Ковид-19 цар тахлын тархалт нэмэгдэхийн хэрээр халдварын дараах удаан хугацааны үлдэц, шинж тэмдгүүд нэмэгдсээр байгааг эрүүл мэндийн экспертүүд онцолсоор байна. 

КОВИД-19-ийн халдвар авч эдгэрснээс хойш зарим хүмүүст хэдэн долоо хоног, нэлээн хэдэн сарын турш үргэлжилж буй энэхүү шинж тэмдгийг “урт хугацааны эмгэг” гэж тодорхойлдог.


Cудалгаа:  Дөрвөн хүн тутмын нэг нь ой санамж муудаж, сэтгэн бодох чадвар суларчээ

Тэр дундаа эдгэрсэн хүмүүсийн 34 хувьд удаан хугацаагаар ой тогтоолт муудах шинж тэмдэг илэрсэн нь судлаачдын анхаарал татаж буй. Үүнийг Эрүүл мэндийн судалгааны үндэсний хүрээлэн, Оксфордын эрүүл мэндийн био анагаахын судалгааны төвтэй хамтран хийсэн судалгаагаар тогтоожээ.

Мөн ковидын халдвар авсан хүмүүсийн 17 хувьд нь сэтгэлийн түгшүүр, 14 хувьд нь сэтгэл санаа тогтворгүй болох шинж тэмдэг түгээмэл илэрсэн аж. Тухайн хүн халдвар аваад хэр хүндэрснээс нь хамаарч харилцан адилгүй хугацаагаар шинж тэмдэг үргэлжилж байна. 

Мөн зарим өвчтөнд 3-6 сарын дараа хэвийн байдалдаа орсон бол заримд нь цаг хугацаа өнгөрөх тусам шинж тэмдгийн тоо улам бүр нэмэгдэж байна гэжээ.

Ковидын урт хугацааны эмгэгийн шинж тэмдгүүд:

  • Мартах, ой санамж муудах

  • Танин мэдэхүйн үйл ажиллагаа буурах

  • Анхаарал төвлөрөл доройтох

  • Толгой өвдөх

  • Сэтгэл түгших, сэтгэл гутралд орох

  • Ядарч, сульдах

АНУ-ын эрүүл мэндийн цахим бүртгэлийн сүлжээг ашиглан ковидын халдвар аваад эдгэрсэн 240 мянга гаруй хүнийг хамруулж урт хугацааны турш судалжээ. Судлаачид ковид-19-өөр өвчилсөн иргэд болон бусад төрлийн амьсгалын замын халдварт өвчин туссан хүмүүсийн шинж тэмдгийг харьцуулсан гэнэ. 

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дөрвөн хүн тутмын нэгд нь ой санамж муудах, сэтгэн бодох чадвар муудах шинж тэмдэг илэрсэн байна.  Сэтгэн бодох чадвар удаашрах, доголдох 24 хувь, сэргээн санахад бэрхшээлтэй байх 23 хувь, хэл ярианы доголдол 18 хувьд нь тус тус илэрчээ.


Коронавируст халдвараар өвчилсөн хүмүүс хэл ярианы бэрхшээлтэй болох магадлал 1.8 дахин их

Коронавируст халдвараар өвчилсөн хүмүүс энгийн ханиад, томуу туссан хүмүүсээс сэтгэцийн болон мэдрэлийн өвчнөөр өвчлөх эрсдэл 44 хувиар илүү болохыг илрүүлжээ.

Урт хугацааны шинж тэмдэг үлдэхэд нөлөөлж буй зүйлс:

  • Уушгины гэмтлээс үүдэлтэй хүчилтөрөгчийн дутагдал

  • Тархины эсүүдэд нөлөөлдөг үрэвсэл

  • Дархлааны систем бие махбодийн эрүүл эсүүдийг устгахад хүргэдэг аутоиммун эмгэг

  • Тархины жижиг судаснуудад хаван үүсэж, цусны эргэлт удаашрах

  • Тархинд халдварын эсүүд нэвтрэх

Үүгээр ч зогсохгүй амбулатори, түргэн тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дунд хэл ярианы бэрхшээлтэй болох магадлал 1.8 дахин их гарчээ.

