“Уурлах уу, учирлах уу” буландаа Gertoon cartoon анимэйшн студийн гүйцэтгэх захирал Ц.Бат-Оргилыг зочноор урилаа. Түүнийг бид монгол хүүхдүүдийн сайн мэдэх Мөнх Тунхаар мэдэх билээ. Бид энэхүү анимэйшний талаар болон хүүхдийн хүмүүжил төлөвшилд үзэж буй контент, нэвтрүүлгүүд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцсан юм.

Мөн хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, үзэж буй зүйлст нь зөв хяналт тавих  талаар зөвлөлөө. 

-Яагаад “Мөн Тунх” анимейшнийг бүтээх болсон түүхээс ярилцлагаа эхлэе? 

-Аав болсныхоо дараа миний хүүхэд юу үзэж өсөх бол, би яавал хүүгийнхээ үеийн монгол хүүхдүүдэд гологдохгүй бүтээл хийж чадах вэ гэж бодсон юм. 

Бидний багад “Том Жерри”, “Ну Погоди” гээд цөөхөн хэдэн хүүхэлдэйн кино зурагтаар л гардаг байлаа шүү дээ. 

Орчин үед хүүхдэд зориулсан дуу, кино, бүжиг, анимейшн гээд төрөл бүрийн контентүүд интернэтээр дүүрэн байна. Манай телевизүүд гэхэд л Тобот, Консуни гээд солонгос анимэйшн, төрөл бүрийн япон анимэ гаргах болсон.  Энэ олон контентээс ялгарах зүйл нь “Мөнх Тунх”-ын өөрийн гэсэн донж хэв маяг юм. 


Бичлэг үзэх: 

Нэмээд контент маань дуу, дүрсний хувьд  чанартай, хэлбэрийн хувьд ч хүүхдүүдийн сонирхол татахуйц байх нь л чухал. 

Хүүхдийн анхаарлыг татахын тулд сонирхолтой маркетинг ашиглах хэрэгтэй. Жишээ нь яг одоо хүүхдүүдийн дунд тренд болсон, байнга сонирхож, үг үйлдлийг нь ажигладаг одыг зочноор оруулах зэрэг аргыг ашигладаг. 

Дүрүүдийн маань хэлж байгаа үг хэллэг, үйл явдлууд нь хүүхдүүдийн “cool” гэж боддог зүйлсийг л ашигладаг. “Мөнх Тунх” хэлсэн ч, хэлээгүй ч хүүхдүүд мэддэг, тэр үгсээр хоорондоо харилцдаг байхгүй юу.  Тийм болохоор хүүхдүүдэд ойр бууж, үзэх сэдлийг нь төрүүлж байгаа юм. 


-“Мөн Тунх” үлгэрийн ертөнцөөр аялдаг. Ингэхдээ эх үлгэрийг нь нэлээд өөрчилж, үг хэллэгийг нь орчин үеийн болгосон нь ямар учиртай вэ?

- Манай багийнхны гол зорилгын нэг нь ардын болон уламжлалт өв соёлыг хүүхдүүдэд таниулж, мэдүүлэх юм. 

Ингэхдээ үлгэрийг эртээ урьдын цагт гэж эхлээд амар сайхандаа жаргажээ гэж дуусдаг уламжлалт загварыг халсан.

Харин ч эсрэгээрээ тухайн үлгэрийн баатрууд мартагдаж хуучраагүй, бидний дунд байсаар л байгаа “гоё” зүйл гэж харуулахыг хичээсэн. 

Зохиолоо бэлдэж явахдаа урьд нь мэддэггүй зөндөө гоё үлгэрүүд уншаад хүүхдүүдэд хүргэхсэн гэж бодсон. Одоо эцэг эхчүүдээс хүүхэдтэйгээ цуг “Мөнх Тунх”-ын үлгэрийг үзээд сурч байна гэсэн сэтгэгдэл нэлээн ирдэг.


-Багачуудад зориулсан контент бүтээдэг хүний хувьд хүүхдийн үзэж байгаа контентууд тэдний хөгжил төлөвшилд хэр нөлөөтэй гэж хардаг вэ? 

-Таны хүүхэд хоорондоо ямар үгээр ярьж байна вэ, гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгээ хэрхэн харилцаж байгаа нь нь анзаарсан уу. 

Энэ бүхэн үзэж байгаа контентоос нь шууд хамааралтай. 

Үнэндээ ээж аавууд нь хүүхдийн хүмүүжилд тийм ч их нөлөөгүй. Учир нь хүүхэд өөртэйгээ ижил түвшний хүмүүсээс л нөлөөлөл авдаг. Үзэж байгаа киноны баатар, ойр дотны найзууд, багш нараасаа л аливааг сурч байдаг.

