Манай улсын хүн амын 90-ээс дээш хувь нь Ковид-19 вакцины эхний тундаа хамрагдсан ч халдвар авсан иргэдийн тоо өдөрт 2000-аас буурсангүй. Халдварын өсөлтийн ард иргэд санхүү мөнгөөрөө хохирохоос гадна сэтгэл санааны дарамтад орсоор байна. 

Цар тахлын улмаас хүнд нөхцөлд байгаа, ялгаварлан гадуурхагдсан иргэдийн төлөөлөлтэй ярилцлаа. 


Түргэн тусламжийн машинаар нэг дор 11 жирэмсэн эмэгтэйг зөөсөн


/Түүнийг Н гэдэг. 37 настай, Гурав дахь хүүхдээ хүлээж байгаа долоон сартай жирэмсэн. Ажлынхаа хүнээс коронавирусийн халдвар авчээ/

Хамт ажилладаг хүний ПСР шинжилгээний хариу эерэг гарсан тул түргэвчилсэн тест өгсөн. Ковид-19 халдвар авсан гэдгээ мэдээд маш их хямардаг юм билээ. Хамгийн түрүүнд тээж байгаа үрдээ санаа зовсон. Жирэмсэн учраас хамаагүй эм, бэлдмэл хэрэглэж болохгүй шүү дээ. Иймээс урагт сөрөг нөлөөгүй эм эмчилгээ юу байдаг талаар хайж, судалж эхэлсэн. 

Халдвар авснаас дөрөв хоногийн дараа дүүргийн эмнэлгээс ярьж, түргэн тусламжийн машинаар тусгаарлах байранд хүргэсэн юм. Машинд 11 жирэмсэн бүсгүй хоёр эгнээ болж сууж явсан, би найм дахь хүн нь болсон. Хөл хүнд ээжүүдийг нэг нэгээр гэрээс нь авсаар 3-4 цагийн дараа тусгаарлах байранд очсон. Энэ хооронд аль нэг жирэмсэн ээжийн биеийн байдал муудахыг үгүйсгэхгүй шүү дээ. Нэг машинд чихэлдэн яваа ээжүүдийг хараад бидний төлсөн эрүүл мэндийн даатгалын мөнгө чухам хаана, юунд зарцуулагддаг юм бол гэж бодсон. 

Ачаалал их, нөхцөл байдал амаргүй үе гэдгийг мэдэж байгаа ч тэр жижигхэн зайнд халдвартай 11 эхийг 3-4 цаг хамт байлгана гэдэг байж боломгүй санагдаж байна.


Ковидын халдвар авсан гэдгээ хэлэхэд байрны эзэн нэн даруй гарахыг шаардсан


/Ганц бие ээж, иргэн Э. Гурван сартай охины хамт айлын хажуу өрөө түрээсэлдэг. Нярай биетэй үедээ халдвар авсан учраас биеийн байдал нь хүнд байсан/

Коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрч, түргэвчилсэн оношлуураар шалгахад эерэг гарсан. Гэхдээ охины минь хариу сөрөг гарсан байв. Яах учраа олохгүй энэ тухайгаа байрны эзэндээ хэлж эртхэн шинжилгээ өгөхийг сануулсан. Гэтэл халдвар авч ирлээ гэж уурлан хажуу өрөөнөөс нэн даруй гарахыг шаардсан. Энэ хооронд эмнэлэгт хэвтэх хэмжээний хүндэрсэн тул ор олдсон дээр нь эмчлүүлэх хэрэгтэй байв. Хамгийн хэцүү нь надад нялх хүүхдээ харуулаад үлдээчих ах дүү, найдвартай хүн байдаггүй. Арга мухардаж эмнэлгийнхэнд учирлан байж охинтойгоо хамт хэвтсэн, энэ бол зөвшөөрөгддөггүй заалт л даа уг нь. Нярай хүүхдийн хамт халдвартай хүмүүстэй нэг өрөөнд байсан гэсэн үг. Арав гаруй хоног эмчлүүлээд гарах үед эмч нар “Охиноо аваад агаарт сайн гараарай, ямар нөхцөлд байснаа та мэдэж байгаа шүү дээ’’ гэж хэлэхэд гол зураад л явчихсан. 

Эмнэлгээс хүүхдээ тэврэн гарахад очих газар байсангүй бас халаас хоосон. Сандарч тэвдсэн тэр үед хамгийн түрүүнд санаанд орсон хүн нь ломбардны эгч. Өмнө нь нэлээн хэд үйлчлүүлж, нүүр нүүрээ мэдэлцэхийн хувьд ломбардны эзэнд учир байдлаа тоочиж хэлсэн. Миний тавьсан ээмэг, бөгжний үнэд дүйх зээлийн хэмжээн нь 500 мянган төгрөг. Харин миний хүссэн мөнгө 700 мянга. Өлгийтэй нярайгаа тэвэрч яваа намайг худлаа хэлээгүйг мэдэрсэн болов уу, ахиу мөнгө өгөхийг зөвшөөрсөн. Тэр хооронд таньж мэддэг найз нөхдийнхөөрөө хоног өнгөрүүлж явлаа. Одоогоор эзэнгүй хашаа олчихсон байгаа. Хүнтэй яриад дөрвөн ханатай гэр хямдруулж авахаар болсон. 

