Монгол Улсад Францын “Орано” групп “Бадрах энержи” ХХК (хуучнаар АРЕВА) нэрээр үйл ажиллагаа явуулж буй. Тус групп 1997 оноос ураны хайгуулын ажлыг эхлүүлж, 2006 онд Дулаан-Уул, 2010 онд Зөөвч-Овоо ордыг нээн ирүүлсэн. Сүүлийн 10 гаруй жил хайгуулын нөөцөө баталгаажуулах ажилд төвлөрч, өдгөө туршилтын олборлолтоо эхлүүлэхэд бэлэн болоод буй юм.

Ураны энэхүү төслийг хайгуулаас олборлолтын түвшинд шилжүүлэх нарийвчилсан Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулж дуусчээ. Энэхүү төслийн олборлолт ашиглалтыг хэрэгжүүлэхийн тулд хоёр тал Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шаардлагатай. 

Хэрвээ Монгол Улсын Засгийн газар, Францын “Орано” групптэй Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэвэл Монгол Улс жилд 2500 тонн шар нунтаг олборлох боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсад ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 26 жил болж буй Францын “Орано” группийн төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах үүрэгтэй байгуулагдсан Ажлын хэсгийнхэн саяхан төслийн талбайд ажилласан.

"ОЮУ ТОЛГОЙ" ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ БАЙГУУЛАХДАА ГАРГАСАН 
АЛДААГАА ДАВТАХГҮЙ"

“Оюу толгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа гаргасан алдаа оноогоо да

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хэлэхдээ “Ажлын хэсгийнхэн газар дээр нь ирээд туршилтын үйлдвэрлэл хэрхэн, ямар шат дамжлагаар явдаг вэ гэдгийг харлаа. Сүүлийн 20-иод жил олон нийтийн дунд “Энэ үйлдвэрлэл асар их хор хөнөөлтэй, үүнээс болж маш олон амьтан, мал үхсэн, үхэж болзошгүй” гэж ярьсаар ирсэн. Эцсийн бүтээгдэхүүн гарч байгаа дамжлагыг харлаа, шар нунтгийг нь барьж үзлээ. Би шинжлэх ухаан, хамгийн нарийн мэргэжлийн багажид итгэнэ. 

Энэ ажлыг гардан хийж, үйлдвэрт нь олон жил ажиллаж байгаа хүмүүс эрүүл саруул байна. Хор хөнөөл багатайг нь нарийн хэмждэг багажаар хэмжиж, нүдээрээ харлаа. Хоёрт, үйлдвэрлэл, уурхайн олборлолт бидний төсөөлснөөс өөр байна. 

Үйлдвэрлэл нүсэр биш, цомхон орчинд явагдах юм байна. Гэхдээ бид мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонсоно. Цаашид энэ үйлдвэрлэл манай улсад хэрэгтэй юү, уул уурхайн салбарт хөгжил авчрах уу, нийт эдийн засаг болоод бусад салбарт ямар үр дүн үзүүлэх вэ гэдгийг нэлээд өргөн хүрээнд ярьж, зөв мэдээллээр хангаж ажиллана. Цөмийн энергийн газар болон мэргэжилтнүүдийн саналыг сонсоно.

Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа нэг л зарчим баримталж байна. Тэр нь харилцан ашигтай байх зарчим. Бид 2009 онд “Оюу толгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа алдаа оноо гаргасан. Үүнийг одоо ч бүх шатандаа зөвшөөрдөг. Өнөөдрийг хүртэл тус ордын шинэчилсэн ТЭЗҮ батлагдаагүй л байна. Алдсанаа засч сайжруулах гээд талууд хэлэлцээр хийж байгаа бөгөөд энэ ажил ерөнхийдөө төгсгөлийн шатандаа орсон. Баялгийн эзэн Монгол Улс өөрөө маш их өрөнд /$2.3 тэрбум/ унасныг тэглэсэн. Одоо татварын маргаантай асуудлаа эцэслэх шатандаа явж байна.

Ураны энэхүү төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын хувьд гуравдагч хөрш орны компанитай хийх томоохон Хөрөнгө оруулалтын гэрээнд тооцогдоно. Тиймээс бид 2009 онд байгуулж байсан Хөрөнгө оруулалтын гэрээн дээр гаргасан алдаагаа давтахгүй, тийм эрх ч байхгүй. Нэгд, харилцан ашигтай байх ёстой. 

