Польш гаралтай аялагч, зохиолч, нийгмийн зүтгэлтэн Ф.Оссендовски хар багаасаа л эцэг эхээ даган Орос орноор хөндлөн гулд явж олон янзын ажил төрөл хийж адал сонин амьдрал туулсан хүн ажээ. Сибирьт байрлаж байсан цагаантны толгойлогч Колчакийн засгийн газрын санхүүгийн зөвлөх хийж байсан боловч улаантнуудын цохилтонд өртөн сүйрсэн тул баривчилгаанаас амь зулбан зугтаж Монголоор дамжин Номхон далайн аль нэг ойрын боомт хүрч эх орноо зорихоор шийдэн амь өрссөн адармаатай хэцүү зам туулсан тухайгаа хожим "Хүн араатан бурхад" нэртэй ном бичсэн нь тэр дороо л Европ дахиныг шуугиулж даруй 15 хэлээр орчуулагдан гарч зохиогч маань 20р зууны Марко Поло хэмээх алдрыг хүртэхэд хүргэжээ.


Дайн самуун үймээн бужигнаантай хүнд хэцүү цагт тэрбээр Сибирийн ойд хүн зоны нүднээс нуугдан хоёр сар гаруй урц овоохойд амьдарч, ан гөрөө хийж хэрхэн аж төрсөн хийгээд аюултай нүүр тулсан ч азаар мэнд мултарсан тухайгаа яруу сайхнаар хүүрнэн өгүүлнэ. 

Урианхайгаар дамжин баруун Монгол руу нэвтрэх зорилготой газарч хөлслөн аян замд гарсан боловч хаа сайгүй улаантнууд үүрлэсэн төдийгүй дээрэмчин тонуулчид газар бүхэнд холхилдож, хүний амийг юман чинээ тоохоо байсан цөвүүн цаг тул чиглэлээ өөрчлөн Дархадын нуруугаар дамжин Хөвсгөлийн Хатгалаар орж иржээ. Замдаа өөртэй нь адил зүс буруулан дүрвэсэн цагаан армийн офицерүүдтэй ганзага нийлж амь дүйсэн осолтой газруудаар хэрхэн яаж мэнд гарсан тухайгаа тодорхой сайхан дурджээ.


Хүрээ орох зам аюултай болсон тул мөн л зүг буруулж Засагт ханаар дамжин Түвдийг зүглэсэн байна. Хүнд хэцүү зам туулан Ганьсу мужаар дамжин Хөхнуурт ирсэн боловч нутгийн тонуулчид хунхуузууд замы нь хаасан тул амь өрсөн тулалдаж буцахаас өөр замгүй болдог.Буцаж ирэхдээ өмнө нь дайрч өнгөрсөн Нарванчин хийдийн Дилав хутагт Жамсранжавтай дахин уулзаж хувилгаан чадлы нь нүдээр үзэж гайхан биширсэн тухайгаа өгүүлжээ. Хутагт бээр түүнд гэр бүлийнх нь хэрхэн амьдарч буйг хоосноос дүрс үүсгэн үзүүлсэнийг хамт явсан нөхөд нь үзэж бүгд "Мэл гайхан цэл хөхөрчээ" .
Улаантан, цагаантан, Хятад, хунхууз гээд зүсэн зүйлийн амьтад нааш цааш холхилдон бие биенээ алж талж байсан хүнд хэцүү цагт төрөлхийн ухаан сэргэлэн, овжин зальтай Оссендовски яаж ийгээд л арга эвий нь олж зуучийн үүрэг гүйцэтгэн тухайн цаг үеийн нэр алдартай хүмүүстэй биечлэн уулзаж амь нас нь хутганы ир, дээсэн дөрөөн дээр байвч зориг шантарч ухрах зам түүнд байсангүй. Улиастайд хэсэг зуур цагийн байдлыг ажин суух зуур Ховд руу чухал зараалаар явахдаа алдарт Түшээ гүн- лам Дамбийжаатай уулзсан тухай маш сонирхолтой өгүүлж, түүнийг Монголын тусгаар тогнол эрх чөлөөний төлөө тэмцэгч хэмээн дүгнэсэн байна.
Дилав хутагтын ивээлээр Хүрээний зүг явахдаа бас л адал сонин явдлуудаар дүүрэн аян замыг туулсан байна. Заяын хүрээн дээр ирж цэл залуухан орос цэргийн хувцас өмссөн Зая гэгээнтэй учирч Эрдэнэзуу хийдийн эргэн тойрноор аялахдаа олон түүх домог сонсож хамтдаа ан гөрөө хийсэн тухайгаа бичжээ. Вангийн хүрээн дээр ирээд "Дайны тэнгэр""Цуст генерал" гэж алдаршсан барон Унгернтай нүүр тулан уулзсан төдийгүй түүний итгэлийг олсон тул Хүрээнээс гарах хүртэл хамт байхыг барон гуйж өөрийг нь Манжуур луу эсэн мэнд хүргэж өгөхөө амалжээ.Домогт барон түүнд герман хүннү мажар цус холилдсон дайчин удамтай өвөг дээдсийнхээ түүхийг хүүрнэж, өөрийгөө буддын шашныг хамгаалагч дайны сахиус гэдгээ ойлгуулжээ. Тэрээр бароныг ямар ч таагдашгүй үйлийг сэдэх чадвар бүхий тун аюултай хүн гэж дүгнэсэн байна...


