Мүракамигийн бодит болон хийсвэр ертөнцийн зааг "Эрэг дээрх Кафка"

"Хорвоогийн бүх юм метафор. Мэдээж хэн ч эцгээ хөнөөж эхтэйгээ унтахгүй" хэмээн Кафкаг тайвшруулж буй "Комүрагийн ном"-ын санч Ошимагийн үг бол энэ зохиолын далд, нууцлаг санааг илчилж байгаа юм. Уг зохиолд хүүхэд байхдаа үл мэдэгдэх, хачирхалтай тохиолдлоор ой санамжаа алдсан Наката өвгөн, гэрээсээ оргон явж буй 15 настай Тамүро Кафка хүү хоёрын хүүрнэл гэсэн зэрэгцээ хоёр шугамаар өрнөж буй ч гол өгүүлэгч нь "эмэгтэй хүн байж гей" гэсэн хачин тодотголтой номын санч Ошима юм. Ошима, Кафка хоёр философи, сонгодог хөгжим, утга зохиолын тухай шүүмжүүд хэлэлцэж байна. Энэ хэсгүүд хамгийн сонирхолтой, зохиолын хэлэх гэсэн дам санаа метафорууд эндээс урган гарч байгаа юм.

Уг зохиол нь Софоклын "Эдип хаан" эмгэнэлт жүжгээр дэвсгэрлэн, дэлхийн анхны роман хэмээн алдартай Японы язгууртан бүсгүй Мүрасаки Шикибүгийн "Гэнжийн туульс"-аар тайлал хийсэн өвөрмөц сонин шийдэл бүхий зохиол юм. Метафор гэдэг зөвхөн хэлэнд л хамаатай адилтгал, зүйрлэл төдий зүйл биш барууны онолч Ж.Лакоффийн хэлснээр " Хүний сэтгэхүйн үйл явц нэлэнхүйдээ метафорчлагдсан" юм бол чухамхүү энэ зохиолыг жинхэнэ "метафор" сэтгэлгээний зохиол гэж үзэж болно. Бодит болон хийсвэр ертөнцийн зааг дээрх зохиолын баатруудын хоорондын хамаарал холбоо, тэр эрчилсэн утас хаа хүрч задрах бол гэсэн сониуч бодол тээсээр уншиж дуусгалаа. 
Кафка хүүг дөрвөн настайд ээж нь хаяж оджээ. Тэрээр ээж, төрсөн эгчийнхээ царай зүсийг санахгүй. Эцэг нь түүнийг "ЧИ ЭЦГИЙГЭЭ АЛЖ, ЭЭЖ ЭГЧТЭЙГЭЭ НӨХЦӨХ болно гэж хараажээ. "Эдип хаан"- д Дельфийн зөнчийн хэлдэг үг мөн биз! "Хувь заяагаа хүн сонгох бус, хувь заяа хүнийг сонгодог. Энэ бол Грекийн эмгэнэлт жүжгийн философи" Яг үүн дээр л зохиолын гол санаа дөрөөлж байна. Цаг хугацаатай ертөнцөд юу ч эргэж буцахгүй бол, цаг хугацааны гажилт үүссэн хүний сүүдэр бүдгэрдэг тэр зэрэгцээ орон зайд цаг хугацаа ямар ч үүрэг рольгүй.
 Цаг хугацааны гажилт үүсэх, мушгирах тухай судалдаг квант физик биш, уран зохиол уншигчийнхаа өмнө төсөөлөн бодох хил хязгааргүй орон зайг нээж байна. Үүгээрээ утга зохиол гайхамшиг гэдгийг мэдрүүлж байгаа юм. Шинжлэх ухааны хатуу логик, хязгаарлагдмал мэдлэгт хүлэгдсэн хүний оюун ухааныг урлаг л чөлөөлөх юм гэсэн санаа агуулагдаж байна.Орчлон хорвоо, галактик, од эрхэсийн хил хязгааргүй ертөнцөд ямар нууц оршин байгааг бүгдийг тайлж мэдэх ямар ч боломжгүй, харин төсөөлж болно.

