Харшил гэдэг найтаалгах, загатнах төдий зовуурын илрэл биш юм. Хүндэрвэл үхлийн шалтгаан болдог айхтар өвчин гэдгийг Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор С.Мөнхбаярлах онцлон хэлж байна. Тэр дундаа харшилаа эдгээх гэж буруу эмчилгээ хийж хүндрүүлж байгаа талаар дурдсан юм.


-Сүүлийн үед харшлаа намдаах зорилгоор гормоны тариа хийлгэх нь нэмэгдсэн талаар мэргэжилтнүүд ярьж байна. Энэ ер нь хэр үр дүнтэй арга вэ?

-Ерөөсөө гормоны гаралтай тариа хийлгэвэл харшил намдчих юм шиг ойлголт бий болчхоод байна. Бас нэгэндээ сайн тариа гээд зөвлөдөг. Энэ бол маш буруу ойлголт. Манайхан  сайн гэхээр л эмийн сангаасаа аваад нэгэндээ тариад байгаад эмзэглэдэг.

Гормоны тариа гэдэг тоглоом биш. Бүхэл бүтэн хүний эрхтэн тогтолцоог хамарч хүчтэй гаж нөлөө үзүүлдэг гэдгийг мартаж болохгүй. Жишээлбэл ус эрдсийн солилцоо алдагдаснаар хуурамчаар жин нэмж, хөөж хөвсийж таргалдаг. Цаашлаад ясны сийрэгжилт үүсгэх зэрэг хожмын аюул, сөрөг үр дагавар их.


-Харшилд огт хэрэглэдэггүй гэсэн үг үү?

-Тийм ээ, энэ бол харшилд огт хэрэглэдэггүй тариа гэдгийг мэдэж авах ёстой. Мэдээж хүчтэй бэлдмэл учраас хамар, нүд загатнах зэрэг харшил тойрсон зовуур намдана л даа. Гэхдээ үүнийг дагасан маш олон сөрөг дагавар байгааг л иргэд ойлгох ёстой юм. Таргалахаас гадна нүдний болор цайх, нурууны суултад ч сөргөөр нөлөөлдөг хүчтэй тариа.


-Тэгвэл яагаад энэ төрлийн тариаг зөвлөдөг юм бэ?

-Монголд ирж ажилладаг Өвөрмонгол эмч нар гормоны гаралтай тариаг их зөвлөдөг юм байна лээ, ирж үзүүлж байгаа хүмүүсийг анзаарахад. Манайхан харшлаа намдаах гэж байна гээд дахин дахин тариулдаг. Тэр хэрээрээ дааврын хамааралтай болчихдог. 


-Ийм төрлийн эмчилгээ хийлгэсэн хүнд харшлын энгийн эмчилгээ үйлчлэх үү?

-Хүчтэй гормоны тариаг нэг удаа хийлгэхэд 30-45 хоног хүний биед хадгалагддаг. Үүний нөлөөгөөр харшлын энгийн эмчилгээ бараг нөлөөлөхөө больчихдог. Ямар ч тохиолдолд арьсны сорил эсвэл цусанд харшил тодорхойлох шинжилгээг хийлгэж харшлын эмчээр эмчилгээ бичүүлэх нь зөв.

Гормоны тариаг мэргэжлийн хүнээр булчин хэсэгт гүн тариулдаг. Гэтэл өөрсдөө өнгөц тариад хатангиршил үүсээд хонхойчихдог. Нөлөөгөөр нь насан туршдаа сорвитой болчихдог.


-Харшил ер нь эдгэрдэг өвчин үү?

-Харшлын өвчин дархлааны тогтолцоод гажуудал нэг төрлийн гажуудал үүсгэчихдэг. Энэ байдал нь үе удамд дамжиж удамших хандлагатай байдаг. 

Харшил бол ханиад шиг цоо эрүүл болоод эдгэчихдэггүй 

Харин харшилтай хүмүүс урьдчилан сэргийлж, тохирсон эмчилгээгээ хийлгэх юм бол зовуурьгүй байх бүрэн боломжтой.


-Харшлын өвчлөл нэмэгдээд байгаа шалтгааныг та мэргэжлийн хүний хувьд хэрхэн хардаг вэ?

-Эмийн замбараагүй хэрэглээнээс үүдэн харшлын мэдрэгшилтэй болох тохиолдол нэмэгдэж байна.  

2010 оны судалгаагаар Улаанбаатар хотын насан хүрэгчдийн 24 орчим хувь нь ургамлын тоосны харшилтай гэсэн судалгаа гарсан байдаг. Жил ирэх тусам л ургамлын тоосны харшил, тархалтын байдал нэмэгдсэн. Ялангуяа хүүхэд залуучуудын дунд харшлын өвчлөл ихэссэн.


-Хотжилтын нөлөө бий юу?

-Ахуйгаасаа, байгалиасаа холдох тусам харшилд өртөмтхий болж байна л гэсэн үг. Тухайлбал хөдөө суманд амьдардаг иргэдийн дунд астам, харшлын өвчин харьцангуй ховор.  