Өртөөний төлөгч өвгөн түүний ирээдүйн хувь заяаг мэргэлж өгсөн төдийгүй эрлэгийн элчтэй хялгасны чинээ зайгаар зөрөх тухай, эмээлэн толгойтой хүнээс болгоомжлон явахыг анхааруулан хэлсэн нь яг таг биелсэнийг гайхаад баршгүй ажээ. Хүрээнд ирсэн хойно нь түүнийг бароны цэргийн комендат харгис хэрцгийгээрээ алдаршсан хурандаа Сепайлов байнга мөрдөж амь насанд нь заналхийлж байсан нь төлөгч өвгөний урьдчилан хэлсэн "эмээлэн толгойт" гэгч нь мөн болохыг мэдээд машид болгоомжтой байсны хүчинд амьд мэнд мултарна.
Оссендовски Хүрээнд байхдаа барон Унгерны хамт амьд бурхан хэмээн хүндлэгдсэн Богд хаанд бараалхаж дараа нь хэд хэдэн удаа уулзаж айлдвар лүндэнг нь сонссон тухайгаа маш сонирхолтой дэлгэрэнгүй бичжээ. Монгол орны хүн ардын аж төрөл,зан заншлыг нарийн гярхай ажиглаж, зам гудас таарсан сонин хэлбэр хийцтэй уул нуруу, хад асга, ашигт малтмал,.өвс ургамал, зэрлэг амьтад тэдгээрийн зан төрхийн талаарх сонин сайхан санагдсан зүйлсээ уран чадварлагаар дүрслэн үзүүлсэн нь өөрийн эрхгүй сонирхол татна. Сониуч зантайгаас гадна ажигч гярхай, олон талын өргөн мэдлэгтэй, харсан үзсэн зүйлээ ой тоондоо сайтар тогтоож түүнийгээ үгээр илэрхийлэн гаргахдаа нэн уран чадварлаг байгаа нь сайн зохиолч юмаа гэх бодол төрүүлнэ.


Хамгийн сүүлийн судалгаагаар дэлхийн 40 орчим хэлээр орчуулагдаж 185 удаа хэвлэгдсэн гэсэн тойм байх ба манайд бас л чамгүй олон удаа дахин хэвлэгдэж бестсэллэр зохиол гэдгээ батлан харуулж байх шиг. Энэ номонд дурдагдсан олон бошго, зөгнөл , лүндэн хожмоо батлагдсан гэж бодохоор тэр үеийн гэгээнтэн ,хутагт хувилгаад үнэхээр гарамгай гоц хүмүүс байсан нь мэдрэгдэнэ. Тухайлбал барон Унгернд 130 хоногийн нас үлдсэн тухай төлөг биелсэнээс эхлээд зөвлөлт засаг нурах хүртэлх олон айлдварууд үнэн бодитой байсныг мэдэж болно. Мөн Дилав хутагт Богд хаан нараас шамбалын тухай өгүүлсэн айлдваруудыг тэмдэглэн үлдээсэн байна. Энэ номоос 1920-д оны үед Монгол оронд ямархуу сонин адал явдал өрнөж байсныг түүнийг нүдээр үзсэн гэрчийн бичсэнээс амтархан уншиж, зохиогчийн уран чадвар, орчуулагчийн чадал чансааг бахдан бишрэхээс өөр аргагүй .
Гадаад ертөнцөөс таслагдан сураг чимээ нь тасарсан Чингисийн Монголыг дэлхий дахины сонорт дахин хүргэж анхаарлыг нь татаж чадсан авьяаслаг зохиолчийн баримтат уран сайхны эл бүтээл нь сонин содон, санаанд оромгүй хачин жигтэй үйл явдлуудаараа ямар ч адал явдалт зохиолоос дутахгүй төдийгүй үйл явдлынх нь гол баатар амьд гэрч нь зохиолч өөрөө байсан нь олон түмний сонирхол шохоорхлыг өөрийн эрхгүй татаж дэлхийд алдартай болжээ гэж бодно.Хэдийгээр уран сайхны боловсруулалт хийж хачир нэмсэн ч гэлээ тухайн цаг үеийн түүх, нөхцөл байдлыг ойлгож ухаарахад энэ ном ихэд тустай гэж бодлоо.