Ардын багш, хэл бичгийн ухааны доктор С.Дуламтай байгалиа хайрлах монгол өвгөдийн үзэл сургаалийн талаар ярилцлаа.

Чулууны зовлонг хүртэл ойлгодог байгальч үзлээ бид гээчихсэн…

Хүмүүн төрөлхтөн бидний оршин тогтнолын эх үндэс нь байгаль дэлхий юм. Байгальгүйгээр бид хэн ч биш. Харин байгаль дэлхий хүн төрөлхтөн бидэнгүйгээр энэ орчлонгийн хамаг баялаг, гоо үзэсгэлэн нь юм. Үүнийг сэрж бодох цаг нэгэнт иржээ. Монголчууд бид эртнээсээ түүхэн уламжлалдаа байгальч үзлийг мэддэг, дээдэлж хүндэтгэдэг байсан ард түмэн.

Хуучин цагт монгол хүн бүр тархи зүрхэндээ Байгаль орчны яамтай байсан учир энэ сайхан онгон дагшин байгалийг бидэнд уламжлуулж үлдээсэн юм. Үр хүүхдээ хөрст газарт хөл тэнцсэн цагаас нь эхлэн эх газар элгэн нутгаа хэрхэн хамгаалж хайрлах тухай биеэрээ үлгэрлэж, билиг сургаалиа захиж ирсэн байдаг. 

Ижий аав минь бага балчир наснаас л “Цэцэг ногоо бүү зулгаа, тэр тусмаа нялх ногоог зулгаах нь бүү хэл чангахан гишгэж ч болохгүй” гэсэн сургаалиар өсөж өндийлгөсөн. 

Угтаа “Алтгүйгээр хүн бүх амьдралаа өнгөрүүлж чадах ч усгүйгээр хүн уул ч давж чадахгүй” гэх санаа нь уг сургаалийн гол амин сүнс нь байгаа юм. 

Ер нь өөрийгөө ертөнцийн ганц эзэн нь гэж боддог, байгаль дэлхийг зөвхөн хүн төрөлхтний тусын тулд оршин тогтнодог гэсэн итгэл үнэмшилтэй хүн өөрөөсөө бусад амьтан ургамал, араатан жигүүртэн, хорхой шавьжийг ч үл хүндэтгэх нь гарцаагүй. Бидний багад чулууг хүртэл ховхолж боломгүй гэж захидагсан. Монголчуудын уугуул байгуул бэлгэдлийн гүн ухааны ёсоор бол орчлонгийн юмс бүхэн амьтай. Тэр байтугай бидний амьгүй хэмээн итгэдэг чулуу хүртэл амьтай гэж үздэг байсан. Иймийн учир “Бэлийн чулууг овоон дээр тавихад баярладаг юм” гэлцэн өгсөхдөө гурван чулуу авч гурван эх бэлгэдэлтэй үгээ хэлж гурван удаа тойрдог билээ.  

Сонирхуулан хэлэхэд, 2000 гаруй жилийн өмнөх олон мянган жилийн настай уг заншлыг Хүннү гаралтай Унгарчууд маань ч мөн адил үйлддэг юм билээ. Байрнаасаа нэг ховхорсон чулуу 3 жил зовно гэлцдэгийг бодоход монголчууд бид чулууны зовлонг хүртэл ойлгодог ард түмэн юм. Энэ мэтчилэн ариун гайхамшигтай соёлын үр шимийг хүртэж өссөн бид одоо цагийн энэ их өөрчлөлтөд санаа зовнихоос ч аргагүй юм.

Бага байхад саваагүйгээд чулуу ховхлоод харахад доорх өчнөөн олон өт хорхойнууд ийш тийш сандралдаж буй нь нэг хэсэг ертөнцийг сүйдэлсэн мэт санагддагсан. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны хэлээрээ биогеоценоз буюу ийм нэгэн бүрэлдвэр энэ орчлон дор оршдог байх нь. Чухам үүнийг сүйдлүүлэхгүйн төлөө ижий аав минь “Чулуу битгий ховхлоорой” гэж сануулдаг байж л дээ. Ийм л нарийн уран тансаг мэдрэмжээр байгальд ханддаг хүн зоны үр сад өнөөдөр юу болчихов оо гэдэг том асуулт бидний өмнө гарч иржээ.

Гэтэл хуучин цагийн болон өнөөгийн бидний хандлага, байгаль орчинтойгоо харьцаж буй зохистой зохисгүй үйлдлүүд дэндүү гэмээр эрс тэс ялгаатай. Эргээд харахад элэг эмтэрмээр харамсалтай нөхцөл байдал монгол оронд маань нүүрлэх төлөвтэй байна.

Тоолшгүй, дуусашгүй баялаг гэж хаа ч үгүй 

Байгалийн сүйрэл гэдэг чинь ямар нэгэн аварга том араатан амьтнаас болдоггүй юм. Сүйдэлж буй ганц хүчин зүйл нь хүн өөрөө болчихоод байна. 