Хүн ерөөсөө л байгалийн бүтээгдэхүүн. Гэвч соёл иргэншил хотжилтын нөлөөгөөр байгалиасаа улам холдож байна. Хүүхдийг төрөхөөс нь эхлээд бүх зүйлээс л холдуулаад, цэвэрлэж ариутгаад хамгаалдаг шүү дээ. Энэ хэрээрээ л байгалийн тоос, тоосонцор, цэцэг ургамлаас ч харшилдаг болж байгаа юм.


-Ургамлын тоосны харшил хэр аюултай өвчин бэ?

-Ургамлын тоосны харшил гэхээр хамар, нүдэнд мэдрэгдэх хөнгөхөн зовуур илрээд, тодорхой хугацааны дараа эдгэчих юм шиг ойлгодог. Гэхдээ үүний ард нэлээн ноцтой үр дагаврууд бий. Ургамлын тоосны харшилтай хүн давхар ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс харшилтай болчихдог гэмтэй. Энэ нь хүндрэхээрээ амьсгалын хүнд хэлбэрийн астма болдог.

Астматай, ургамлын харшилтай хүн хоол хүнснээсээ ч харшилдаг аюултай. Үүнийгээ мэдэхгүйгээс болоод харшлын хүнд хэлбэрийн шоконд орж, эмнэлэгт яаралтай хүргэгдэж ирсэн тохиолдол цөөнгүй.  Хоёр ширхэг тоор идээд л гэнэт харшлын шоконд орж, амь нас нь эрсдэх шахсан тохиолдол ч гарсан. Сүүлийн жилүүдэд харшлын шокноос болж нас барах нь нэмэгдэх хандлагатай байна.

2017 оны 7 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сарын хооронд буюу хагас жилийн дотор эм тариа болон хоол хүнсний хэт хүчтэй харшлаас болж шоконд орж амь насаа алдсан 10 гаруй тохиолдол гарсан. Эдгээр тохиолдлууд дээр шүүхэд гомдол гарч үүнийг шийдэхийн тулд манай харшил судлалын салбар зөвлөлөөс шинжээч мэргэжилтэн томилж ажилласан.  Ихэнхи нь эм тариа антибиотик, унтуулгын бодисын харшлаас болж нас барсан байгаа юм.


-Ургамлын тоосны харшлаас сэргийлэх боломжтой юу?

-Нэгдүгээрт, урьдчилан сэргийлэлтийн хувьд, хүн төрөлхтөн өөрөө харшил үүсгэх нөхцлийг бүрдүүлэхгүй байх ёстой. Үүний тулд агаарын бохирдлыг багасгах хэрэгтэй. Тэр дундаа дизель хөдөлгүүртэй авто машинаас гарч байгаа тортог ургамлын тоос хоёр нийлэхээрээ хүнд харшил үүсгэдэг нь судалгаагаар тогтоогдсон.

Хоёрдугаарт, нэгэнтээ харшилтай болчихсон бол юунаас харшилдаг вэ гэдгээ маш сайн оношлуулах хэрэгтэй. Ингэсний дараа тэр зүйлээсээ зайлсхийх, өөрийгөө хамгаалж сурах чадварт суралцдаг.


-Яг одоо ургамлын тоосны харшил нь сэдэрсэн хүнд юу гэж зөвлөх вэ?

-Яг одоо ургамлын тоосны харшилтай, сэдэрсэн, зовуур  шинж тэмдэг нь илэрсэн бол эмнэлэгт хандаж тусламж, үйлчилгээ аваарай. 

Чухам юунаас харшилтай гэдгээ нарийн тогтоолгож өөрт тохирох эмчилгээг хийлгэх чухал. Гэтэл манайхан бие биенээсээ сонссон, өөрт нь таарсан эм эмчилгээгээ цахим сүлжээнд хуваалцаад байх юм. Ингэж баталгаа нотолгоо муутай эмчилгээний аргуудыг өөр дээрээ туршаад хүндэрсэн үедээ ирдэг. Хэзээ ч нийгмийн сүлжээнд зөвлөсөн харшил эдгээх зөвлөгөөг бүү дагаарай.


-Тухайлбал ямар буруу арга, зөвлөгөө зонхилж байна вэ?

-Хүмүүс янз бүрийн л зүйл хэрэглэж, улмаар харшлаа сэдрээж, хүндрүүлээд ирдэг юм.  Тухайлбал голионы бөгс сордог, царцааны бэлдмэл хэрэглэдэг, аргалаар хүртэл утаж байна. Тэр дундаа гурван жил өнжсөн хөх хомоолоор өдөрт гурван удаа утдаг гэсэн зөвлөгөөг олон хүн нийгмийн сүлжээндээ шэйрлэж харагддаг. Ийм буруу ташаа зөвлөгөөг бүү дагаарай.

Харин ч энэ буруу зан үйлээс болж утаа амьсгалын зам, гуурсан хоолойн салстыг хэт цочроож шинж тэмдэгийг ужигруулна. Мөн олон давтаж удаан утсанаас салстыг гэмтээж, улмаар хамрын харшлыг хүндрүүлж астма болгох аюултай. Цочролд өртсөн амьсгалын зам эргээд харшлын шинж тэмдгийг бүр ч ихээр нэмэгдүүлдэг. Хэрэв утаагаар утаад эдгэрдэг байсан бол шинжлэх ухааныг хөгжүүлж, зардал гаргаад хэрэггүй биз дээ. 

Бичлэг үзэх: