М.Нарантуяа: Хүүхдийнхээ мэдрэмж, сэтгэл хөдлөлийг төвөгшөөж хойш тавилгүй цаг гарган хуваалцдаг

Х.Оргил
05 сарын 23, 2023

Гэр бүл, хүүхэд хүмүүжлийн асуудлыг хөнддөг, арга ухааныг зөвлөдөг “Уурлах уу, учирлах уу” буланд энэ удаа М.Нарантуяаг зочноор урьж ярилцлаа. Тэрбээр хүүхэд хүмүүжлийн талаарх өөрийн туршлагаасаа хуваалцсан юм.


Хүүхэдтэйгээ “төрүүлсэн эх нь” гэдэг байдлаар бус ижил тэгш хүн гэдэг утгаар харьцвал илүү сайн ойлголцоно

Надад хүүхэд хүмүүжлийн айхтар нууц жор гэх зүйл бараг үгүй. Гэхдээ хувь хүнийхээ хувьд баримталдаг гол зарчим маань аль болох ярилцах, ойлголцох. Бие биенээ ойлгож ярилцхын тулд хүүхэдтэйгээ “төрүүлсэн эх нь” гэдэг байдлаар бус ижил тэгш хүн гэдэг утгаар харьцах нь илүү үр дүнтэй байдаг. Миний хувьд хүүтэйгээ хамгийн сайн найз шиг нь чөлөөтэй ярилцаж, сонсохыг ямагт хичээдэг. 

Хүүхэд гэдэг өөрт нь зааж сургах гэж яардаггүй сонсох гэж хичээдэг тийм л  хүнтэй хамт байхдаа илүү өөрийнхөөрөө тайван амгалан эрх чөлөөтэй байж чаддаг гэж би боддог.

Хүүхэдтэйгээ тусгайлан ярилцахдаа аль болох ижил түвшнээс, өөрт нь тулгарсан асуудлуудыг адилхан бага насандаа даваад гарсан учир маш сайн ойлгож байна гэдэг хандлагаар харьцах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, “Ээж нь ч бас чиний амьдралын энэ үеийг туулж адилхан зүйлийг мэдэрч байсан” гэдгийг сануулж, сонсож, ярилцвал хүүхэд бага ч болов урам зориг орж, ганцаардах бус илүү ханьтай түшигтэй мэдрэмж авдаг болов уу гэж боддог. Үүнийг л найз шиг нь байх гэж хэлээд байгаа юм. 

Мэдээж эх хүний хувиар хүүдээ хатуухан хэлж учирлах, зааж сургах үе цөөнгүй гардаг хэдий ч хамгийн гол нь тэнцвэрийг нь олж хэзээ хаана яаж харилцах вэ гэдгээ мэддэг өөрийн гэсэн арга барилтай байх нь чухал гэж боддог.

Бичлэг үзэх: 


Монголчууд бид үр хүүхэддээ сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэх боломж олгодоггүй

Бидний хүүхэд үетэй харьцуулахад нийгэм цаг үеийн маш олон өөрчлөлтүүд гарсан. Орчин цагийн хүүхэд багачууд оюун санааны тэс өөр түвшинд өсөж торниж байна. Тиймээс “Миний хүүхэд насанд ийм л байсан” гэх хандлагаар бус хүүхэддээ тохирохуйц өөрийн гэсэн хүмүүжлийн арга барилтай болох хэрэгтэй гэж боддог.  

Бидний хүүхэд нас болохгүй зүйлсээр дүүрэн байсан. “Инээж болохгүй, инээвэл уйлна, уйлж болохгүй, уйлвал муу муухайг дуудна, орондоо уйлж, дуулж болохгүй…” гэх мэт. Харамсалтай нь монголчууд бид одоо ч үр хүүхдэдээ сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэх боломж олгодоггүй.

Түүнчлэн аливаа зүйлийг хэзээ, хаана, хэрхэн, яаж хэлж ойлгуулах вэ гэдэг маш чухал. Тухайлбал, эцэг эхчүүд томчуудын хооронд өрнөж буй ярианд хүүхэд санаандгүй байдлаар оролцлоо гэхэд тухайн үед нь олны дэргэд зэмлэж буруутгахын оронд, хэсэг хугацааны дараа ганцаарчлан уулзаж эелдгээр тайлбарлаж хэлж ойлгуулах хэрэгтэй. Хүүхдийн ямар нэг алдаа дутагдлыг ганц л удаа цаг гарган тайлбарлаж “яагаад болохгүй вэ” гэдгийг ойлгуулчихсан байхад ахиад тэр алдааг хэзээ ч давтдаггүй. 

