Мөнхбат
09 сарын 30, 2020
Daniel Goleman, Emotional Intelligence номондоо хувь хүн болон нийгэм, улс орон хөгжихөд зайлшгүй шаардлагатай эмоцийн чадвар, чанаруудыг танилцуулжээ. Хүн уншиж сурахад үсэг мэдэх шаардлагатай адил, нас биед хүрч төлөвшихөд “Эмоцийн Цагаан Толгой” -д суралцах ёстой ажээ.
Насанд хүрнэ гэж ойлголт байдаг. Насанд хүрэх нь хэд хэдэн төрөл байдаг аж. Хүн цаг хугацаа, физиологийн хувьд насанд хүрдэг (Physically mature). Амьтан ч мөн адил. Харин бидний амьтнаас ялгарах нэг онцлог нь бид эмоцийн хувьд төлөвшиж, насанд хүрдэг (Emotionally mature). Эмоцийн хувьд насанд хүрч чадалгүй зөвхөн бие махбодийн хувьд нас бие гүйцэх гэж бий. Тийм хүнийг Монголчууд ухаан суугаагүй, төлөвшөөгүй, ухамсаргүй гэж дүгнэдэг.
Нэг ёсондоо, хүн хэдий бие томорч, булчин нэмэгдэж, тонн жинтэй бухыг өргөж чаддаг болсон ч эмоцийн хувьд 2 настай хүүхдээс ялгарах зүйлгүй байх тохиолдол бий. Биеийн нас гүйцэхээс ялгаатай нь эмоцийн төлөвшилт нь хүн заавал бусад хүмүүсээс хамааралтай нийгмийн орчинд байж, бусадтай өдөр тутам тогтмол нийгмийн харилцаанд орж байж л явагддаг зүйл аж.
Энэ эмоцийн төлөвшлийн суурь нь бага насанд тавигддаг учир хүүхэдтэй хамгийн их цагийг өнгөрөөх хүмүүс өөрсдөө эмоцийн төлөвшлийг ойлгосон байх шаардлагатай.
Нийгэм үүсч бий болоход эмоц хэрхэн чухал болохыг Daniel Goleman дахин дахин номондоо онцолсон. Нийгмийн эмоцийн цагаан толгойн эхэнд бичигдэх “Empathy” буюу бусдын эмоцийг ойлгож, түүнийг нь өөрийн бие дээр мэдрэх, хуваалцах, “Sympathy” буюу бусдын зовлон, шаналал, хүнд байдлыг ойлгож, түүнд тохирсон хариу үйлдэл үзүүлж чаддаг чадвартай байх ёстой аж. Өөрөөр хэлбэл, Empathy болон Sympathy нь өөрийгөө нийгэмшсэн, соёлжсон, боловсорсон гэж боддог хүн бүрийн эзэмшсэн байх ёстой анхан шатны эмоцийн чадварууд ажээ.
Эдгээр чадварууд нь тухайн хүн эргэн тойрноо, нийгмээ хэрхэн харж, хэрхэн дүгнэлт хийж үнэлгээ өгч, цаашлаад хэрхэн хамтарч байдгийг илэрхийлдэг.
Тухайлбал, саяхны жишээтэй холбож үзвэл, коронавирусын тархалттай холбоотойгоор олон хүмүүс зайлшгүй шаардлагатай хэрэглээний бүтээгдэхүүн нөөцлөх үзэгдэл дэлхий даяар ажиглагдлаа. Өндөр хөгжилтэй гэгдэх АНУ, Япон болон Европын орнуудад ч хүртэл. Хар, шар, цагаан гэлтгүй бүгд л хүнсээ нөөцөллөө, дэлгүүрт оочирлолоо. Энэ бол “хүний” л хийдэг зүйл ажээ. Empathy болон Sympathy-г эзэмшсэн хүн энэ үйлдлийг хараад шууд буруушааж, дооглож, доромжлохын оронд яагаад сандарч хүнс нөөцлөх шаардлагагүй талаар бусдыгаа тайвшруулж, тайтгаруулах байсан буй за. Харин энэ хоёр эмоцийн чадварт суралцаагүй хүн, Монгол хүний хувиа хичээсэн, хар амиа бодсон үйлдэлд гайхшарсанаа түүнээсээ улбаалан ер нь Монгол хүн, Монгол улс хөгжих боломжгүй гэсэн уртын хариалттай дүгнэлтийг хийж суужээ.
Нийт хүн төрөлхтөний нийтлэг шинж дээр үндэслэн Монгол улсаа хөгжихгүй гээд дүгнэчихлээ. Асуудал Монгол хүндээ бус тухайн хүн эмоцийн хувьд төлөвшиж чадаагүйг л илтгэж байна уу даа. Аль эсвэл хүн гэж яг ямар амьтан юм бэ (Nature of human) гэдгийг сайтар судлах хэрэгтэй байж дээ. Хүн төрөлхтөний маш олон мянган жилийн мэдлэгийг нэг дор үгүйсгэсэн дүгнэлт хийж орхилоо.
