-д үндсэн тусламж үйлчилгээ авахаар ирсэн хүмүүс, ковидын халдвартай өвчтөнүүдтэй нэг байранд зэрэгцэн эмчлэгдэх нөхцөл үүссэн. Үнэндээ тулгамдаж байна. Гэсэн ч ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм, сахилга бат зэргийг хатуу баримтлан ажиллаж ирлээ. 

  Цусны эмгэг, хорт хавдартай хүүхдүүдийн ээлжит эмчилгээг таслахгүйн тулд ЭХЭМҮТ дээр байрлуулж байна


Хүн нөхцөл байлаа ч ковидын халдвартаас бусад өвчтнүүдийн эмчилгээ үйлчилгээ хангагдаж чадаж байна уу? 

  2020 онд төлөвлөгөөт эмчилгээнд хамрагдах ёстой хүүхдүүд маань завсардах эрсдэл үүсч байсан учраас цусны эмгэг, хорт хавдартай хүүхдүүдийг эмнэлэг дээрээ байрлуулж эмчилгээгээ үргэлжлүүлэх боломжоор нь хангаж байна. Ер нь 2016 оноос хүүхдийн хорт хавдрыг манай ЭХЭМҮТ эмчилдэг болсон. Энэ төрлийн өвчний цогц эмчилгээ гурван жил байдаг учраас хорт хавдартай хүүхдийн тусламж үйлчилгээг тасалдуулахгүйн тулд бүгдийг л зохицуулж байна.

 Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийг өөр газарт нүүлгэн шилжүүлж сулласан. Мэдрэл, бөөр дотоод шүүрэл гээд бүхий л мэс заслын тусламж үйлчилгээнүүд нь өөр өөрийнхөө байрандаа ажиллаж байна. 

-СОVID- 19-ын халварт өвчнийг эмчлэх 83 ортой ч 160 хүртэл өвчтөнг эмчлэх тохиолдол гарч байна гэлээ. Чухам яаж? 

Өвчтөнүүд шалаар, коридороор зулаад хэвтэж буй дүр зураг л буугаад байна.  Ер нь эрүүл мэндийн байгууллагууд гамшгийн, цар тахлын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нөөц чадавхаа бүрдүүлсэн байх ёстой гэж үздэг. ДЭМБ 2014 онд цар тахлын үед тусламж үйлчилгээ үзүүлэх чадавх, хүний нөөц, эм тариа хэрэгсэл, бусад нөөцийг бэлэн байлгах зөвлөмж гаргасан байдаг. Энэ хүрээнд бид бэлэн байдлаа хангасан. 

Стандартын дагуу нэг өвчтөнд 12-16м2 талбай оногдоно гэж төлөвлөсөн. Харин өвчтөн нэмэгдэх үед нэг өрөөнд нэмж ор тавьж байгаа. Ний нуугүй хэлэхэд коридорт ор тавиад хүчилтөрөгч өгөх аппарат хэрэгслийг нэмж байршуулах гээд асуудал бий бий. Ер нь 83 ортой ч 160 өвчтнийг нэгэн зэрэг байршуулан эмчлэх ор, техник хэрэгсэл, хоол хүнс, хүний нөөц гээд бүх нөөцийг бэлэн болгох ёстой. Яг энэ дүрмийг л баримтлан ажилласан. Нөөц ч бүрдсэн. 

Ер нь 2018, 2019 онд манай эмнэлгийн ачаалал маш өндөр байсан. 

Нярай хүүхдийг УБ хотод хүлээн авч эмчилдэг төрөлжсөн тасаг нь зөвхөн манай ЭХЭМҮТ-д байдаг учраас ачаалал 3 дахин ихсэх үе ч бий. 

Эрүү, нүүрний мэс заслын тасаг мөн л өвчтөн ихтэй байсан. 11-р сарын сүүлээс дараа жилийн 2-р сарын эх хүртэл ачаалал оргилдоо хүрч, 4 сараас намждаг. Гэтэл энэ үед зүрх судас, бөөр элэг, хавдрын өвчлөл байдгаараа л байна. Ингэж томуу, томуу төст өвчний хүндрэлүүд гараад ирэхээр ердийн өвчлөл дээр нэмэлт ачаалал бий болдог. Тиймээс бид сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний таван тасгийг хөгжүүлж чадсан. Дутуу төрсөн нярайг сэхээн амьдруулдаг нярай судлал, нярайн эрчимт, хүүхдийн эрчимт, мэс заслын эрчимт, эх барих эмэгтэйчүүдийн эрчимт эмчилгээний таван тасгийг нээж хөгжүүлж чадсан нь их том жишээ. Эдгээр тасагт өдөртөө 15-25 өвчтөний амьсгалыг удирддаг. 

