ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  

Хурлын үеэр тэрбээр “ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газраас он гарсаар нэлээдгүй ажиллагаа зохион байгуулж, хар тамхитай тэмцэж байна. Бид цаг тухай бүрт нь мэдээлж байгаа. Учир нь энэ асуудлыг бүх нийтийн анхаарлын төвд оруулах нь маш чухал байна. Залуучууд хар тамхинд донтож байгаа асуудлыг таслан зогсоох, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх асуудлыг хамтдаа хийх үүднээс олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа. 

2018 оны тавдугаар сард л гэхэд хар тамхитай холбоотой 21 холбогдогчтой найман хэргийг илрүүлэн шалгаж байна.

Зарим хэргийг дурдвал:

2018 оны тавдугаар сарын 04-05-нд шилжих шөнө өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шүүхээс хоёр удаа шийтгүүлж байсан 38 настай Ч гэгч нь 29 настай Б-тэй хамтран хар тамхи мансууруулах бодис хууль бусаар олж авч, хэрэглэж байхад нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс дайчлан баривчилсан. Ч гэгч нь 2018 оны хоёрдугаар сард ялын хугацаа дуусч суллагдсан этгээд.

2018 оны тавдугаар сарын 22-нд мансууруулах төрлийн ургамал болох марихуаныг хууль бусаар гэртээ тарьж ургуулсан Монгол Улсын иргэн 23 настай Б,Д нарыг Хан-Уул дүүрэгт гэртээ байхад нь дайчлан баривчилж, их хэмжээний ургамал тарьж байсныг таслан зогсоож, эд мөрийн баримтаар хурааж аван шалгаж байна.

2018 оны тавдугаар сарын 25-нд Монгол Улсын иргэн 31 настай О, 33 настай А, 36 настай Т нарыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. А,Т нар нь хуулийн байгууллагад ажиллаж байгаад хар тамхины хэрэгт холбогдон шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. О гэгч нь уг гэмт хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан этгээд байгаа.” гэв.