Монголын ба барууны сургах арга барилын ялгааг гаргахыг оролдлоо.

1. Монголчууд олон хичээл нэг зэрэг үзэх ёстой гэж үздэг бол барууныхан ихэвчлэн цөөхөн хичээлийг гүнзгийрүүлэх хандлага давамгайлдаг.

Дүгнэлт: Монгол хүүхэд бүх юмнаас бага бага мэдлэг олж авдаг, баруунд хүүхдүүд өөрсдийн сонгосон салбартаа гүнзгийрдэг.


2. Монголын сургуульд сургалтын ачааллыг нэгдүгээр ангиас нь эхлээд жигд нүдсээр байгаад төгсгөдөг бол баруунд хүүхдийг 6 дугаар анги хүртэл бараг ачаалал өгдөггүй, харин дунд, ахлах ангиудад ачааллыг эрс нэмдэг.

Дүгнэлт: Монгол хүүхэд 12 жил нүдүүлсээр байгаад сурах огт сонирхолгүй төгсдөг. Том болсны дараа өөрөө өөрийгөө сургах дур хүсэлгүй хүүхэд болдог бол баруунд хүүхэд багаасаа сургуульдаа дуртай, суралцах дуртай болж томрохдооо тасралтгүй суралцаж амьдардаг хэвшилтэй болдог.


3. Монгол сургуульд хичээлийг хийлгэж хийлгэж байгаад улиралын шалгалт авч дүгнэдэг бол барууны системд өдөр тутамд дүн тавьж явдаг, нийлбэр дүнгээр эцсийн дүнг гаргадаг.

Дүгнэлт: Монгол хүүхэд ажлыг бөөгнүүлж, хойш тавьж сурдаг. Баруунд өдөр бүр бага багаар, цагийн юмыг цагт нь  хийж дуусгаж сурдаг.


4. Монгол сургуульд бага, дунд, ахлах ангийг нэг байшинд хамтад нь оруулдаг. Баруунд бага сургууль тусдаа байшинтай. Тэнд зөвхөн бага ангийнхан, дунд, ахлах анги нь мөн ижил тус тусдаа байртай, холилддоггүй. 

Дүгнэлт: Хүүхэд насанд толин нейрон хүчээр асар их мэдээлэл авч өөрийгөө сургадаг учир,  ахмад насныхаа хүүхдүүдээс багууд нь үлгэр жишээ авдаг. 


5. Монгол сургуулиуд авьяас чадвартай хүүхдүүдээ сургууль дотроо хөгжүүлдэг. Баруунд авьяас чадвартай хүүхдүүдээ тусгайлан шалгалт авч тусгай сургуулиудад илүү хөгжүүлдэг.

Дүгнэлт: Нийгмийг авьяас чадвартай цөөнх авч явдаг. Баруунд бол "human capital" хамгийн чухал гэж ойлгодог. Тиймээс авьяас чадвар хаана байна гэж тасралтгүй эрж хайдаг бол манайд авьястай хүүхдүүдээ ашиглан олимпиадад түрүүлүүлж өөрсдийгөө рекламддаг. Нэг үгээр ирээдүйн сор авьяас билгийг хөгжүүлэх биш үхүүлдэг.