Архидалттай тэмцэхийг монголчууд бүх нийтээрээ дэмжиж байгаа ч үүнийг хэт ерөнхийлчлөн ярих, эсвэл бүх нийтээрээ архинд живсэн, гарц гаргалгаагүй болсон мэт түгшүүр дэлдэх, айдаст автуулах, нийгмийн сүлжээнээс эхлээд нийтийн дунд тоглоом мэтээр асуудалд хандах зэрэг нь өөрөө олон үр дагавартай юм. Тиймээс архидалт, түүнтэй холбоотой асуудлыг хөндөж, гарц шийдэл хайхдаа мэргэжлийн байгууллагуудын судалгаа нотолгоотой, мэргэжлийн хүмүүсийн байр суурь, мэдээлэлтэй, олон талт эх сурвалжтай, шинэ, шинэлэг судалгаа мэдээнд тулгуурлан хэлэлцэж, мэдээлэхийг уриалж Тогтвортой хөгжил, түншлэлийн  “Амгалан дэлхий” ТББ “Асуудалд гарц бий” уулзалтыг ТББ 03 сарын 29-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтанд  нийслэлийн ЭМГ-ын харъяа Наркологийн эмнэлгийн дарга, клиникийн профессор Д.Ганбат, эмчилгээ эрхэлсэн орлогч даргаД.Чулуунболор, Наркологийн эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн зөвлөх, чиглүүлэгч, донтолт судлаач эмчТ.Түвшинжаргал, даван туулагчН.Алтанхуяг нарын төлөөлөл оролцож “Архины хэрэглээ ба эмгэг, эмнэлгийн тусламж үйлчилгээ” сэдвээрсэтгүүлчидтэй ярилцлаа. Дээрх уулзалт цувралаар үргэлжлэх юм байна.  Ярилцлагаас зарим мэдээллийг тодотгоё. 

"ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ ҮР ДҮН ГАРАХГҮЙ”

Нийслэлийн ЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлгийн дарга клиникийн профессор Д.ГАНБАТ: 

“Архины хамааралд орсон хүмүүст зориулсан “Сайн санаа, сайхан сэтгэл” эмчилгээнд 303 хүн хамрагдсан. Тэдний 80.2 хувь нь эдгэрсэн.  Энэ эмчилгээнд хамрагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд архи уугаагүй хүмүүс ч байна. Архинд  таван үе шаттайгаар донтдог. Манай эмнэлэг нэгээс гуравдугаар үе шатанд байгаа хүмүүсийг эмчилдэг. Гэсэн ч хүмүүс сүүлийн шатандаа эмнэлэгт хандах нь их. Гэр бүлийнхүрээндээ архины хамаарал, өвчтэй хүнээ нуудагтай холбоотой. Нөхрийгөө архичин болсныг мэдсэн ч, хүмүүс юу гэж харах бол гэдгээс эмээдэг. Уг нь эмнэлэгт эрт л ирэх юм бол хурдан эдгэнэ. Мөн хүмүүсийн хандлага бие биенээ архинд донтох эмгэгт хүргэж байна. Тухайлбал, Залуучууд “Баасан ахын төрсөн өдөр юу хийх вэ” гэх зэргээр биенээ хөөргөж, шартсан нэгнээ 50 гртатаад дотроо засчих гэх зэргээр архинд донтох хоёрдугаар шатруу түлхэж байна. 

          Архинд донтох эмгэг нь ганцхан сэтгэцийг гэмтээдэггүй. Биед орж, цусаар тархдаг учраас нэг дор маш олон дотор болон мэдрэлийн өвчнийг үүсгэдэг.

 Элэгний хавдар туссан хүмүүсийн 32 хувь нь архины хамааралтай гэсэн судалгаа бий. Архинд донтох өвчин нь хордлого, харшлын механизмаар явагддаг. Тиймээс архины асуудлыг шийдвэрлэхэд л элэгний хавдраар өвчилж буй хүмүүсийг аврах боломжтой болох нь” гэж ярилаа.