Зүгээр нэг хамраар, маскаар хүчил төрөгч өгөх нь хүчилтөрөгчийн эмчилгээний дэмжлэг мөн. Харин унтуулаад мөгөөрсөн хоолойд нь гуурс тавьж орчин үеийн өндөр хүчин чадалтай, ухаалаг амьсгалын аппаратаар тухайн өвчтөний өвчин эмгэгт нь тохируулж уушгийг бүрэн орлуулах эмчилгээ хийх нь маш нарийн ажил. Энэ бол манай төвийн сүүлийн 10 гаруй жилд бий болгосон хүний нөөцийн болон техник технологийн нөөц чадавхийн үр дүн, асар их туршлага гэж хэлж болно.

Эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний төвлөрөл ойрын 10 жилд саарахгүй...


-Эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ зөвхөн нийслэлдээ төвлөрсөн хэвээрээ л байна. Баян-Өлгий, Дорнодын ямар ч хүнд өвчтөн УБ-т ирж эмчлүүлдэг хэвээрээ. Ойрын ирээдүйд өөрчлөгдөх боломж байна уу? 

Өндөр шаардлагуудын улмаас энэ төвлөрлийг сааруулах боломж ойрын 10 жил харагдахгүй байна. Гэсэн ч ядахдаа 21 аймагт биш юм гэхэд бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд тодорхой тусламж үйлчилгээ үзүүлдэг болчихвол бид цахимаар мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлээд, заагаад явах боломжтой. Үүн дээр ч анхаарах ёстой юм байна.

ЭХЭМҮТ хүүхдийн чиглэлээр 25 төрөлжсөн мэргэжлийн тусламж, эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр 10 гээд нийт 35 төрөлжсөн тусламжийг улсын хэмжээнд үзүүлж байна. Тухайлбал хүүхдэд мэдрэлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасаг улсад ганц л бий. Хөл хориотой холбоотой орон нутгаас ирж оношоо тодруулж эмчлүүлдэг байсан өвчтөнүүд эмчлүүлж чадахгүй болчихоод байгаа хүндрэл бий. Тийм учраас бид зөвхөн манайд биш бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд, 4-5 газарт үзүүлдэг болгох нь чухал. 


- Монголд КОВИД- 19 халдвар тархсанаас хойш 700-аад хүнээ алдаж, ихээхэн хохирол амслаа. Эндээс бид суралцаж, ойлгож авах зүйл олон байгаа болов уу? 

Хэд хэдэн зүй тогтол харагдаад байна. Даяарчлалтай холбоотой халдварт өвчин богино хугацаанд хаана ч хүрч очиж тархаж болдог юм байна. Зарим үүсгэгч нь мутацид орж, халдварлуулах чадвар нь эрчимтэй нэмэгдэж байна. Улс орныг богино хугацаанд хүнд байдал оруулах эрсдэл бий. Энэ бүгдээс харахад эмч мэргэжилтнүүд халварт өвчинд өртөх нь маш том эрсдэл. Жил бүр гарч байгаа томуу, томуу төст өвчний зарим үүсгэгчийн хоруу чанар янз бүр байдаг. H1N1 вирус 2009-2010 он дамжаад олон оронд цар тахлын хэмжээнд хүрсэн.

Тухайн үед Монгол улс 800 000 хүнийг  богино хугацаанд вакцинжуулж хохирол багатай давсан. Одоо бол улирлын шинж чанартай болж хувирсан. Гэхдээ маш хоруу чанартай. Тиймээс ДЭМБ халдварт өвчин дэгдэлт цар тахлын хэмжээнд тархсан үед нэн тэргүүн вакцинжуулах 5 бүлгийн хүмүүст эрүүл мэндийн ажилтнуудыг оруулж байгаа. 

Энэ үед эрүүл мэндийн ажилтнуудыг халдварт өвчинд өртүүлэхгүй, хүний нөөцийн хомстолд оруулахгүй байх нь тулгамдсан эхний асуудал юм байна. Хоёрт,  дэлхийн томоохон судалгааны институтүүд 21-р зуун гарснаас хойш 5-6 жил тутам цар тахлын шинж чанартай халдварт өвчний дэгдэлт явагдах нь ойлгомжтой болсон талаар мэдээлж буй. 21-р зуун гарснаас хойш 2003 онд титэм вирус буюу SARS8 2009 онд H1N1 халдвар, 2015, 2016 онд улаан бурхан өвчний дахин дэгдэлт, 2020, 2021 он дамжаад CoVid19вирусийн халдвар цар тахал хэлбэрээр явж байна.   

Аливаа шинэ өвчин эмгэг гарахад тэр өвчний үндсэн шалтгаан, зүй тогтол, түүнтэй холбоотой эмчилгээ хийж сурах асуудал дэлхий нийтэд тулгамдаж байдаг. Сүүлийн үед амьсгалын замаар дамжиж халдварладаг өвчнүүд богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй байна. Уушигны үрэвсэлт төстэй эмгэг үүсгэх шинж төрхтэй, богино хугацаанд дотор олон эртхэн тогтолцооны дутагдалд хүргэх онцлог шинж чанартай байна. Шинэ өвчин учраас халдварт өртөх насны хүрээ их өргөн. Өндөр настан, нярай хүүхэд хүртэл өвчилж байна. Тийм учраас аль ч улсын эрүүл мэндийн тогтолцоонд хүчтэй цохилт, нэмэлт ачаалал өгч байна. 


       “Олон нийтийг айдаст автуулж сандраахгүй байх нь их чухал юм байна.”

Шинэ өвчин эмгэгийг хүмүүс янз бүрээр ойлгодог. Гэхдээ цар тахал гэдэг үгэндээ, нэрэндээ байгаа юм. Маш богино хугацаанд олон улс орныг хамардаг, тархалт, хамрах хүрээ маш өндөр, оношилгоо эмчилгээ нь шийдэгдээгүй, тухайн үүсгэгч нь их хоруу чанартай өвчнийг цар тахал гээд байгаа юм. Ердийн томуу бол халуун зунаар, өдийд  байхгүй ш дээ. Гэтэл цар тахал одоо байж л байна. Ийм л аюултай, онцлогтой өвчин. 

Бидний авч байгаа нэг сургамж бол олон нийттэй хэрхэн харьцах вэ гэдэг нь туйлын чухал юм байна. Айдаст автуулж сандраахгүй, зөв ойлгуулах нь их чухал юм байна. Хэт их түгшүүртэй, айдастай мэдээ тараагаад байхаар сүүлдээ эмч, мэргэжилтнүүд нь өөрсдөө түгшиж эхэлж байна. Одоо комбинезон дээр харагдаж байна. Энэ нь тарваган тахал зэрэг халдварт өвчний үед өмсдөг уламжлалт хувцас хэрэглэл. Эхнээсээ шалтгаан, халдвар тархах нөхцөл нь тодорхойгүй байсан учраас кобинезон өмсгөчихсөн чинь сүүлдээ эмч, мэргэжилтнүүд нь энэ хувцаснаасаа өөрсдөө салахаа байсан. Комбинезонтой халдварын бүсэд олон цаг ажиллахад тун хэцүү. Дураараа шингэн юм ууж ч болохгүй, бие засч болохгүй гээд. Бас хувцсаа зөв тайлахгүй бол халдвар авах ч эрсдэлтэй.              


 -Сүүлийн сардхүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд халдварлаж өвчлөх нь нэмэгдлээ. Тэд хэр хүнд тусч байна? 

Ер нь жирэмсэн эмэгтэйчүүд өөрөө физиологийн хувьд асар их өөрчлөлтөд ордог. Жирэмсний хугацаа нэмэгдэх тусам хэвлийн хөндийн даралт ихэснэ. Зүрх рүү ирдэг цусны урсгал буурдаг. Хэвийн жирэмсэн гэхэд л сүүлийн саруудад амьсгаадна, толгой эргэнэ, дотор муухайрдаг, ядардаг. Гэтэл ийм үед уушигний хатгалгаа үүсэхэд амьсгалын дутагдалд маш амархан ордог. Хүүхдүүд мөн өвөрмөц сонин байна. 

Дархлаажуулалт хийгдээгүй хүн амын хэсэг рүү энэ халдварт өвчин дайралт хийж эхэллээ. Монголын нийт хүн амын 37 хувь нь 0-18 насны хүүхдүүд. Хүүхдүүд маш эмзэг байдал орж байгаа. Тийм учраас 12-17 насны хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулж байгаа юм. 