Цаг үеийн өөрчлөлтөө дагаад зах зээлийн энэ үед дэлхий дахины баялаг хишгийг хэн түрүүлж эзэмших вэ, хэн түрүүлж ашиг хүртэх вэ гэсэн хүсэл шунал, хөрөнгөжих тэмцэл л байгаль ертөнцийг сүйдлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж байх шиг. Дэлхийн дулаарлын үндэс шалтгаан ч хүн төрөлхтний хүчин зүйлийн нөлөөнөөс л үүдэлтэй. Монгол орон маань ч ялгаагүй өмнөөсөө эхлээд цөлжиж, бидний гол амин зуулга болсон мал аж ахуйн соёл оршин тогтноход бэрхтэй болжээ.

Уул уурхайн салбар ч хариуцлагатай байдлаа бүр мөсөн алдсан байна. Эрдэнэс алтыг нь ухаж авахаа бодохоос биш эргээд тэр газартаа хэдэн бут бургас тариад нөхөөд явах зүрх сэтгэл үгүй орхино. Энэ бол заавал бодолцох ёстой зүйлсийн нэг гэж би боддог.

Энэ бүх байдал өнөөдрийн бидний үнэн дур зураг болсон. Тиймээс юуны өмнө хүн та өөрөө эхэлж өөрчлөгдөхгүйгээр байгаль орчноо өөрчлөх боломжгүй. Чухам бид байгаль амьтай хүн зоноос байгалийн атаатан дайсан мэт болж хувирсан нь үндэснийхээ өвөр төрхөөс холдож тасрах болсонтой л холбоотой юм.

Социализмын он жилүүдийн материалист гүн ухааны нөлөөллөөр ч тэр үү бидний байгаль эхтэйгээ харьцах харилцаа маань арай л их эвдэрсэн.

Жишээ нь, намайг дунд сургуульд байхад анги танхимын хананд “Бид байгалийн хишгийг горьдож суух ёсгүй, булаан авах ёстой” гэсэн үг өлгөөстэй харагддаг байж билээ. Энэ лоозон тухайн цаг үеийнхэнд “хүн төрөлхтөн үргэлж байгалиас авах л ёстой” гэсэн ухамсар суулгасан болов уу гэж би хувьдаа боддог юм. 

Гэтэл байгаль ертөнцийн юмс бүхэн хэмжээтэй, хугацаатай. Тоолшгүй, дуусашгүй баялаг гэж хаа ч үгүй. Гагцхүү өнөө цагт бидэнд зохист хэмжээнд, авах өгөхийн сэтгэлээр хандаж хойч үедээ үлдээх алс ирээдүйн бодлого ухамсар л дутагдаад байна.  

Наад захын жишээ дурдахад, хөдөө гадаа аялж сайхан цэцэг модны дэргэд амар.чхаад идэж уусан хоолны шавхруу, шил ундааныхаа савыг хөглөрүүлж орхидог болж. Аян замд явахад засмал замын хажуугаар элдэв хагархай шил, ундааны савнууд хөглөрч байх жишээний. Энэ мэтийн эмгэнэлтэй гэмээр дүр зургууд их л харагддаг юм. 

Бид байгальтайгаа тэрсэлдэж биш, тэврэлдэж аж төрдөг ард түмэн атал байгаль орчныхоо хамгийн том аюулт дайсан нь болчихоод буй мэт санагддаг юм.

 Монгол хүүхдийн оюун тархинд байгаль болоод амьтай бүхнийг энэрэн хайрлах, хамгаалах сэтгэл ухамсрын уг үлгэр угаас бий

Байгаль хамгааллын тухай Стокольмын чуулганы баримт бичигт “Дорно дахины ард түмний байгаль хамгаалах уламжлалаас өнөөдөр бид суралцах цаг болжээ” гэж бичсэнийг уншиж байв. Нэг улсын нэрийг дурдаж хэлэхэд хэцүү тул ерөнхийд нь дорно дахин хэмээн хэлсэн гэж ойлгосон. 

Угтаа монголчуудын байгаль хамгаалах уламжлалыг л хэлсэн болов уу гэж бодогдож байлаа. Хүн төрөлхтөн эрх биш эргээд хаана юу хэрэгтэй байж вэ гэдгийг бодох тунгаах цаг нь иржээ. Тиймээс монголчууд бид хамгийн түрүүнд сэрж, ухаарч, хэрэгжүүлэх ёстой хүмүүсийн үр сад юм шүү гэдгийг одоо л бид хойч үедээ захиж хэлж үлдээмээр байгаа юм.

Монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан дээдлэх гүн ухааны гол үзэл санаа бол байгалийн хишгийг огт хүртэх ёсгүй гэдэгтээ бус байгаль ертөнцийн хууль, жам ёсных нь дагуу зэрэгцэн аж төрөхийг л хэлээд байгаа юм.