Бид хүүхэдтэй холбоотой ямар нэг асуудалд нэг бол хэтэрхий зөвтгөж өмөөрөх, эсвэл хэт буруутгаж чичлэх гээд байдаг талтай. Ямар тохиолдолд загнаж зэмлэх үү, ямар үед аргадаж өмөөрөх вэ гэдгээ бодож аль болох тэнцвэртэй байлгах хэрэгтэй байгаа юм. Зарим тохиолдолд үнэхээр хүүхдийн зөв байсан л бол “Энэ бол чиний зөв, чи ингэх эрхтэй байсан” гэдгийг шударгаар хэлж ойлгуулдаг баймаар. Энэ мэтээр хүүхдэд эдлэх учиртай эрх, үүргийг нь багаас нь ойлгуулж учирлаж хэлэх ёстой гэж би хувьдаа боддог юм.


Үр хүүхдээ эрхлүүлж бөөцийлөхөөс илүүтэй амьдралд дасан зохицох чадварт сургах нь чухал

Хоёр хүүтэй хүний хувьд нэгдүгээрт, эр хүнийхээ хувьд чадалтай потенциалтай байгаасай гэж хүсдэг юм. Чадалтай байна гэдэг боловсрол, эд баялагийн тухайд бус чин зүрхнээсээ хүн байх, хүнлэг байхыг л хэлдэг гэж боддог. Эмэгтэйчүүд төдийгүй, бусдыг маш сайн ойлгож хүндэтгэдэг байхаас гадна хаа ч байсан зохицож амьдрах чадвартай хүн болгох юм сан л гэж маш их хичээдэг. 

Зарим хүмүүс хүүхдээ хэтэрхий бөөцийлж ханхүү, гүнж мэт эрхэмлэн өсгөснөөс болж нийгэмдээ зохицож амьдрах чадваргүй болчихсон байдаг. 

Хэдийгээр гэртээ бидний хамгийн эрхэм нандин ч гэлээ нийгэмд гараад бусад айлын эрхэм нандин нэгэнтэй харьцах учраас хэрхэн яаж зохицох ёстой вэ гэдгийг маш сайн ойлгуулах хэрэгтэй гэж боддог юм. 

Сайн хүн болгож хүмүүжүүлэх гэхээс гадна бие махбодийн эрүүл мэнд гэдэг эн тэргүүний чухал асуудал

Хүүхдийнхээ илэрхийлж, хуваалцаж буй мэдрэмж, үг үйлдэл бүрийг чухалчилж үздэг байх нь чухал.  Үл ойшоож хэрхэвч болохгүй мэт санагддаг.

Хамгийн наад захын жишээ нь, бага насны хүүхэд нь хөл, гар өвдлөө гэхэд үнэмшиж тоолгүй, өндөр болох гэж байгаа юм гээд л өнгөрдөг. Гэтэл өвдөлт байна гэдэг чинь ямар нэгэн байдлаар тэнд эрүүл мэндийн асуудал үүсчихсэн байна л гэсэн үг шүү дээ. Өнөөдөр хавдрын зэрэг болон бусад төрлийн өвчлөлүүдээрээ тэргүүлж буйн шалтгаан нь ч үүнээс үүдэлтэй байж болох юм. Үр хүүхдээ бага балчир насанд нь өвдлөө гэхэд хэнэггүй хайхрамжгүй хандаж, тухай бүрт нь шинжлүүлж үзүүлж оношлуулаагүйгээс магадгүй урт хугацаандаа даамжирдаг байх.  

Тиймээс хүүхдийнхээ гаргаж байгаа мэдрэмж өвдөлтийг нь анзаарч цаг тухай үед нь шаардлагатай арга хэмжээ авч байгаарай. Хүүхдийг зөвхөн сайн хүн болгож хүмүүжүүлэх гэхээс гадна бие махбодийн эрүүл мэнд гэдэг эн тэргүүний чухал асуудал. Тийм учраас хүүхдийнхээ мэдрэмжийг төвөгшөөж хойш тавилгүй цаг гарган хуваалцаж, ярилцаж байгаарай.

Хүүхэд хүмүүжлийн үндэс суурь бол ердөө л ярилцаж, ойлголцох явдал гэж ойлгодог. Ялангуяа өсвөр насны суурь тавигдах чухал үед нь хүүхэдтэйгээ илэн далангүй нээлттэй ярилцаж, хамгийн гол нь худлаа хэлэхгүй байх хэрэгтэй. Хүүхэддээ тавьдаг бүхий л шаардлагаа өөрөө ч мөн дагаж мөрддөг, биелүүлдэг байх нь юу юунаас чухал зүйл юм.


Холбоотой сэдвүүд

мэдрэмж уурлах уу учирлах уу

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.