Бид энтрепренер, комедиан, циркийн жүжигчин М.Баяржаргалтай түүний амьдралын үнэт зүйлс, баримталдаг зарчмын талаар ярилцлаа. Мөн тэрбээр бидэнтэй хэрхэн олон ажлыг зэрэг амжуулдаг туршлагаасаа хуваалцсан юм.

Тэсвэр хатуужилд хөтөлсөн циркийн амьдрал

Миний өсвөр нас цирктэй салшгүй холбоотой. 

Одоо бодоход тэсвэр, хатуужил, сэтгэлийн хат гэдэг зүйлсийг циркээс л олж авчээ гэж бодогддог. 

Циркийн бэлтгэл сургуулилт хагас цэрэгжилтийн байдалтай, нэгэндээ амь насаа даатгадаг учраас хэнд ч алдах, бэлтгэлээ таслах тэр ч байтугай хоцрох эрх байхгүй шүү дээ. Дээр нь манай улсад циркийн нөхцөл байдал үнэхээр хүнд. 

Сонирхолтой түүх ярихад бэлтгэл хийж байгаа хүүхдүүд үргэлж амттай хоол идээд байж чадахгүй шүү дээ. Тиймээс бэлэн гоймонг нунтаглаж байгаад уутны нэг талыг онгойлгож халуун ус хийгээд паар дээр тавьж байгаад иддэг байлаа. Жигнэж байгаа юм л даа. Хоёр цаг гаруй бэлтгэлээ хийж байгаад ирэхэд бэлэн гоймон маань цуйван шиг л болчихдог байсан. Ингэж хооллосон өдрүүд цөөнгүй бий. 

Ер нь циркийнхэн бүгд л ингэж үзсэн байх. Энэ мэтчилэн олон хүндрэлийг циркээр амьсгалсан таван жилийн хугацаанд давж гарсан. Тиймдээ ч мэргэжлээ солиод СЭЗИС-д ороход даалгавар, бие даалт хийнэ гэдэг тоглоом шиг л санагддаг байсан. Хэдэн өдөр нойргүй шахам компьютерын ард суусан ч ядарлаа, хэцүү байна гэж нэг ч удаа бодож үзээгүй. Одоо ч хэвээрээ. 

Бичлэг үзэх:


Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэг. Тэгэхээр бүр олон туулай хөө


Би одоогоор тогтсон хоёр бизнес эрхэлж байгаа. Эхнийх нь “Mountain Brothers Meat” гэсэн махны бизнес бол нөгөөх нь “Magnates” гэсэн нэртэй хамгаалалтын алба ажиллуулдаг. Түүнчлэн байгууллагуудтай хамтарч олон нийтэд зориулсан контентууд, комеди, циркийн бэлтгэл зэргээр сонирхлоороо хэд хэдэн ажил хийдэг. 

Эдгээр ажлаа зэрэг амжуулах хэцүү юу гэж асуудаг хүмүүс бий. Мэдээж хэцүү. Гэхдээ миний хувьд нэг л ажлаа насан туршдаа хийхээс хэцүү зүйл гэж үгүй. 

Үүнийг хархны тойрог гэсэн ойлголтоор тайлбарладаг. “40:40:40”-ийн харьцаа буюу 40 жил, жилд 40 долоо хоног, долоо хоногт 40 цаг нэг л ажлаа хийнэ гэсэн үг. Ингээд л хархны тойрогт орчхож байгаа юм. Ийм замыг сонговол амрах, өвдөх ч эрхгүйгээр л насан туршдаа ажиллах хэрэг гарна.  Ингэж амьдрахыг хүсэхгүй байгаа учраас нэг ажилд хүлэгдэлгүй, өөрийгөө олон салбарт сорьж үзэх зоригтой байдаг юм болов уу. 


Миний ажлын бүтээмж сэтгэл ханамжаар хэмжигддэг 


Надад “Нэг зүйлдээ төвлөрвөл гараас чинь ажил гарах юм биш үү” гэж зөвлөдөг хүмүүс олон. 

Гэхдээ  би ажлын бүтээмжийг сэтгэл ханамжаараа хэмждэг. Өөрийн хүслээрээ сонирхсон ажлаа хийж байгаа гэдэг мэдрэмж сэтгэлд үнэхээр өег. 

Олон ажил хийх тусмаа тэр бүгдээс олон шинэ ур чадвар, туршлага авч үлдэх нь гэж олзуурхдаг. Харин ажлуудаа сайтар төлөвлөж, цагаа зөв хуваарилах нь чухал. 

Нэгэнт л гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрөөх цагаа золиослоод ажиллаж буй учраас өдөр бүрийг үр дүнтэй ашиглаж, өндөр бүтээмжтэй ажиллахын тулд баримталдаг зарчмаа хуваалцъя. 

Нэгдүгээрт, хийж буй ажлаасаа мөнгө олох ёстой;

Хоёрдугаарт, шинэ хүнтэй танилцаж, танилын хүрээгээ тэлэх ёстой;

Гуравдугаарт, өөрийнхөө мэдэхгүй чадахгүй зүйлийг сурах ёстой. Хэрвээ би өглөө ажилдаа гараад дээрх зорилгынхоо ядаж нэгийг нь биелүүлээгүй бол тэр өдрийг хий дэмий өнгөрүүллээ гэж тооцдог.


Аав ээжийн надад зориулсан бүхнийг үнэгүйдүүлэхгүйн тулд хичээж амьдарна


Олон ажил хийнэ гэдэг олон удаа бүтэлгүйтнэ л гэсэн үг. 

“Яах гэж энэ ажлыг эхлүүлэв ээ, би юу хийгээд яваа хүн бэ” гээд шантрах үе бий. 

Яг ийм үедээ дүү нараа хардаг. “Шантрах үедээ дүүгээ хар яагаад хичээх ёстой шалтгаан чинь бүлтийгээд зогсож байгаа” гэдэг дээ. 

Би доороо гурван дүүтэй, айлын ууган хүүхэд. Том дүүгээсээ 10-аад насаар ах учраас дүү нартаа аав шиг нь нөлөө үзүүлэхүйц хүн гэж боддог. Тэгэхээр дүү нарынхаа нүдэнд муу явахгүй гэж л хичээдэг. 

Аав ээж маань биднийг өсгөх гэж бүхий л амьдралаа зориулсан байхад тэр бүх хөдөлмөрийг нь үнэгүйдүүлэхгүйн тулд хичээж амьдрах хэрэгтэй гэж боддог доо.

Ажиглаад байхад залуус асуудал тулгарахад “Асуудлын шалтгаан нь би юм биш үү” гэж бодохгүйгээр аль болох л өөрөөсөө түлхэхийг хүсдэг. “Ажлынхан болохгүй, төвлөрөх орчин бүрдэхгүй байна” гэдэг ч юм уу, бүр цаашлаад “Энэ 76 чинь боломж хулгайлж байна” гээд  гомдоллоод байдаг хүмүүс байдаг шүү дээ. Минийхээр  асуудлыг бусдаас гэхээс түрүүлж өөрөөсөө хайх нь хамгийн зөв шийдэл.