Даван туулагч Н.АЛТАНХУЯГ “Архины хэрэглээ амсахаас л эхэлнэ. Эхний 10 жилд хаяа хэрэглэдэг байсан бол 30 наснаас хойш ахиу хэрэглэж байгаад уухаа болихоос өмнөх 5 жилд давтамж нь ойртоод, их хэмжээгээр хэрэглэдэг болсон. Архи ууснаас бие өвдөж, гэр бүл, ажил амьдрал минь доройтож байгааг мэдсэн ч, гарах арга замаа олохгүй удаан явсан. Ингээд эхэндээ хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаад мэргэжлийн эмнэлэгт хандахыг эхнэр минь санал болгосон. Тэгээд “Сайн санаа, сайхан сэтгэл” гэсэн 21 хоногийн курс эмчилгээнд хамрагдаж, эм, сэтгэл зүйн болон бясалгал, иогоор хичээллэж эхэлсэн. Энэ нь манай гэр бүлд ч долоо хоног бүр ууланд аялах гэх зэргээр зөв хэвшлийг бүрдүүлж эхэлсэн. Одоо ийм сайхан байгаа ч, архины хамааралд орсон үеийн алдсан боломжууд тоолж баршгүй. Тиймээс л залуучууд над шиг битгий алдаасай л гэж хүсэж байна” гэв.  

“МОНГОЛД 90 МЯНГА ГАРУЙ АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ХҮН БИЙ”

Наркологийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.ЧУЛУУНБОЛОР

 “ДЭМБ-аас гаргасан судалгаагаар жилд 3 сая хүн архины хэрэглээнээс хамаарч нас барж байгааг тогтоосон. 

Сүүлийн үед эмэгтэйчүүд архинд донтох тохиолдол нэмэгдэж байна. Эмэгтэйчүүд архинд донтох хугацаа нь богино, эмчлэгдэх хугацаа нь удаан байдаг.  Манай улсын хувьд 2021 оны байдлаар 90 мянга гаруй архины хамааралтай хүн байна гэсэн тойм судалгаа гарсан. 

“АРХИНЫ ХЭРЭГЛЭЭ СЭТГЭЛ ГУТРАЛЫГ ДАГУУЛДАГ”

Сэтгэл засалч эмч, клиникийн профессор Ч.ГАНЦЭЦЭГ “2016 онд ДЭМБ улс тус бүрт ямар архи хэрэглэдэг, яаж хэрэглэдэг, архины хор уршиг, нөлөө зэрэгт судалгаа хийхэд спиртийн агууламж их орсон бүтээгдэхүүний хэрэглээгээр Европын холбооны улс орнууд тэргүүлсэн. Харин манай улс тухайн орнуудтай харьцуулахад спиртийн хэрэглээ бага байгаа ч, архинаас шалтгаалсан гэмтэл, осол, гэмт хэрэг, хавдар, өвчлөлөөр бусад улс орноос хоёр дахин их гэсэн судалгаа гарсан байна.  Энэ нь бидний хэрэглээ, хандлага, эрүүл мэндийн боловсрол муу байгааг харуулж байгаа юм. Архины хэрэглээ сэтгэл гутралыг дагуулдаг. Тиймээс л архинд донтохоос нь өмнө нийгмийн сэтгэл зүйн зөв сурталчилгаа мэдээллийг түгээх нь заавал эмнэлэгт очихгүй, өөрийнхөө байдалд анализ дүгнэлт хийж, хэрэглээгээ хянахад нөлөөлөх боломжтой” гэлээ.

“ЭДГЭРЭЭД ГАРАХАД ОРЧИН ХЭВЭЭРЭЭ БАЙВАЛ ЯМАР Ч ҮР НӨЛӨӨГҮЙ ”

Наркологийн эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн зөвлөх, чиглүүлэгч, донтолт судлаач эмч Т.ТҮВШИНЖАРГАЛ “Энэ эмгэг, архидалтын асуудлыг бууруулахын тулд суурь судалгаа байнга хийж байх ёстой. Гэсэн ч манайд үүнийг хийх санхүүжилт байдаггүй нь энэ асуудалд Засгийн зүгээс анхаарал хандуулахгүй байна гэсэн үг. Цагдаа, эрүүл мэнд гээд бүх л салбар нэгдсэн бодлогын дагуу ажиллаж байж асуудал шийдэгдэнэ. Жишээлбэл, Австралид архины хамаарал, асуудлын судалгаагаа тогтмол хийж, судалгаанд тулгуурласан 10, 20 жилийн төлөвлөгөө боловсруулдаг. Иргэнээ багаас нь, бүр цэцэрлэг, сургуульд байхад нь ямар мэдлэг мэдээллээр хангах, эмнэлэг, эмчийн хүрэлцээг хэрхэн нэмэгдүүлэх зэргээр төлөвлөдөг. Мөн эмчилгээнд хамрагдаад эдгэрээд гарахад нийгмийн орчин хэвээрээ байвал ямар ч үр нөлөөгүй болдог учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургалт, сурталчилгаа зэргийг орхиж болохгүй” гэлээ. Мөн Монгол улс спиртны хэрэглээгээрээ Азидаа дөрөвт ордог гэх зэрэг мэдээллүүд нь баттай, нотолгоотой биш гэлээ.