Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг Сүхбаатар, Дорноговь, Хөвсгөл, Завхан зэрэг 6 аймагт тус тус ажиллаж, малчин эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийжээ.

ХЭҮК-ын Ажлын хэсэг малчин эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцах, судалгаа авах, тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага, статистик, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, эрүүл мэндийн байгууллага, аймаг, сумдын Засаг дарга нар, Хамтарсан баг, иргэний нийгмийн байгууллагууд, өмгөөлөгч зэрэг холбогдох төлөөллөөс мэдээлэл цуглуулах, үйл ажиллагаатай танилцах зэрэг замаар мэдээлэл цуглуулж ажилласан байна.

Судалгаагаар алслагдмал орон нутагт малчин эмэгтэйчүүдийн эрх зөрчигддөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалингаар ажилладаг зэрэг зөрчил илэрсэн байна. Тухайлбал хүчирхийлэлд өртсөн үед дуудлага өгсөн эсэхийг санал асуулгад оролцсон 225 малчин эмэгтэйгээс тодруулахад 80 хувь нь мэдэхгүй, 14,6 хувь нь үгүй, 5,3 хувь нь тийм гэж хариулжээ. Цагдаагийн дуудлага өгөхөд цагдаа ирсэн эсэхийг асуухад 406 малчин эмэгтэйгээс 351 нь хариулаагүй байна. Харин 55 малчин эмэгтэй 7,3 хувь нь ирсэн, 6,2 хувь нь ирээгүй гэжээ.

Эмэгтэйчүүдээс яагаад хүчирхийллийн асуудлаар хэн нэгэнд хандаагүй талаар тодруулахад санал асуулгад оролцсон 631 малчин эмэгтэйгээс 130 нь дараах хариултыг өгчээ.

-Гэр бүлийн нэр төрөө бодсон 51 

-Дахиж зодож дарамтлахаас айсан 14

-Өмнө нь цагдаад хандсан, ямар нэмэргүй байсан 10

-Хаана хэнд хандахаа мэддэггүй байсан 9

-Хэн нэгэнд хэлэх боломжгүй байсан /утас байхгүй, цэнэг дууссан, хэлэх хүн байгаагүй/14

-Ер нь ийм зүйл байх ёстой гэж бодсон  гэж 4 хүн хариулжээ.

Мөн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй нь судалгаагаар гарчээ. Шалтгааныг тодруулахад эмч эмнэлэгийн ажилтнуудын харилцаа хандлага тааруу мөн нууц хадгалж чаддаггүй, мал маллах хүн цөөтэй тул эмнэлэгт үзүүлэх боломжгүй гэж хэлсэн байна.