Сүүлийн 10 жилд хүүхдийн өвчлөл эндэгдлийн бүтэц эрс өөр болсон. Хүүхдүүдэд зүрхний шигдээс, тархинд цус харвалт гээд насанд хүрсэн хүмүүст тохиолддог бүх өвчин эмгэг оношлогддог болсон. Жилд хорт хавдрын 100 орчим тохиолдол бүртгэгдэж байна. Энэ хэрээр архаг өвчин эмгэгтэй хяналтад удаан хугацаагаар эмчлэгдэх хүүхдүүд нэмэгдэж байна. Энэ шинэ төрлийн корона вируст халдвар яг ийм эрсдэлтэй хүмүүсийг илүү өртүүлдэг. Тиймээс хүүхдүүд халдварлах нь нэмэгдэхийн хэрээр нас баралт өсөх вий гэсэн болгоомжлол байгаа болохоор оношилгоо эмчилгээнийхээ удирдамжийг байнга шинэчилж бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 

07 сарын 06-ны өдрийн байдлаар манай улсад 30 000 хүртэл хүүхэд халдварлаад байна. Албан ёсоор нэг нас баралт бүртгэгдсэн. Нэг ч гэсэн иргэн нас барах ёсгүй. Үүний төлөө л бэлтгэлээ хангаж ажиллах үүрэгтэй. 


   “ЭХЭМҮТ-д ковидын халдвар авсан жирэмсэн 6 эмэгтэй эндсэн”


-COVID- 19-өөр халдварласан жирэмсэн эх эндэх тохиолдол гарч байна. Танай төвийн хувьд хичнээн эх, үрийн амийг аварч чадсангүй вэ?

 - Өнөөдрийн байдлаар ЭХЭМҮТ-д эмчлэгдсэн эхчүүдээс 6 эх эндсэн. Үнэхээр хүнд нөхцөлд жирэмслэлтийг шийдэх замаар эхийн амь насыг аврах тохиолдол ч гарч байна. 

Энэ өвчин хөнгөн, хүнд, хүндэвтэр, маш хүнд гээд эмнэл зүйн 4 явцтай байна. Хөнгөн тохиолдолд гэрээрээ эмчлэгдэх нь маш ач холбогдолтой. Өвчтөн дахин, өөр халдвар авахаас сэргийлнэ. Эмнэлгийн ачаалал нэмэгдэх тусам тусламж үйлчилгээний чанарт шууд нөлөөлөөд байгаа. Гэтэл манайд болж л өгвөл эмнэлэгт хэвтэх юм сан гэсэн хандлага их. Ийм хандлага давамгайлаад байгаа учраас эмнэлгийн ачаалал ихсэж эрсдэл нэмэгдээд байна. 

 - Ер нь цаашид бид ийм байдлаар халварт өвчинтэй зэрэгцэн амьдрах нь тодорхой болж байгаагта ч түрүүн ярилаа. Ийм нөхцөлд эрүүл мэндийн салбар, иргэд нь, улсаараа цаашид бага эрсдэл үүрэхийн тулд яах ёстой юм бол? 

Бид эрчимт эмчилгээний чадавхийг үндэсний хэмжээнд бэхжүүлэх нь туйлын чухал. Эрчимт эмчилгээ гэдэг нь өөрөө ихээхэн хөрөнгө мөнгө, үнэтэй техник технологи шаарддаг, эмч мэргэжилтнүүд нь удаан хугацааны сургалтаар бэлтгэгдэж, туршлагажиж явдаг учиртай.  

СО19-өөр үүссэн цар тахал намжихаар энэ эрчимт эмчилгээ нөгөө үнэтэй тоног төхөөрөмж, өндөр чадвартай боловсон хүчин зэрэг нь илүү юм шиг харагдаж эхэлдэг. Жишээ нь эрчимт эмчилгээний тасгуудын өвчтөн цөөрөөд ирэхээр илүү ажилтан тэнд байгаа юм шиг харагдана. Гэтэл бид цар тахлыг хохирол багатай давахын тулд тайван цагтаа хүний нөөц, техник технологийн чадавхаа бүрдүүлчхээд түүнийгээ хадгалж байх ёстой. Үүн дээр төсөв хөрөнгөө зоригтой шийдээд явбал магадгүй  тэр таамаглаад байгаа 2026 он, 2030-аад оны цар тахлыг  хохирол багатай давах боломжтой. 

Мөн энэ хүнд нөхцөлд цалин хөлс, урамшууллыг өгсөн шиг өгдөг байгаасай. Энэ бол асуудлын мөн чанар юм. Үнэхээр хүний төлөө нойр хоолгүй, олон өдөр сараар, гэр бүлтэйгээ уулзахгүй, өөрсдийгөө золиосонд гаргаж хүний амь насыг авран хамгаалахын  төлөө эрсдэл үүрч байгаа эмч, мэргэжилтнүүдийн цалинг өгсөн шиг өгдөг байх хэрэгтэй юм. Энэ бол цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт хамгийн сайнаар нөлөөлөх зүйл гэдэг нь туршлага, сургамжаас харагдаж байна. 


Баярлалаа.