Дахин нэг жишээ дурдвал, Еврейчүүд хүүхдээ бага наснаас нь хүн гэдэг амьтан бол заримдаа алдаа гаргадаг, заримдаа онодог, алдаагаа засч зөв болгож чаддаг, тийм бүрэн боломжтой шүү гэж сургадаг. Тийм учир өөрөө алдаа гаргасандаа хэт гутралгүй, бусдын алдааг хэт дөвийлгөлгүй хамтран амьдрах, ажиллахыг сургадаг гэнэ. Харин Монголчууд бид илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ алт хийсэн ч сэгсэрнэ гэж ярьж заншжээ. Эмоцийн насанд хүрээгүй хэдхэн хүний хөнгөхөн дүгнэлтээс болоод Монгол хүн яасан ч өөрчлөгддөггүй үхэр эсвэл орк, Монголчууд хамтрах ямар ч боломжгүй гэсэн хэвшмэл ойлголт бий болсон нь харамсалтай. Ахиад л хүн гэж яг ямар амьтан болох талаар дутуу мэдлэгтэй, хөнгөхөн дүгнэлттэй хүмүүсийн уртын харайлт байлаа.
Хүүхдийн хүчирхийллийн талаар нүд халтирч, сэтгэл сэртхиймээр хэргүүд олноор гарч байгаа энэ үед шууд хэн нэгнийг буруутгаж, шийтгэж, цаазлах тухай ярихын өмнө тухайн эцэг, эх гэх мэт ойр дотны хүмүүс нь яагаад тийм хэрэг хийхэд хүрсэнийг психологийн мэргэжлийн үүднээс судалж үзээсэй. Цаашид ижил төстэй хэрэг гарахаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ул суурьнаас нь хандахгүй бол хүүхдүүд, ээжүүд хохирсоор байх нь. Гэмт хэрэгтэн ч бас бага насандаа хохирогч байсныг мартаж болохгүй болов уу.
Ялангуяа, эмоцийн хувьд төлөвшөөгүй, хүүхдээрээ байгаа хүмүүс улс орон, албан байгууллагыг манлайлах, удирдах, менежментийн чухал албан тушаалд очсон тохиолдолд нүүрлэх аюул, гамшиг ямар их байх бол? Тэдгээр хүмүүс ямар их ялгавартай бодлого явуулж, улс орон нийгмийн сайн сайхны төлөө бий болсон институцийг хэрхэн өөрийн хувийн зорилгод ашиглаж, тэнцвэргүй, эрх тэгшгүй, талцсан, дайсагналцсан нийгмийг бүтээх бол?
Цөлөрхөг арал дээр ганцаараа хаягдсан Робинзон Крузод бусад хүний эмоцийг ойлгох, зөв реакц, үзүүлэх, бусадтай хамтрах, тэр бүү хэл өөрийн эмоцийг ч ойлгох шаардлага бага байсан биз ээ. Түүний цорын ганц зорилго бол амьд үлдэх л байсан шүү дээ — Фрайдэйг гарч ирэх хүртэл. Өнөөдөр Монгол хүмүүс нэг нэгэндээ хонь чоно мэт болсонд гайхах зүйл алга. Монгол хүн бүр тус тусдаа арал дээр хаягдсан Робинзон Крузо мэт. Өнөөдрийн Монгол хүний туйлын зорилго нь амьд үлдэх л учир гэртээ ч, ажил дээрээ ч, зам дээр машин бариад явсан ч, гудамжинд явсан ч хонь чонын харилцаа давамгайлна. Хүний нийгмийн төлөвшилтийг ярихад микро түвшинд эмоцийн төлөвшилт ярих шаардлага гарах нь ээ.
Монголчууд бидний сүртэй юм, сүржин амьтан байна, охин шиг маягтай, гэх зэргээр үл ойшоодог маш олон эмоцийн илэрхийлэл нь хувь хүн төлөвшихөд, цаашлаад хүнлэг нийгэм бүрэлдэн тогтоход хичнээн чухал болохыг Daniel Goleman-ы Emotional Interlligence: Why It Can Matter More Than IQ номын хуудас бүрт тэмдэглэжээ.
Бие томорч, булчин нэмэгдлээ гээд насанд хүрсэн гэж хэлэхгүй байх нь ээ. “Эмоцийн Цагаан Толгой”-д хэрхэн суралцсаныг нь асуух хэрэгтэй.
Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэсэн эцэг өвгөдийн сургаалыг Монгол хүний хамтралын философи болгох хэрэгтэй мэт.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.21.124.132] ・ 2020.10.14 Хариулах
Маш хэрэгтэй, монголчуудад...
Зочин [124.158.126.215] ・ 2020.10.01 Хариулах
Уншууртай, бас дотроо нэгийг бодож хоёрыг тунгаахаар нийтлэл болжээ.
Санал болгох
1 ХААН Банк ирэх онд ТоС-ын “Манлай банк” -аар үргэлжлүүлэн ажиллана
2 Гадаадад тэтгэлэгтэй сурах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ахлах ангийнханд зориулав
3 С.Пүрэвсүрэн: Өвдөгний үеийг солихоос өөр эмчилгээгүй гэж эндүүрч, эмнэлэгт очихоос халгаж явсаар хугацаа алддаг
4 ХААН Банк ногоон санхүүжилт болон ЖДБ эрхлэгчдийг дэмжихээр 40 сая ам.долларын эх үүсвэр татлаа
5 Аз жаргалтай байхыг хүсвэл өглөөний цайгаа ууж хэвшээрэй