Монгол түмний уламжлалт баяр "Цагаан сар" болох гэж байна. Сар шинийн өдрүүдэд айл бүхэн ирэх жилийг элбэг дэлбэг, өнгөтэй өөдтэй угтахаар үндэсний дээл хувцасаа өмсдөг учиртай. Тус баярыг үндэсний хувцасгүйгээр ч төсөөлөхийн аргагүй.

Үүнтэй холбоотойгоор монголын үндэсний хувцас, үнэт өв болох Монгол гутлыг урлан бүтээдэг, түүнийгээ олон хүнд зааж түгээдэг М.Сувд-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр монгол гутлын “Ховор Угалз” брэндийг үүсгэн байгуулагч, Сонгинохайрхан дүүргийн Гар урлалын төвийн захирал, Монгол гутал урлаач бүсгүй юм.


- Анх яагаад монгол гутал хийх болов, өөрийн тань үйлдвэрлэл хэрхэн эхэлж байв?

- 1998 онд анх Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд аав ээждээ тусалж, орлоготой байх зорилгоор монгол гуталны оймс оёдог байсан. Оймс маань эрэлт ихтэй байсан тул илүү мөнгө олохын тулд гутал хийхээр шийдсэн. Улмаар багшдаа шавь орж, монгол гутал хийж сурсан. Эхэндээ долоо хоногт гурван гутал оёдог байсан. Тэр гутлууд маань өртөг өндөртэй зарагдаж, багшийн сарын цалинг 7 хоногийн дотор олдог байсан. 

Анх түрээсийн байранд амьдардаг байсан бол гэртэй болсон. Цаашлаад өөрийн хашаа, газартай болж, гутлынхаа орлогоор амьдрал маань өсөж дэвшээд, хэрэгцээ шаардлагаа хангаад байсан учир гутлаа оёод л байсан. Нэг мэдэхэд 22 жил болчихсон байна. Тухайн үедээ гутал оёдог гэдгээсээ ичдэг байсан. Харин одоо амжилттай яваа минь энэ ажил, мэргэжилдээ дурласны үр дүн. Тэгээд л гутал урлалыг хүмүүст зааж, багшлаад явж байна даа.


- Сурсан мэдсэнээ бусдад зааж өгнө гэдэг сайхан хэрэг. Та олон шавьтай болсон байх?

- Миний зааж өгсөн эрдмийг олон хүн бүтээл болгоод хоолоо олж, амьдарлаа аваад явж байгаа нь надад талархууштай санагддаг.  Хот, хөдөөгийн 1000 гаруй шавьтай болсон. Тэдэн дотор тэтгэвэртээ гарсан өндөр настан, гэртээ 2-3 хүүхдээ хардаг бүсгүй, өрх толгойлсон ээж гээд олон хүн бий. Шавь нар маань гар урлал сураад өрхийн үйлдвэрлэл эрхэлж, зарим нь цөөн тооны ажилтантай цех байгуулан өргөжөөд ажиллаж байна. Тэднийгээ хараад маш их урам авдаг.


- Өнөө цагт монгол гутал хэр эрэлттэй байгаа вэ?

- Монгол хүн байгаа цагт монгол гутлаа өмссөөр л байх болно. Жил ирэх тусам монгол гутлын үнэ цэн өсөж, залуучууд монгол гутлаа өмсөх нь ихэсч байна. Тэр чинээгээр бид шинэ загвар, бүтээл гаргадаг. Түрий нь пүүз шиг намхан, эсвэл өвдөг давсан урт загвартайг ч хийж байна. Хэрэглэгч маань юу хүсч байна тэр бүгдийг бүтээлдээ тусгаж оёдог. 

Монгол гутал урлаачид хоорондоо өрсөлдөөд байдаггүй, үргэлж бие биеэ дэмждэг. Энэ урлал нь дан гараар оёдог хүнд хөдөлмөр учраас нэг ч гэсэн хүн сураад аваасай, монгол үндэсний өв соёлын нэг хэлбэрийг үргэлжлүүлээд аваад яваасай гэж хүсдэг. Тиймдээ ч бие биеэсээ суралцаад, урам өгч ажилладаг. 

