П.Мөнгөнсор
08 сарын 25, 2021
Хүүхэд хүмүүжил төлөвшилтийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөгөөр бий болдог нь судалгаагаар тогтоогдсон билээ. Эмчийн хүүхэд эмч болдог, эхийгээ дуурайсан нямбай, аав шигээ техникт авьяастай гэж томчууд бид ярьдаг.
Үнэндээ хүүхэд эрүүл өсөж торниж, зөв хүн болж хүмүүжихэд гэр бүлийн нөлөө асар их. Тэр дундаа ээжүүдийн боловсрол, хүмүүжлийн арга барил хүүхдийг тодорхойлоход онцгой үүрэгтэй. Энэ талаар олон улсын судалгаанд юу гэж өгүүлснийг хүргэж байна.
#Ээжийнх нь боловсролын түвшин өндөр тусмаа хүүхдийн эндэх магадлал буурдаг
Ээжүүдийн боловсролын түвшин өндөр байх тусам хүүхэд төрөхдөө эндэх магадлал нь эрс буурдаг байна. Цаашлаад хувь хүний хөгжил, ухамсар хандлагад нь ч шууд нөлөөлдөг ажээ.
Иймээс өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн өвчлөлийг бууруулахын тулд эрүүл мэндийн салбартаа мөнгө төсөвлөхөөс илүүтэй эмэгтэйчүүдийн боловсролд анхаарал хандуулдаг.
Вашингтоны их сургуулийн судлаач Муррэй “Дунд сургууль дүүргэсэн, дээд боловсролтой ээжүүдийн хооронд эрүүл мэндийн боловсролын зөрүү асар их ажиглагддаг. Жишээ нь боловсролтой ээж халдварт өвчний мэдээлэл сайтай байдаг тул хүүхэд нь өвдсөн үед яаралтай эмнэлэгт хандаж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч чаддаг ” гэж дурджээ.
Түүний судалгаагаар 1970 онд 15-аас дээш насны эмэгтэйчүүд амьдралынхаа туршид дунджаар 4.7 жилийг л сурч боловсроход зарцуулж байжээ. Энэ тоо 40 жилийн дотор 7.1 жил болж нэмэгдсэн аж. Энэ нь хүүхдийн өвчин, эндэглэл буурахад шууд нөлөөлсөн хэмээн онцолжээ.
#Хүүхдийн сурах хүсэл эрмэлзлийн суурийг ээжүүд тавьдаг
Хүний төлөвшлийн шатны эхэн үе буюу бага насандаа олж авсан хүмүүжил, дадал зуршил, сурах арга барил нь ирээдүйд ямар хүн болох эсэхийг шийддэг. Үүнд эхийн нөлөө асар их.
Тухайлбал боловсролтой ээжүүд хүүхдэдээ тусгайлан цаг зарцуулах ёстойг мэддэг. Илүү их цаг гарган төрөл бүрийн сэдвээр чөлөөтэй ярилцах нь хүүхдийн сониуч хүслийг өдөөж, суралцах явцыг идэвхжүүлдэг байна.
Гэрийн даалгаварт туслах, мэдлэгээ хуваалцах, асуултыг нь анхааралтай сонсож ярилцах нь хүүхэд хичээлдээ дуртай байх нэг шалтгаан болдгийг мэргэжилтнүүд онцолдог.
Мөн боловсролтой ээжүүд тэвчээртэйгээр нэг үйлдлийг олон давтуулж зуршил болгон дадуулж, үр дүнг нь шалгаж, өөрсдөө ч хэрхэн үлгэрлэхээ мэднэ. Тэр хэрээрээ хүүхэд нь зорьсон зорилгодоо хүрч чаддаг, ажилдаа өндөр бүтээмжтэй, амьдралдаа сэтгэл хангалуун хүн төлөвшдөг.
#Та өнөөдөр дэлгүүрийн худалдагчтэй хэрхэн харилцсан бэ?
Хүүхэд таны алхам бүрийг ажиглаж байдаг. Өглөө дэлгүүрийн худалдагчтай хэрхэн харилцсаныг, салхилахдаа хөрштэйгээ мэндэлсэн эсэхийг, утсаар ярихдаа хэрхэн ярилцаж байгааг ч тэд гярхай ажиглана гээч.
Хүссэн ч эс хүссэн ч та хүүхдийнхээ хувьд харилцааны соёлын анхны багш нь байдаг. Тэд ээжийгээ нийгмийн харилцаанд хэрхэн орж, бусадтай хэрхэн харьцаж буйгаас суралцаж үлгэр дуурайлал авдаг.
Боловсролтой ээжүүд голдуу сурч мэдэх хүслээр тэмүүлсэн хүмүүсээр хүрээлүүлэх нь элбэг. Тэр хэрээрээ хүүхдэд урам зориг өгдөг юм. Хүмүүжлийн эерэг арга барилтай боловсролтой ээжийн нөлөөгөөр хүүхдийн суралцах мэргэжил, хоббигоо олж авдаг.
Эцэст нь эцэг эхчүүдэд хэлэхэд хүүхдэдээ зарцуулж байгаа цаг хугацаа болоод мөнгө бол үнэлж баршгүй хөрөнгө оруулалт юм. Өнөөдөр хүүхдэдээ зарцуулсан 1 ам.доллар ирээдүйд 7 ам.доллар болж үнэ цэн нь өсдөгийг судлаачид баталсан байдаг ажээ.
Эх сурвалж: The Washington Post, Ifstudies, Journal of Marriage and Family, Deseret news
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.