Тэдний үздэг зүйл бидний мэдэхээс эхлээд мэдэхгүй өчнөөн мянган төрөл бий. Тэр бүхэн хүүхдийн оюуны хөгжил, хүмүүжилд их бага хэмжээгээр нөлөөлж л байгаа.


-Хүүхдүүд анимэд яагаад татагддаг юм бол, сурах зүйл ихтэй гэж сонгодог болов уу?

-Зүгээр цаг өнгөрөөх гэж үзэж байгаа шүү дээ. Томчууд ч ялгаагүй киноны трейлер үзээд таалагдсанаа л сонгодог биз дээ. Түүнээс биш “За энэ киног үзээд худлаа ярих буруу гэдгийг суръя даа” гэж сонгохгүй./инээв/ 

Тухайн кино, контентийг үзсэнийхээ дараа л ойлгоно. 

Жишээлбэл “Мөнх Тунх”-ын “Болдоггүй бор өвгөн”-тэй ангийг үзээд байгаль хамгаална гэдэг нь  уул ус тахиж, модонд хадаг уяхыг хэлдэггүй гэдгийг ойлгоно.

  


-Таны бодлоор эцэг эхчүүд хүүхдийнхээ үзэж байгаа зүйлийг хянах нь зөв үү? 

-Хүүхдийнхээ юу үзэж байгааг хянах нь эцэг эхчүүдийн үүрэг.  

Анимэйшн ашигласан дүрс болгон хүүхдэд зориулагдаагүйг маш сайн мэддэг байх ёстой. “Онц дүмд” гэхэд 18-аас дээш насныханд зориулагдсан. Тиймээс ч эхлэхийн өмнө ёс бус үг хэллэг агуулагдсан гэж анхааруулга гардаг. Гэтэл хүүхэд нь үзчихсэн бол ээж аавынх нь л буруу. Уран бүтээлчдэд буруу байхгүй. 

Интертайнмент салбар учраас бүх насныханд зориулсан контент өдөр бүр үйлдвэрлэгдэнэ. Мэдээж уран бүтээлчдийн зүгээс хүүхдэд зориулсан контент цацдаг сувгаараа бусад төрлийн кино, контент цацахгүй байх тал дээр хариуцлага хүлээнэ. 


-Цахим ертөнцөд маш олон контент бий. Хүүхдийнхээ үзэж байгаа зүйлсийг хэрхэн хянах вэ?

-Хүүхэд тань яг юу үзээд байна вэ гэдгийг мэдэх амархан. Та үздэг зүйлийг нь нэг удаа хамт үзчих. Ямар үйл явдал гардаг вэ, ямар үг хэллэг ашиглаж байна вэ гэдэг нь шууд харагдана. Насанд нь тохирсон контент байвал хориглох хэрэггүй. 

Бас Youtube-ээс үзсэн жагсаалт, хайлт хийсэн түүхийг нь нэг шалгачих. Энэ хэдийгээр хувийн орон зайд нь халдаж байгаа юм шиг боловч хүүхэд бол хүүхэд шүү дээ, эцэг эхийн хараа хяналт тодорхой хэмжээнд байх л хэрэгтэй. 

Санал болгож байгаа контент нь ямархуу агуулгатайг нь ажигла. Ил, далд хэлбэрээр гаж буруу зүйл сурталчилсан эсэхийг нь нэг гүйлгэж үзээд нягталчих. 



Үнэхээр насанд нь тохироогүй байвал учирлаад ойлгуулж болно. Эсвэл тэр сувгийг нь репорт хийчих. 

Хэрвээ 4-12 насны хүүхэдтэй бол гар утсаа өгөхдөө эсвэл хүүхдийнхээ гар утсанд “parental control” гэсэн тохиргоо хийчих. Үүнийг эцэг эхчүүд заавал мэдэж байх ёстой. Үүнийг асаасан байхад насанд хүрэгчдэд зориулсан контент санал болгохгүй. 

Ингэснээр эцэг эхчүүд насны заалт нь хориотой, үзэхэд тохиромжгүй контентийн хянаж чадна. 

Түүнээс биш насанд нь тохирсон, үеийнхнийх нь дунд тренд болж байгаа дуу хөгжим, киног битгий үз гэж хориглож болохгүй. 

Яагаад гэвэл тухайн хүүхэд үе тэнгийнхэн нь мэдэж байгаа зүйлийг мэдэхгүй байснаар хоцрогддог. Өөрөө хоцрогдсон мэт мэдрэмж авдаг.

Хүүхэд битгий боль гэх тусам чинь улам бүр сонирхож, хулгайгаар ч хамаагүй үздэг. Үглэж загнаснаар ээж аав нар бүр үзэх зүйлийг нь бүр мөсөн зогсоож чадахгүй. 

Иймээс хүүхдийнхээ цахим хэрэглээг зөв хянадаг л байх хэрэгтэй. Насны заалттай юм байна үзэж болохгүй гэдгийг тайлбарлаж ойлгуулаарай.