Тухайлбал, морь уяхаас эхлээд ямар нэг байдлаар газар ухах шаардлага гарлаа гэхэд тухайн газраа орхиод нүүхдээ зэлний гадас болоод шонгийн уяаныхаа нүхийг эргүүлж заавал булдаг байлаа шүү дээ. Малчин аав ээжийн минь надад өгсөн хүмүүжил л энэ буюу хуучин цагт ийм л байж. Үр хүүхдүүдэд маань ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу гэж боддог.

Хойч үеэ байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсартай болгоё гэвэл дөнгөж өлгийтэй байгаа хүүхдээсээ эхлээд л эх дэлхийгээ хайрлах хамгаалах мэдрэмжийг суулгаж өгөх хэрэгтэй. Хүн хүн хэдий өөр ч гэлээ бага балчир наснаас нь л эхлэхгүй бол том болсон хойно нь хэлж учирлаад нэмэргүй. Авах идэхийн айхтар шуурга болж буй энэ цагт нэгэнт том болчихсон хүүхэд барагтаа бол юу ч ухаарахгүй, “юу яриад байна аа” гэж бодохоос биш үүнийг ойлгоё энэрч хайрлая гэсэн ухамсар суухад оройтно.

Сургуулийн өмнөх боловсролд бол заавал олгох ёстой хүмүүжлийн нэг байх ёстой гэж боддог. Нэмж хэлэхэд, монгол хүүхдийн оюун тархинд байгаль болоод амьтай бүхнийг энэрэн хайрлах, хамгаалах сэтгэл ухамсрын уг үлгэр угаас бий. Түүнийгээ л сэрээх сэрээх хэрэгтэй. Энэ талаар жаахан ярих төдийд л тэр сэтгэл нь сэргээд ирдэг, угтаа бол очийг нь үсэргэчихсэн байхад л их амархан сэргэх зүйл байгаа юм.

Хамгийн гол нь тулган шаардсан, албадан захиргаадсан маягаар бус учир утгыг ухуулсан, аргадсан, ятгасан байдлаар ойлгуулах хэрэгтэй. 

Түүнээс гадна өнөөгийн техник технологийн боломж бололцоог ашиглан, хүүхдүүдийн нөхөрлөж нөхцөж буй зүйлстэй нь уялдуулж, сонирхлоор нь дамжуулж, сэтгэхүйд нь таарсан хэлбэрээр суулгаж өгөх нь зүйтэй болов уу.

Аав ээжийн үлгэр дууриаллаар өсөж хүмүүжсэн хүний хувьд би ч мөн өөрийн чадлын хэрээр таван хүүхдэдээ үлгэрлэхийг хичээдэг юм. Тэд маань ч гайгүй байгаль хамгаалагчид болсон болов уу гэж бодож явдаг. Энэ бүхэн ерөөс гэр бүлийн амьдрал болоод гэр бүлийн дотоод оюун санаанаас л эхэлнэ.

Одоогийн бага балчир хүүхдүүд ирээдүйд гайхамшигтай байгаль хамгаалагчид болно гэж би итгэдэг юм. Тиймээс одооноос, өнөөдрөөс л эхлэх хэрэгтэй.

  • Би монгол ардын бэлгэдэл зүйн, аман зохиолын мэргэжлийн хүн. Манай монгол аман зохиол ардын бэлгэдэл зүйн суурь үндсэн сургаал нь ерөөсөө үүнийг л хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ дэлхий ертөнц дээр нүдэнд үзэгдэхгүй, таван мэдрэхүйн түвшинд харагдахгүй үй олон амьтан ургамал хамт оршиж байдаг бөгөөд тэд бүгд цөм орших эрхтэй.

Цэцэг ургах эрхтэй, өвс ногоо ганхах эрхтэй, амьтан гөрөөс буухирах, буга урамдах эрхтэй. Тиймээс бид байгаль ертөнцийн энэ язгуурын эрхийг ухамсартайгаар хүлээн зөвшөөрч хүндэтгэж байгаа цагт л жинхэнэ ёсоор байгаль орчныг хамгаална. Үүнийг яма р нэг хэмжээгээр тэрсэлж, харшилж байгаа цагт эргээд бид байгальдаа хор учруулах алхмуудыг хийсээр л байна гэсэн үг. Үндэстэн бүрт хүн төрөлхтний өмнө хүлээсэн өөрийн гэсэн өвөрмөц үүрэг гэж бий. Монголчуудын бидэнд удамшилтай, уламжлалтай байгаль хамгаалах тэрхүү зан суртахууныг өөрсдөдөө хадгалан үлдэж эргээд хүн төрөлхтөнд нөлөөлөх ариун журамт үүрэг заяасан гэж бодож байна.