Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар улс орон даяар анх удаа явуулсан судалгааны тайланг өнөөдөр НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо танилцуулж байна.

Энэхүү тоон мэдээ, мэдээллийн хомс байдлыг шийдвэрлэхийн тулд Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Статистикийн үндэсний хороо жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг улс орон даяар явуулжээ.  

Судалгаа явуулахдаа 7,300 гаруй эмэгтэйтэй ярилцлага хийсэн байна. Дүгнэн үзвэл Монголд ойр дотно хамтрагчдын хүчирхийллийн түвшин хэт их өндөр байгааг олж тогтоосон аж.

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара "Энэхүү судалгааны дүн бидэнд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хэрхэн, яагаад, хаана гараад байгааг тодорхойлж, үйлчилгээ, үйл ажиллагааг зөв зохистой хуваарилахад тус дөхөм болно” гэсэн юм.

Судалгааны гол үр дүн:


· Хамтрагчтай байсан болон одоо хамтрагчтай байгаа эмэгтэйчүүдийн 57.9% нь бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл, хянах зан үйл зэрэг хүчирхийллийн хэлбэрүүдээс аль нэгд нь юмуу эсвэл хэд хэдэн хэлбэрийн хүчирхийлэлд  амьдралдаа өртсөн байна. Мөн тэдний 31.2% нь бие махбодын болон / эсвэл бэлгийн хүчирхийлэлд амьдралдаа өртжээ; 

· Хамтрагчийн үйлдсэн aливаа хэлбэрийн хүчирхийлэлд амьдралдаа өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувь Хэнтий, Дархан-Уул, Өмнөговь, Улаанбаатар, Говьсүмбэр аймагт хамгийн өндөр байсан бол хамтрагчийн үйлдсэн бие махбодын болон/эсвэл бэлгийн хүчирхийлэлд  амьдралдаа өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувь Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Булган, Ховд аймагт хамгийн их байв;

· Хүчирхийллийн тархалтын түвшин Улаанбаатар хотод хамгийн өндөр байгаагүй ч нийслэл хот хамгийн их хүн амтай учраас хүчирхийлэлд өртөгсдийн тоо нь бусад бүс нутгийнханаас хамаагүй их байв;

· Хамтрагч бус этгээд буюу бусдын үйлдсэн хүчирхийлэл залуучуудын дунд түгээмэл байна. 15-аас дээш насны эмэгтэйчүүдийн 17.3% нь бусдын үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд амьдралдаа өртсөн бол 4.5% нь сүүлийн 12 сард уг хүчирхийлэлд өртжээ;

· 10 эмэгтэй тутмын нэг нь бусдын үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд 15 нас хүрэхээсээ өмнө өртсөн бол;

· Нийгэм, эдийн засгийн статусаас үл хамааран 4 эмэгтэй тутмын нэг нь “хэрэв эхнэр нь үнэнч бус байвал нөхөр нь цохиж, зодож болно” гэдэгтэй санал нийлсэн байна. 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. www.mongolia.unfpa.org/en/publications