Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж буй төгсөх ангийн сурагчдад зориулан шалгалтын өдрүүдэд хэрхэн сандрахгүй байж, анхаарлаа төвлөрүүлэх талаар сэтгэл зүйч Ж.Үйлст дараах зөвлөгөөг өглөө.


#7-14 хоногийн өмнөөс тооцоолох 

Шалгалтаас хоёр долоо хоногийн өмнөөс өөрийн бие сэтгэл зүйгээ бэлдэж эхлэх хэрэгтэй. 

Ханиад хүрэх, харшил хөдлөх, хэт их ядрах зэрэг нь шалгалтын үеэр анхаарлаа төвлөрүүлж, сэтгэн бодоход хүндрэл учруулдаг. Иймд биеэ эртнээс ажиглаж шаардлагатай зүйлсийг бэлтгэхээ мартуузай. 

Хангалттай хэмжээнд унтаж амрах нь хамгийн чухал. Шалгалтдаа бэлдэж байна гээд өдөр шөнөгүй суух, нойргүй хичээллэх тохиолдол цөөнгүй байдаг. 

Харамсалтай нь тархи хэтэрхий удаан ачаалснаас болж шалгалтын үеэр анхаарал төвлөрдөггүй.Тиймээс шалгалт эхлэхээс өмнөх өдрүүдэд чанартай нойрсож, тархиа амраагаарай. 


 

#Чанартай бага цаг зарцуулах


Тодорхой хугацаанд олон удаагийн давтамжтай, идэвхтэй бэлтгэх нь урт хугацаанд бэлдсэнээс илүү үр дүн үзүүлэх нь бий. 

Магадгүй  та өөрийгөө өнгөрсөн хугацаанд хангалттай бэлдээгүй гэж бодож байж болох юм. Тэгвэл сүүлийн долоо хоногийн хугацаанд илүү шаргуу бэлдвэл үр дүн муугүй байх болно. Мэдээж нойр, хоолоо хасаж бэлдэх нь хамгийн зохимжгүй арга. 

Таны анхаарал нэг цагийн хугацаанд л төвлөрдөг бол тухайн цагтаа чанартай сайн бэлд. Уншиж буй зүйлээ тогтоохгүй байж дөрөв, таван цаг сууж өөрийгөө залхаах хэрэггүй. 


#Шалгалт эхлэхээс өмнө идэвхтэй хөдлөх

Хөдөлгөөн хийсний дараа сератонин ихээр ялгарч ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг ажээ.

Шалгалт эхлэхээс 30 орчим минутын өмнө хурдан алхах, хөнгөн шогшиж гүйх зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийснээр өөрийн нөөц боломжоо бүрэн дайчлахад тань тус болох юм шүү.


Бичлэг үзэх:


#Кофе, чихэрлэг ундаанаас татгалз


Шалгалтын өдрүүдээр анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, олон зүйлд самгардаж байвал идэж уух зүйлсдээ анхаараарай. 

Хүнд чанарын хоол идэж ходоодоо дүүрэн болгож болохгүй. Гэхдээ хэт их өлсөх нь үүнээс ч муу үр дагавартай. Ходоодны 2/1 нь дүүрэн байхаар бодож жимс ногоо голдуу идээрэй. 

Шалгалт өгч байх үед тархи маш их ажиллаж хүчил төрөгчийн хэмжээ нь багасдаг тул усыг бага багаар шимж уугаарай. 

Чихэрлэг ундаа, кофе зэрэг уух зүйлс бөөрөнд илүү ачаалал өгдөг учраас эдгээрээс аль болох татгалзаарай.


#Мэдэхгүй зүйл бий гэдгээ хүлээн зөвшөөр 


Шалгалтад орохоосоо өмнө надад мэдэхгүй зүйл байгаа, алдаж болзошгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөрэй.  

Алдаа гаргахаа мэдэж байвал илүү тайвнаар ханддаг бол гэнэт тооцоолоогү алдаа гарах үед тархиндүймээн самуун үүсч панект ордог. Өөрөөр хэлбэл алдаагаа хүлээн зөвшөөрөөгүйгээс илүүтэй том бүтэлгүйтэл үүсч болзошгүй.

Алдаа гаргасан тохиолдолд "Энэ дүнгээр миний амьдрал шийдэгдэхгүй, хангалттай сайн хийж чадсан." гэж өөрийгөө урамшуулаарай. 

Нэг шалгалтдаа алдаа гаргаад түүндээ гутарвал дараагийн шалгалтууд ч мөн бүтэлгүйтэж болзошгүй тул сэтгэл зүйгээ тогтвортой байлгахыг эрмэлзээрэй.

Сандрахаар тархи дахь хүчил төрөгчийн хэмжээ буурна. Энэ үед дээр дурдсанчлан ус ууж, амьсгалын дасгал хийгээрэй.

Ингэхдээ 6-7 тоонд амьсгаагаа  авч, аажуухнаар гаргах эсвэл хэсэг хугацаанд амьсгалаа түгжиж болно. Энэ мэт уртаар гурван удаа амьсгал авахад л тархинд хангалттай хэмжээний хүчилтөрөгч нэмэгддэг байна. 


#Тархиндаа итгэ

Сэтгэл санаа тайван байж чадвал тархи боломжит нөөцөө бүрэн ашигладаг.  Өөрөөр бол тулсан цагт өмнө сурсан мэдсэн бүхий л мэдлэг чадвараа дайчилдаг тул өөртөө итгэж, тархиндаа ажиллах боломж олгоорой. 

Хангалттай сайн бэлдсэн гэдгээ өөртөө дахин дахин сануулах нь хамгийн чухал. Эргэлзээд байх тусам өөртөө итгэх итгэлээ гээдэг. Ингэснээр илүү айж сандарч, бүтэлгүйтэх магадлал нь нэмэгдэх болно. 

Хэрэвзээ шалгалтын үер огт төвлөрч чадахгүй байвал тэс өөр зүйлийн тухай бодох илүү дээр. Тухайлбал хаана байхдаа амар тайван болдог, хэнтэй байхдаа хөгжилтэй байж чаддаг вэ зэргийг бодож тайвшрах гээд оролдоорой. 

Хэн л шалгалтын үеэр тийм зүйл бодох вэ дээ гэж гайхаж магадгүй. Гэхдээ 15 минут сандарч байснаас таван минут өөр зүйл бодож тайвшрах нь илүү эерэг нөлөөтэй юм шүү.