Өнөөдөр Жендэрийн үндэсний хорооноос шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлээр олон талт хамтын ажиллагаа, үр дүнг танилцууллаа.

Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо хангалтгүй түвшинд байгааг тус хуралд оролцогчид онцолж байлаа.

Хэдийгээр шийдвэр гаргах түвшинд хүрлээ ч эмэгтэй улстөрчид хувийн амьдралдаа мэргэжлийн салбартаа эрэгтэйчүүдээс илүү нийгмийн дайралтад өртөж, нэр хүнд, хувь хүнийхээ хувьд ихээхэн хохирол амсдаг уламжлал тогтоод байгаа нь нууц биш. 

Эмэгтэйчүүдэд тохиолддог эдгээр саад бэрхшээлийг даван туулахад туслах зорилгоор Солонгосын хөгжлийн агентлаг /КОЙКА/-аас санхүүжүүлж ЖҮХ-той хамтран НҮБХХ-ийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа юм.

Жендэрт суурилсан уламжлалт хэвшмэл ойлголтууд эмэгтэйчүүд улс төрд орох тэгш нөхцөлийг бүрдүүлэхгүй байна

/НҮБХХ-ийн төлөөлөгч Илейн Конкиевич/


“Монголын эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллахад санхүүжилтийн эх үүсвэр хангалтгүй байгааг судалгаа харуулсан. Мөн цалин хөлсгүй, тэгш бус асаргааны ажил үүрэг хүлээдэг, дэмжлэггүй хууль эрх зүйн орчин, жендэрт суурилсан хэвшмэл ойлголтууд эмэгтэйчүүд улс төрд орох тэгш боломжийг хааж байна. Тиймээс бид энэхүү төслийн хүрээнд боловсруулсан хамтын амлалт, тохиролцооны талаар та бүхэндээ хуваалцаж байгаадаа баяртай байна.


Бид амлалтаараа дамжуулан дараах зорилгоор дэмжлэг үзүүлж  хамтран ажиллах болно, үүнд:

  • Хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн хүртээмжийг сайжруулж, хуулиар тогтоосон эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 35-40 хувьд хүргэх

  • Улс төрийн нам зэрэг холбогдох байгууллагад жендэрийн эрх тэгш байдлыг хангахад тэргүүлэх ач холбогдол өгөх

  • Жендэрт суурилсан хэвшмэл ойлголтыг халах

  • Манлайлагч болох хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүдийн талаар мэдлэг ойлголтыг түгээх зэрэгт хамтрах аж. 


Эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхийн хэрээр тухайн улс орны өрсөлдөх чадвар нэмэгддэг

/УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг/

-Улс төрийн намууд квотыг нэр дэвших доод босго биш дээд тааз гэж ойлгож ирсэн. Иймээс удахгүй өргөн баригдах Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр квотоос илүү гаргаж нэр дэвшүүлсэн эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэмэлт санхүүжилт олгоно гэж тусгасан. 

Иргэдийн дунд эмэгтэйчүүд нэгнээ дэмждэггүй гэсэн ойлголт байдаг. Гэтэл судалгаа, сонгуулийн үр дүнгүүдээс үзэхэд харин ч эмэгтэйчүүд хамтарч чаддаг, нэгнээ дэмждэг нь харагдсан. Жил ирэх тусам эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих хүмүүсийн тоо нэмэгдэж байна. 

Ер нь хүйсээс үл хамаараад тухайн нэр дэвшигчийн мэдлэг боловсрол төрд бэлтгэгдсэн байдлыг нь сонгодог учраас хэрэв намууд хангалттай тооны эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлчихвэл сонгогдоно гэж хардаг. 

Эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхийн хэрээр тухайн улс орны өрсөлдөх чадвар нэмэгддэг, хүний хөгжлийн гол индексүүд өсдөг.  Мөн хямрал мөргөлдөөн зөрчлийн үед эмэгтэйчүүд эв зүйгээр шийдвэрлэх чадвартай гээд олон давуу талтай.

Өнгөрсөн 30 жил ерөнхийдөө эрэгтэйчүүд давамгайлсан шийдвэрүүд гаргаж ирсэн. Гэтэл гарахад л хүүхдээ тэрэгтэй нь салхилуулах зам ч алга. Энэ бол ганцхан жишээ. Энэ мэтээр жендэрийн мэдрэмжгүй асуудлууд манай нийгэмд байна. 

Тийм учраас хүний эрхийг хангахын тулд, монголчууд нийтээрээ сайн сайхан амьдрахын тулд эрэгтэй, эмэгтэйгээсээ үл хамаараад бидний оролцоо хүчтэй, тэгш байх ёстой. 


"Мэдрэмжтэй мэдээлье’’ нэгдэл 200 гаруй сэтгүүлчийг нэгтгээд байна

/Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа/


Нийгмийн хөгжлийн бодлогыг дэмжиж, хөгжлийг урагшлуулахад жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь маш чухал юм. 

Үүнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцгой үүрэгтэй.

Энэ чиглэл дээр олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэхийн тулд Хэвлэл мэдээллийн зөвлөл манлайлан оролцож байна.

Хэвлэл мэдээллийн ёс зүйн кодын 3 дугаарт хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх, хэвшмэл ойлголтыг халах тухай тодорхой заасан. Монголд үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага, тэдгээрт ажилладаг 3,000 орчим сэтгүүлч, уран бүтээлчид энэхүү кодыг мөрддөг.

Гэвч статистик харахад хангалттай үр дүн ажиглагдахгүй байгаа. Жишээлбэл, улс төрийн мэдээллийн агуулгыг судлахад 10 мэдээллийн нэг дээр нь л шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийг дурдаж оруулж байна. Мөн нийт нийтлэлд дандаа давтагдаж байдаг 20-30 хүн байгаагийн 2-3 нь эмэгтэй байгаа юм

Иймээс бид бүхэн “Мэдрэмжтэй мэдээлье’’ нэгдлийг байгуулсан. Одоогоор 200 орчим сэтгүүлчид нэгдэж жендэрийн мэдрэмжтэй мэдээлэхэд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж ажиллаж байна. 

Энэ хугацаанд 500 гаруй сэтгүүлчдэд сургалт, нөлөөллийн ажил хийлээ. Үүний хажуугаар редакцуудад менторийн хөтөлбөр буюу чиглүүлэх, зөвлөх үйлчилгээг 10 орчим редакцад тусгайлан хийсэн. Менторийн хөтөлбөрт хамрагдсан сэтгүүлчид маань BBC-ийн 50/50 хөтөлбөрт нэгдэж, өөрсдөө редакцын тогтмол булангууд ажиллуулж байгааг онцолмоор байна.


Давхардсан тоогоор УИХ-д 64-хөн эмэгтэй гишүүн сонгогдсон нь чамлалттай

/Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр/

"1992 оноос хойш УИХ-ын найман удаагийн сонгууль болсон. Эдгээрт нийт 605 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь эмэгтэй. 1992 онд УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5.3 байсан бол 2016, 2020 онд 17.1 хувь болсон. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр дүн боловч дэлхийн болон бүс нутгийн дунджаас 4-8 хувь доогуур.

Нийгэмд байгаа өмчлөлийн хэлбэрээс үл хамаараад таван түншлэл нэгдэж жендэрийн асуудалд шийдвэрлэх арга хэмжээ хэрэгжүүлэхээх болсонд баяртай байна.

Үүнээс гадна олон улсын байгууллагууд болон гадаад улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-д энэ асуудалд ч анхаар ч байна. Тав дахь том түншлэл нь төлөөллүүд хамтын ажиллагаанд нэгдсэн явдал юм.