Монгол гутлын ээтэн хоншоор нь газар гишгэхэд өвс налаад буцаж өндийдөг, газар сэндийчдэггүй учир бурханлаг хувцас гэж үздэг. Бид монгол гутлаа хийж өөрсдөө ашиг олохоос гадна үндэснийхээ өв соёлыг түгээн дэлгэрүүлж байна гэдгээрээ маш их бахархдаг. 


Залуу хүн олон угалзтай гутал өмсдөггүй гэдэг шүү дээ. Худалдан авагч нар энэ талаар хэр мэдлэгтэй байдаг вэ?

- Хүү нь ааваасаа, эхнэр нь нөхрөөсөө олон угалзтай гутал өмсдөггүй ёстой. Одоо үед эцэг эхчүүд хүүхдүүддээ л гоё сайхныг өмсүүлэх гэдэг болж. Гэхдээ үндэсний хувцасны тал дээр хуучны өвгөдийн дагадаг ёс жаягийг мэдэж байх учиртай. 

Монгол гутлыг ихэвчлэн 4-64 хүртэл угалзтай хийдэг. 108 ширхэг угалзтай гутал ч бий. Нас нэмэгдэх бүрт угалзын тоо нэмэгдээд явдаг. Зарим хүн бүсэлхийнээс дээш залагдах учиртай хээ угалзыг гутлан дээрээ тавьчихсан яваа харагддаг. Гэтэл хээ угалз гэдэг чинь маш их бэлгэдэлтэй. Хээ угалзынхаа утга учир, өнгөний зохицолыг худалдан авагчид мэдэж байх нь зүйтэй. Хэрэв мэдэхгүй бол оёдолчид тайлбарлаж өгөх ёстой. Хэдэн мэнгэтэй, ямар өнгө харшилдаг зэргийг асуугаад зөвлөдөг. Учир нь монголчууд маань их бэлгэдэлт ард түмэн. 


- Хүүхдэд багаас нь монгол гутал өмсүүлбэл сайн гэж сонссон. Эерэг нөлөө нь юу вэ?

- Хөлд орж буй хүүхдэд монгол гутал өмсүүлбэл тулгуур яс нь маш сайн хөгждөг. Монгол гутлыг буруу зөвгүй өмсөж болдог давуу талтай. Хүүхэд өөрөө гутлаа барьж аваад аль ч талаар нь өмсөж болно. Үүнээс гадна гутлынхаа ээтэн хоншоорт түүртээд алхах нь хойчдоо тулгуур ясны хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг. Мөн монгол гутал нь гар аргаар хийгддэг тул бат бөхөөс гадна эдэлгээ удаантай. Түрийтэй учир шагайнаас даардаггүй, эрүүл мэндэд тустай. Монгол гутлыг бүрэн хэмжээнд инновацлаж ер болдоггүй заавал гар аргын оёдол ордог онцлогтой. 

"Мэдээж гутал урлаж эхэслнээс хойшхи 22 жилийн хугацаанд амаргүй санагдсан тохиолдол олон бий. Хүн нэг л зорьсон зүйлдээ тууштай байж, шантралгүй, тэвчээртэйгээр хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрч чадна" гэдгийг тэрээр ярилцлагынхаа төгсгөлд онцолсон юм. 

Гар урлал, тэр дундаа монгол гутал урлах нь амаргүй ажил. Гэвч М.Сувд-Эрдэнэ үндэсний гол хувцасуудын нэг монгол гутлыг урлах, түүнийгээ олон хүнд зааж, түгээн дэлгэрүүлэх ажилдаа дурлажээ. Энэ нь жил ирэх тусам залуучуудын монгол гутлаа сонгон өмсөх нь ихэсч байна, монгол гутлын үнэ цэн нэмэгдэж, шавь нар нь монгол гутал урлаж, түүгээрээ ажил орлоготой болж байна гэж сэтгэл дүүрэн, бахдалтай ярьж буйгаас нь илт.

Тэрээр Сонгинохайрхан дүүргийн "Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв"-өөр дамжуулан олон охид, ээжүүдэд монгол гутал хийх аргачлалыг заан, түүгээр орлого олох боломжийг нээж өгчээ. Одоо тус дүүрэгтэй хамтран "Эрэгтэйчүүд хөгжлийн төв"-ийг байгуулахаар шамдан ажиллаж байна. 


Хөдөлмөрч бүсгүй М.Сувд-Эрдэнийн үүсгэн байгуулсан "Ховор Угалз" Монгол гутлын брэндийн гутлуудаас онцолж байна.