Мөн Паркинсоны эмгэг буюу хөдөлгөөний эмгэг, ховор тохиолдох мэдрэлийн тогтолцоог гэмтээж, булчингийн сулрал, саажилт үүсгэж болдог синдромууд ажиглагджээ. Эдгээр нь бүгд тархины мэдрэлийн системтэй холбоотой өвчлөл юм.

Коронавируст халдварын дараах удаан хугацааны шинж тэмдгүүд танд илэрч байгаа бол дараах аргуудыг судлаачид зөвлөж байна

  • Хангалттай унтах. Унтаж байх үед тархи болон бие нь хорт бодисыг гадагшлуулж, өөрийгөө эдгээх професс явагдаж байдаг

  • Аэробик дасгал хийх. Дасгалыг хэт ачаалал авалгүй, өдөрт хэд хэдэн удаа 2-3 минут хийхэд л хангалттай. Тогтмол багахан тунгаар дасгал хөдөлгөөн хийхэд л тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. 

  • Тэнцвэртэй, эрүүл хооллох

  • Тамхи, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх

  • Мартахгүйн тулд тэмдэглэл хөтлөх, жагсаалт гаргах

  • Нийгмийн үйл ажиллагаанд оролцож, идэвхтэй амьдрах

  • Оюуны дасгал, ой тогтоолт сайжруулах тоглоом тоглох


Тархины үйл ажиллагааг дэмжих амин дэм:

  1. Витамин D

Витамин D нь зүрх судасны өвчин, мэдрэлийн ажиллагаанд нөлөөлж, 200 гаруй ген буюу удамшлын мэдээлэл агуулсан молекулуудад эерэгээр нөлөөлдөг ажээ. Витамин D нь дархлааны тогтолцооны үйл ажиллагаа, тархины эрүүл мэндэд нэн шаардлагатай амин дэм юм.

  1. Омега 3 тосны хүчил

Омега 3 тосны хүчил нь зүрх судас болон тархины үйл ажиллагааг дэмждэг гэдгээрээ алдартай. Омега-3 тосны хүчлүүд болох эйкозапентаеной хүчил (EPA) ба докозагексаены хүчил (DHA) зэрэг нь тархины үйл ажиллагаа, түүний дотор ой санамж, анхаарал төвлөрөл, сэтгэл санааны байдлыг сайжруулдаг.

  1. Магни

Эрэгтэй хүнд дунджаар өдөрт 400мг , эмэгтэй хүнд 300мг ойролцоогоор шаардлагатай. Стресст өртөмтгий хүмүүст магнийн хэмжээ бага байх нь элбэг байдаг. Стресс нь ой санамж муудах, төвлөрөл муудах, сэтгэл түгших шинж тэмдэг үүсгэдэг. Иймээс нэмэлт тэжээлээр магни зохистой тунгаар авах нь стресст өртөмтгий байдлыг бууруулж, улмаар стресстэй холбоотой танин мэдэхүйн доройтол, ой санамж муудах зэрэг шинж тэмдгийн эсрэг сайн үр нөлөөтэй.

  1. Витамин С

Витамин С нь дархлаа дэмжих, биеийг хоргүйжүүлэх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, стрессийг бууруулах болон антиоксидант үйлдэлтэй хамгийн шилдэг витамин юм. Насанд хүрсэн хүн өдөрт 90-100 мг тун, жирэмсэн, хөхүүл эхчүүд өдөрт 120 мг тун хэмжээтэй витамин С зайлшгүй авч байх шаардлагатай. Харин тамхи татдаг хүмүүс эдгээр тун хэмжээнээс даруй 50 мг тунг илүү авч байх шаардлагатай хэмээн ДЭМБ зөвлөдөг. 

  1. B12

 В12 багадах нь тархины хэмжээнд нөлөөлөн оюун ухааныг муутгахад хүргэдэг байна. B12 амин дэм нь сэтгэл санааны байдал, дархлааны системийг идэвхижүүлэх, бөх нойрсох, ой тогтоолт сайжруулах, хөгшрөлтийг удаашруулах зэрэг олон ашиг тустай. 


Эх сурвалж: Healthline