УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд "Монголыг Ардчилсан улс орон гэж дэлхий даяар зарласан. Гэтэл сүүлийн үед болж буй үйл явдлуудыг харахад хууль хэрэггүй гэдэг зүйлийг дээр, дооргүй ярьж байна. Энэ бол буруу. Улс орны цаашдын хувь заяа, иргэдийн амьдрал ахуй, нийгмийн байдал болон Монгол Улс дэлхийн тавцанд яаж харагдах вэ гэдэгтэй энэ үг шууд холбоотой.

Төрийн өндөр алба хашиж байгаа УИХ-ын гишүүн ард түмний мандатаар сонгогдчихоод "хууль хэрэггүй" гэдэг энэ яриагаа цаашид зогсоох хэрэгтэй. Бүх асуудал хуулийн зохицуулалттай явах ёстой. Өнгөрсөн долоо хоногт энэ танхимд М.Энхболдыг эрхийг түдгэлзүүлэхээр оруулаад ир гэж нэг хүн дуугарч байхад, өчигдөр хууль хяналтын байгууллага дээр 60 тэрбумтай холбоотой УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлээя гэж тэнд ярьж байх жишээтэй. 

Ер нь намайг бол миний гэр бүлийн хүнтэй хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа. Манай гэр бүлийн хүний эсрэг Оюуцэцэг гэдэг нэртэй эмэгтэйчүүд нийлж, шаардлага тулгалт өгсөн. Миний эхнэрт тэр шаардлагыг өгөөд яах юм. Би 20-оод жил улс төрийн үйл ажиллагаанд оролцсон ч манай эхнэр нэг ч удаа оролцож байгаагүй. Энд сууж буй гишүүдийн олонх нь тэрийг мэднэ. 

Миний эхнэр намайг хотын дарга байхад архины зөвшөөрөл олгодог байсан гэж сүүлийн 3 хоног сошиалд ярьж байна. Намайг дагаж хотын захиргааны л шинэ жилд ордог байсан байх. Харин тэр архины зөвшөөрлийг Ц.Нямдоржийн эхнэр хэдэн жил олгосон. Намайг хотын дарга байхад. Андуураад байгаа юмуу, зориуд гүтгээд байгаа юм уу. Олон түмэнд өгч буй энэ мэдээллүүдээ үндэстэй болгох талаар бодож үзээ.

Би Ж.Батзандан гишүүнд хандаж 2 үг хэлмээр байна. Та хамгийн чанга дуугардаг, хамгийн том чүдэнзийг зурдаг. Тэгсэн хэрнээ яг асуудал үүсэхээр зугтаадаг хүн. ЖДҮ-ийн тухай асуудлыг яръя гэхэд картаа сугалаад гараад явсан. Яриа дуусангуут орж ирээд суусан. Манай өрөөнд болсон үйл явдлыг харах юм бол тэнд болсон 7-8 хүн бүгд л наана уу, цаана уу болсон, Ж.Батзандан гишүүн л хамгийн түрүүн цэнхэр ноосон малгайгаа өмсөөд зугтаагаад гарсан. Манай намын байрыг шатаах үйл явдалд оролцож л байсан. Өнөөдөр манай намын зарим залуустай дөрөө харшуулаад л яваа. 2020 онд манай намаас нэр дэвшинэ гэж ярьж ч мэднэ. Ахынхаа тухай яриад өөрийнхөө намын даргын эсрэг гарын үсэг зурж л явсан хүн ш дээ. Тийм учраас залуу гишүүд хэнтэй нөхөрлөж байгаа вэ гэдгээ бас бодох хэрэгтэй" гэдгийг хэллээ.

Тус чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Хувьсгалт өөрчлөлт хийхэд хууль хэрэггүй. Манжийн амбаныг Монголчууд морь, буутай очоод хөөж явуулсан" гэсэн үг хэлсэн юм. Энэ талаар энд дарж уншина уу.


Чуулганы хуралдаан үргэлжилж байна.