Өөрийн бизнестэй болохыг хүссэн охид, бүсгүйчүүдэд зориулан Монголын амжилттай яваа эмэгтэйчүүд болон олон улсын видео илтгэгч энэ сарын 18-нд болох "Women’s Entrepreneurship Day"-д илтгэл тавих гэж байна. 

Анх 2013 онд эхэлсэн Women’s Entrepreneurship Day Organization (WEDO) буюу #ChooseWOMEN сайн дурын хөдөлгөөн нь дэлхийн өнцөг булан бүрийн охид, эмэгтэйчүүдэд өөрийн орны эдийн засагт хувь нэмрээ оруулах, ядуурлыг бууруулах, орлогоо нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох үүднээс бизнест идэвхтэй оролцогч, шинийг санаачлагч, лидер, энтрепренер байхад нь урам сэдэл өгч дэмжсээр иржээ.

Энэхүү арга хэмжээний хамгийн эрхэм зорилго бол эмэгтэйчүүд ч мөн адил дэлхийд нөлөөлөх чадвартай болон том өөрчлөлтийг хийх потенциалтай гэдгийг тэдэнд ухааруулах ажээ. 

“Бизнест эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлье” нэрийн дор энэхүү хөдөлгөөн нь 5 тэрбум хүнд хүрсэн ба 145 оронд зэрэг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Тэгвэл Монголд анх удаа болох уг үйл ажиллагаанд сонирхолтой, дайчин, шинийг санаачлагч, жинхэнэ энтрепренер 20 эмэгтэй өөрсдийн бэрхшээл, зам, мөрөөдөл болон зөвлөгөөнүүдээ хуваалцах болно. Хамгийн сонирхолтой нь Монголын залууст зориулан олон улсын 10 гаран тив тивийн, салбар салбарын эмэгтэйчүүд өөрийн туршлагаасаа хуваалцан, видео мэндчилгээ хүргэх гэнэ.

Энэхүү өдрийг хамтдаа тэмдэглэн салбар бүрт амжилттай яваа Монголынхоо болоод Олон улсын эмэгтэйчүүдээс урам сэдэл авч, нетворкинг хийж шинийг бүтээх хүсэл эрмэлзлээ улам бадраахыг зохион байгуулагчдын зүгээс уриалжээ.

Тус өдөрлөг Нийслэлийн Улаанбаатар Чуулгад 2018 оны арваннэгдүгээр сарын 18-нд 13-19 цагт болно.

Эх сурвалж: Eagle.mn