Манай улсын хүн амын дөрвөн хүн тутмын гурав нь дархлаажуулалтад хамрагдсан ч мутацид орсон шинэ коронавирусийн хувилбар тархаж байх магадлал өндөр байгаа талаар өнгөрөгч өдрүүдэд УОК-ын дарга С.Амарсайхан мэдэгдсэн. Үүнийг судалж баттай хариу авах үүднээс сүүлийн гурван сараас хойш бүртгэгдсэн 50 тохиолдлыг шинжлүүлэхээр Япон улс руу чартер нислэгээр илгээсэн байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр тайлбарлахдаа "Мутацлагдсан коронавирусийг дотооддоо судлах боломжгүй, цаг хугацааны хувьд хожимдох учраас гадны улсад нэн даруй шинжлүүлж байгаа" гэсэн юм.

Уг асуудлыг харгалзаж, үнэхээр л мутацлагдсан вирус хүн амын дунд хурдацтай тархах боломжтой эсэхийг "Оном" сан судлах хүсэлтэй байгаа аж. Тэд өөрсдийн санхүүжилтээр судалгаа хийх болно гэдгээ засгийн газарт удаа дараа хүсэлт тавьсан ч зөвшөөрөөгүй байна. Тиймээс "Оном" сангийн зүгээс судалгааныхаа зорилго, авах арга хэмжээ, зөвлөмжийг олон нийтэд тайлбарлан хүргэж байна. 

Эрдэмтдийн багийн зүгээс дараах судалгааг нэн яаралтай хийх хүсэлтэй байна. Үүнд:

  1. Халдварын тархалт өсч байгаа нь SARS-CoV-2 вирусийн мутант шугам хүн амын дунд тархаж буйтай холбоотой байж болох тул Монгол Улсын хүн амын дунд эргэлтэнд буй SARS-CoV-2 вирусийн нуклеотидын дарааллыг тодорхойлох, болзошгүй мутант шугамуудыг илрүүлэх,

  2. Ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины үр дүн, нэн ялангуяа хүн амын дунд эргэлтэнд байгаа коронавирусийг саармагжуулж байгаа эсэхийг судлахыг зорьжээ.

Судалгаа хийх зөвшөөрлийг олговол Монгол Улсад тархаж байх боломжтой вирусийн шинэ хувилбарыг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг авах, урьдчилан сэргийлж чадах аж. Судалгаанд ашиглах зорилгоор батлагдсан тохиолдлуудын хамрын салстын арчдасаас 2,000 дээж авах шаардлагатай юм байна. Гэвч төрийн холбогдох нэгжээс зохих зөвшөөрлийг олголгүй цаг алдсаар л байгаа гэдгээ тэд илэрхийлж байна. 

Оном сангийн зүгээс ковид-19 вирусийн судалгаа шинжилгээг хамтран хийхийг Засгийн газраас хүсэж, дараах зөвлөмж саналыг хүргэлээ. 

  • Халдварын тархалт, вакцины үр нөлөөг үр дүнтэй сайн хянах нотолгоонд суурилсан шийдвэр гаргах чадамжийг нэмэгдүүлэхийн тулд Ковид-19-ийн нэгдсэн цахим санг цаг алдалгүй байгуулах 

  • Вирусийн мутант, шугам зэргээс хамаарч вакцины хамгаалах чадвар өндөр биш байгаа тохиолдолд хүн амын эрүүл мэндийг урт хугацаанд хамгаалах арга хэмжээг төлөвлөх, зохих судалгааг хийхэд бэлтгэл хангах зорилгоор гадаад, дотоодын эрдэмтдийг оролцуулсан хамтарсан судалгааны баг байгуулах. Энэ чиглэлд ДЭМБ-аас зарим нэг дэмжлэг хүсэх. "Оном" сантай хамтран ажилладаг дэлхийн тэргүүлэх эрдэмтдийг энэ багт оруулах хүсэлтэй байгаа аж.