Ертөнцийн зүй тогтлыг нээх гэсэн нөр их эрэл хайгуул уран зохиолоор үргэлжилж байгаа нь энэ. Орчин үеийн утга зохиол, квант физик хоёр нэг л зүйлийн эрэлд хатаж байгаа тухай утга зохиол шүүмжлэгч С.Энхбаяр гуай бичсэн нь бий. Түүний нэг жишээ нь "Эрэг дээрх Кафка" юм. Мүракамигийн бичлэгийн хэлбэр болох "нууцлаг ой", "нойтон зүүд", "дурсамж& хөгжим", "этгээд ганцаардал", давтагдаж байгаа ч "Норвегийн ой" шиг уянгын эмгэнэлт романс эгшиглэхгүй төсөөлөл, далд бэлгэдлээр дүүрэн зохиол юм. Гэхдээ санаанаас зохиосон төсөөлөл төдий биш цаг хугацааны гажилт үүссэн тухай гарцаагүй баримт дээр түшиглэж байна.

АНУ-ын Батлан хамгаалах яам, Армийн тагнуулын албаны 1946 оны "маш нууц" зэрэглэлтэй мэдээлэл, тайланг хавсаргасан нь энэ бол уран сэтгэмж төдий зүйл биш гэдгийг л харуулж байгаа юм. Ууланд мөөг түүхээр багшийнхаа хамт явсан арван зургаан сурагч нар туссан ойн цоорхойд ямар ч шалтгаангүй хоёр цаг орчим ухаан алдсан. Мөнгөлөг цагаан өнгийн 'зүйл" дээгүүр нь нисэж байсан.
Харь гаригийн нисдэг биетийн нөлөөгөөр ЦАГ ХУГАЦААНЫ ГАЖИЛТ үүсчээ. Тэр ухаан алдсан хоёр цаг орчим хугацаа хүүхдүүдийн ой санамжаас алга болох биш "сох дутжээ". Тэр хүүхдүүдийн нэг нь хоёр долоо хоногийн дараа ухаан орсон нь оюуны хомсдолтой гэх "албан ёсны тодорхойлолтой" мууруудтай ертөнцийн зүй тогтлын тухай ярилцдаг. тэнгэрээс "загасан бороо" оруулдаг ер бусын Наката өвгөн.

Кафкаг "Хэрээ" хэмээх хүү байнга дагана, зөвлөгөө өгнө. Гэхдээ тэр хүү ч биш, хэрээний биед оршсон хүний сүнс л байх. Гэхдээ тэр хэрээ хүнд харагдахгүй. Кафка эцгийгээ хөнөөж, ээж эгчтэйгээ нөхөцсөн үү? гэвэл тийм, бас үгүй! Энэ бол метафор . "Гэнжийн туульс"-д Хикари Гэнжид хайртай Рокүжо гэгч авхайн сүнс унтаж байх зуур биеэс нь гарч түүний эхнэр Аойдыг орон зайг даван, дотоод ухамсрын сувгаар нэвтрэн амий нь хөнөөжээ. АМЬД СҮНСНИЙ ӨШӨӨ АВАЛТ. Амьд сүнсний хийсэн зүйлийг эзэн нь мэдэхгүй, хуулиар ч авч хэлэлцэх боломжгүй, ёс суртахуун мораль ярих аргагүй. Тэгэхээр одоо яах вэ? Энэ зохиолд яг л тийм л юм боллоо.

Кафкатай нууц харьцаа тогтоосон, Комүрагийн номын сангийн эрхлэгч нууцлаг бүсгүй Саэки ээж нь мөн үү, Кафка зүүдэндээ хурьцал үйлдсэн 19 настай Сакүра эгч нь байж болох уу, нөгөө муурын ангууч Jonnie Walker -буюу Кафкагийн эцгийг хэн хөнөөв гэсэн олон ээдрээтэй асуудлууд урган гарч ирж байна. "Хорвоогийн бүх юм метафор" гэж үнэн ажээ. ХАНЦУЙ ШҮРГЭЛЦЭХ ТӨДИЙД Ч УРД НАСНЫ УЧИР ШАЛТГААН БУЙ. ХЭДИЙ ӨЧҮҮХЭН ХЭРЭГ Ч ГЭСЭН ЭНЭ ХОРВООД ШАЛТГААНГҮЙ ЮМ БАЙХГҮЙ гэсэн Сакүра бүсгүйн үг бүх юм зүй тогтол, учир шалтгаан, үр дагавартай буюу "Эдип хаан" -ы хувь заяаг "Эрэг дээрх Кафка"-аар дахин сануулж байгаа юм шиг санагдлаа.

Холбоотой сэдвүүд

ном номын шүүмж

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.