Шинэ коронавируст халдвартой холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Өчигдөр дөрвөн лабораторт нийт 403 хүний шинжилгээг хийлээ. 402-оос нь коронавирус илрээгүй, нэг хүнээс нь коронавирус илэрлээ.

Коронавирус илэрсэн хүн нь энэ сарын 13-нд ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан цэргийн оюутан юм. Тусгаарлагдаж буй 48 цэргийн оюутанд давтан шинжилгээ хийхэд нэгээс нь коронавирус илэрсэн. Улмаар ОХУ-аас ирсэн оюутнуудын 57-гоос нь коронавирус илэрлээ.

Сайн мэдээ нь өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны хяналтад шилжлээ. Хүмүүсийн эмчлэгдэж буй хугацаа ерөнхийдөө 30-40 хоног байна. Дээд хугацаа нь 56 хоногт эдгэрсэн тохиолдол бий" хэмээлээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн нийт 141 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 28 нь эдгэрлээ.