Уг нь би ажилтай төрөлтэй, их биш ч гэлээ амьжиргаагаа залгуулчихдаг ээж хүн. Гэтэл халдвар авсан минь охин бид хоёрын амьдралд ингэтлээ нөлөөлнө чинээ санасангүй. 


"Халдвар авсан л бол хөдөлмөрийн гэрээг цуцална” гэсэн

 

/Худалдааны төвийн лангуу түрээслэгч 43 настай иргэн С. Ажлын хүнээсээ халдвар авсан. Тэрбээр нэрийг нь нууцалж, албан газрынх нь талаар дурдахгүй байхыг аминчлан гуйж, өөрт тулгамдаж байгаа асуудлаа ярилаа/

Хамт ажилладаг хүн маань хэдэн өдөр ханиалгаад, чөлөө авсан. Удалгүй миний толгой өвдөж, хоолой өвдөөд эхэлсэн. Эхэндээ ханиад гэж бодож байсан ч тест өгөөд халдвар авсан гэдгээ мэдсэн. Тэр үед түүнийг надаас халдвар авсан гэдгээ нууж байсныг ойлгосон. Гэхдээ бид хэн хэндээ энэ талаар хэлээгүй, ярилцаагүй. Хоёулаа ажлаа хийсээр байна.  Өөрийгөө бодоод, иргэний үүргээ ухамсарлаад халдвар авсан гэдгээ хэлж хэсэгтээ тусгаарлах ёстой гэдгээ мэднэ. Ингэж үйлчлүүлэгчдээ хамгаалмаар байвч чадахгүй нь. Учир нь байгууллагын зүгээс “Халдвар авсан л бол хөдөлмөрийн гэрээг цуцална” гэсэн мэдэгдэл гаргаж, гарын үсэг зуруулсан. Гэтэл энэ ажил бидний амьжиргааны эх үүсвэр. Байрны зээл, бизнесийн зээлийн төлөлт хоцорч,  ар гэрийн амьдрал орвонгоороо эргэнэ шүү дээ.

Хэдий хувиа хичээсэн, хулчгар үйлдэл гэлээ ч би чинь цаанаа амьдралтай, ар гэртэй хүн. Амьхандаа халдвар хамгааллын дэглэмээ барьж байгаа ч миний биеийн байдал таагүй байгаа. Хүүхдэдээ халдаачих вий гэж айсандаа барааны агуулахдаа хэд хоног өөрийгөө тусгаарлаж байна. Эхнэр минь хоол унд, өнөөх арбидол, С, Д витаминыг нь дөхүүлж байна даа. 


Ямар эм уух, яах ийхээ асуухаар залгадаг ч утсаа авдаггүй юм билээ


/Түүнийг Л гэдэг. 30 настай. Худалдааны зөвлөхөөр ажилладаг. Байгууллагаараа ПСР шинжилгээ өгсөн. Хоёр хоногийн дараа хариу нь эерэг гэж гарсан байна/

Шинжилгээний хариу эерэг гарсан. Эмнэлэг ачаалал ихтэй байгаа учраас залуу хүнийг гэртээ бай гээд л буцаах нь ойлгомжтой. Тиймээс юунд түрүүнд гэртээ өөрийгөө тусгаарлах алхмыг хийсэн. Биеийн байдал хүндэрч халуурч эхэлсэн тул өрхийн эмнэлэг рүүгээ хэд хэд залгасан ч хариу өгсөнгүй. Ямар эм уух, яах ийхээ мэдэхгүй байсан болохоор асуух гэж залгасан юм л даа. Нөгөө сүржин онцгой комисс, дуудлагын төв нь ч утсаа авдаггүй юм байна. 

Эмийн эмчилгээг фейсбүүк группээс асууж, ковид тусаад эдгэсэн хүмүүсээс зөвлөгөө авсан. Эрүүл мэндийн сайдын яриагаар бол 60 ширхэг арбидол тарааж байгаа гэсэн. Надад лав эм авчирлаа гэж хаалга тогшоогүй. Мөнгө муутай, интернэт ашиглах боломжгүй хүн бол хүний тооноос хасагдаж байгаа юм байна гэж харагдаж байна. Би сая орчим төгрөгийн цалинтай, бараг 300 гаруй мянган төгрөгийг НДШ, ЭМД-д төлдөг. Гэтэл үр шимийг нь үзнэ гэж байдаггүй юм байна. Гэр бүлийнхэн маань бас бүгд өвдсөн. Ядаж цар тахлын үед эдгээр эмийг авах эмийн жагсаалтад оруулж, хөнгөлж өгөөсэй гэж бодсон.