Цаашлаад бүс нутагтаа, энэ салбартаа тэргүүлэгч тоглогч байх амбийцтайгаар Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар ажиллаж байна.

Яг өнөөдрийн хувьд энэ төслийн санхүүгийн загвар моделийг ярихад эрт байна. Нэгд, уул уурхайн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хуралдаж, энэ ордын ТЭЗҮ-ийг батална. Энэ сардаа багтаж хуралдах төлөвтэй байна. 

Үүн дээр цугларсан дата мэдээлэл дээр үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа санхүү, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, болон хууль эрх зүйн асуудлаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадны компаниудаас зөвлөх үйлчилгээ авна. 

Үүний дараа айлын талд Монголын Засгийн газрын саналыг танилцуулахаар төлөвлөж ажиллаж байна. Магадгүй найн, ёсөн сард эдгээр ажлууд хийгдэх болов уу.

Манай Ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, УУХҮЯ, Гадаад харилцааны яам, БОАЖЯ, холбогдох бүх агентлагаас хүмүүс багтсан. Гол нь, дотооддоо бүх түвшиндөө ХөОГ дээр нэгдмэл байр суурьтай болсны дараа айлын талд гэрээний саналаа тавина гэсэн зарчим барьж байна.

Өнөөдрийн байдлаар “Бадрах энержи” ХХК-ийн үндсэн ажилтнаар 800, гэрээлэгч байгууллагуудын 800 гаруй хүн ажиллаж байна. Энэ төсөл амжилттай урагшилснаар 1600 гаруй байнгын ажлын байртай байна.

Хоёрт, Франц улс ураны салбарт тэргүүлэгч учраас Монгол Улсад шинэ технологи нутагшуулах, боловсон хүчнийг бэлтгэх, цаашлаад хөдөө аж ахуй, зам тээврийн зэрэг бусад салбарт шинэ хөрөнгө оруулалт хийх боломжууд үүснэ. Дахиад хэлэхэд, ямар ч тохиолдолд энэ төсөл харилцан ашигтай л байх ёстой.

Гуравт, энэ төслийг бусад уул уурхайн төслүүд шиг сэндвичин кемп төдийнхнөөр бүү үргэлжлээсэй гэж бодож байна. Энд ажиллах 1600 гаруй ажилчны гэр бүлтэйгээ амьдрах хотхон, суурин газрыг ойр орчимдоо байгуулах, говийн бүсийн эко системийг хадгалах, хамгаалах саналуудыг тавина” гэв. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ БАТЛАГДВАЛ 1.6 ТЭРБУМ ДОЛЛАРЫН 
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЭНЭ

“Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард хэлэхдээ “Хэрвээ талууд Хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай үзэглэвэл олборлолтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө 450 сая ам.долларын анхны хөрөнгө оруулалт хийгдэнэ. Нийт уурхайн ашиглалтын хугацаанд 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм. 

Бид газар доогуур уусган олборлох технологиор уран олборлоно. Энэ нь хамгийн сүүлийн үеийн технологи юм.

Бид энэ ондоо Хөрөнгө оруулалтын гэрээгээ баталж амжвал 2025 онд барилга угсралтын ажлаа эхэлж, 2028 оноос үндсэн уурхайн ашиглалт эхэлнэ. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 2500 тонн уран үйлдвэрлэнэ.

Манай ордын бүртгүүлсэн нөөц 100 мянган тонн уран. Үүнээс ашиглалт олборлолтын явцад 60 мянган тонн уран гаргаж авна гэж тооцож байна. Ашиглалт 34 жил үргэлжилнэ" гэв.

Бүрэн хүчин чадлаараа ажиллалаа гэж бодоход жилдээ 200-250 вагон явуулах боломжтой юм байна.

Засгийн газраас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг аль болох сайн ашиглаарай гэсэн зөвлөмж өгчээ. Энэ нь Францын талд ч гэсэн ашигтай. Бусад тээврээс зардал багатай, Хамгийн хямд тээвэр болох юм. Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэний дараа терминалыг хэрхэн өргөтгөх талаар нарийн зүйлс яригдах аж. 

Дэлхий дээр 30 орон цөмийн станцтай. Иймд 30 орон руу экспорт хийх боломжтой. Мөн БНХАУ 20 цөмийн станц нэмэлтээр барьж буй бөгөөд Монголоос уран авах боломжтой юм байна.